УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

 

Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 23 гишүүн Оюутолгойн гэрээний хүрээнд хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг тавиас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх шаардлагыг дахин хүргүүлж байна. Энэ шаардлагыг өнгөрсөн жил УИХ-ынн эр бүхий гишүүд хүргүүлж байсан юм.

Өнөөдрийн шаардлагын хариуг ирэх сарын 5-ны дотор ирүүлнэ үү гэсэн байлаа.  

Өнөөдрийн хэвлэлийн хуралд бие даагч нар болон “Шударга ёс” бүлгийн гишүүд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцсон. Тэд өөрсдийн байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал

Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг үзэглэснээс хойш гурав, дээрх шаардлагыг хүргүүлснээс хойш нэг жилийн нүүр үзэж байна. Бид хөрөнгө оруулалтыг харилцан үр ашигтай байлгая. Өнөөгийн гэрээ хэт нэг талыг барьсан. Дөрвөн Эрдэнэт, 25 Бороо голдтой тэнцэх хэмжээний баялагтай газар. Гэрээгээр 2030 он болтол нэг ч төгрөг Монголд орж ирэхгүй. Мөн гэрээний 9.13 дээр экспортолсон бүх орлогоо гадаадад хадгална гэдэг нь ноцтой заалт бий. Тиймээс энэ болон бусад асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Г.Уянга: Гэрээний хүрээнд гүний усыг үнэ төлбөргүйгээр ашиглуулдаг. Тэгтэл Монголчуудад гүний усыг зардаг. Үүнийг эсрэгээр нь шийдэх ёстой.

С.Ганбаатар: Монголын Засгийн газар гэрээг цуцлах гэж оролдвол Арбитрийн шүүхэд дуудагдана. Өөрөөр хэлбэл гэрээнд өөрчлөлт оруулах эрх зүйн гарц байхгүй. Тиймээс Монголчууд хэлэлцээрт орж, үндэсний шинжээчдийн дүгнэлтийг гаргуулах нэн тэргүүний шаардлага гараад байна. Үүнээс гадна гэрээнд анхаарч үзэхээр цөөнгүй зүйл, заалт байгаа. Миний хувьд гэрээг байгуулсан С.Баярцогтыг дахин дуэльд дуудаж байна.

Х.Болорчулуун: Монголын бүх сэхээтэн энэ гэрээг уншиж, дуу хоолойгоо нэгтгээсэй гэж хүсэж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Юутай ч Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Дараа нь УИХ-ын чуулганаар асуудлыг оруулах гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top