Төрийн албаны зөвлөл үү, нийтийн үйлчилгээний комисс уу?

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

  

Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газраас шинэчлэлийн салхийг иргэд хүсэн хүлээж байна. Чухамдаа хөгжил хувьслын хөдөлгөгч хүч нь хүн өөрөө байдаг.

Хүнээ хөгжүүлэхийн жишгийг хувийн хэвшлийнхэн үлгэрлэж буй энэ цагт, төр нь хувийн хэвшлийнхэндээ мэдлэг, чадвартай, оюунлаг “тархиа” алдахгүйн тулд тэднээс дутахгүй цалин хангамж амалж өрсөлдөх болсон энэ үед Монголын төр хүнийхээ хөгжлийн талаар дутуу дулимаг бодлогтой явж иржээ. Төрийн албан хаагчдын мэдээллийн нэгдсэн тогтолцоо гэж байхгүй, мэдлэг чадварын судалгаа, хөгжлийн стратеги нь бүр ч тодорхойгүй. Хэнийг хэзээ сургах, ямар албан тушаалд бэлтгэх, яаж сэлгүүлэн ажиллах хийгээд урамшуулах тухай хэнд ч төсөөлөл болон төлөвлөгөө байхгүй. Ерөнхий сайдууд маань Засгийн газрынхаа ажилтнуудын мэдлэг чадварын түвшинг мэддэггүй, тэдний хөгжлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж байгаагүй сульдсан Засгийн буурь шинэ удирдлагуудаа хүлээж авлаа. 

Монголчууд төрийн “хар хайрцагны бодлого”-ын тухай ярих дуртай. Ард иргэд ч чухам энэ бодлогыг төрийн түшээдэд сануулж, бас нэхэж байдаг. Тэгвэл тэрхүү хар хайрцагны бодлогынх нь үндэс болсон боловсон хүчний хөгжлийн бодлого Засгийн газарт алдагдчихаад удаж байна.

Чухам яагаад төр маань хүнийхээ хөгжлийн бодлогоор компаниас доор орчихдог байна?  Хариулт нь, 2002 онд батлагдсан “Төрийн албаны тухай” хуулиар Төрийн албаны зөвлөлийг байгуулж “төрийн албаны удирдах” байгууллага болгон холбогдох эрх мэдлийг шилжүүлсэнд байгаа юм. Засгийн газрын хүний нөөцөө мэдэж, удирдаж, хөгжүүлэх чиг үүргийг Засгийн газраас ангид ажилладаг байгууллага удирдах болжээ.  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33-р зүйлийн ЗГХЭГ-ын эрхлэх ажлын хүрээнд “хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж үүнтэй холбогдсон тэргүүний арга барилыг нэвтрүүлнэ” гэж заасан ч Төрийн албаны тухай хуулиар /35.1-д заасан / төрийн албаны удирдлага, бодлого арга зүйгээр хангахаас эхлээд сонгон шалгаруулах, хянаж шалгах, арга зүйн удирдлагаар хангах хүртэл хүний нөөцийн удирдлагын А-Я хүртэлх бүх чиг үүрэг Зөвлөлд хамаарагдаж байна.

Төрийн албаны тухай хуулиар олгогдсон эдгээр 16 чиг үүргийг шинжлэн үзвэл 10 гаруй нь Засгийн газрын хийх ёстой ажил байгаа юм.

Аливаа улс орон тэр дундаа төрийн захиргааны шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхийг зорьж байгаа улс орны гол хүч бол боловсон хүчнийх нь хөгжил байдаг. Тиймээс төрийн үйлчилгээг үр ашигтай хэрэгжүүлж чадах хүний нөөцийн бодлогоо тодорхойлж, хөгжүүлж, удирдаж байх үүргийг Засгийн газар хүлээдэг. Гэтэл Төрийн албаны зөвлөлд энэ чиг үүрэг очсоноор хүний нөөцийн удирдлагыг хангах бүтэц, зохион байгуулалт Засгийн газарт байхгүй болжээ. Нөгөө талаар Засгийн газраас ангид ажиллах төрийн албаны удирдах байгууллага нь төрийн албан хаагчдийн сургалтын эрэлт, хэрэгцээг мэдрэх улмаар бодлогын удирдлагаар хангах боломж байхгүй.

  Төрийн албаны зөвлөл маш олон чиг үүрэгт дарагджээ. Үнэндээ арваадхан хүн бүхэл бүтэн төрийн албаны удирдлагыг Засгийн газраас нь ангид хэрэгжүүлж чадна гэж үү?

Чухам тиймээс л Төрийн албаны зөвлөл байнга эрх мэдэл нэхдэг, бүтэц орон тоогоо томруулахыг хүсдэг. Харин тэд тогтолцооны гажуудлыг олж харж чадсан эсэх нь эргэлзээтэй. Зөв юмыг хийх эсвэл юмыг зөв хийхийн хоорондын ялгааны тухай бид ярьж байна. Төрийн албаны зөвлөлд мэдлэг, чадвартай, шударга ажилтнууд олон байгаа нь эргэлзээгүй. Тэд цаг, наргүй ажилладаг. Гэхдээ яаж ч хүнээ нэмээд орон тоогоо томруулаад төрийн албаны удирдлагыг хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл зөв юмыг хийхийн оронд юмыг зөв хийх гээд зүтгээд байгаад л асуудал байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “...Төрийн албаны зөвлөлийг татан буулгах хэрэгтэй” хэмээн УИХ-ын Чуулганы индэр дээрээс шулуухан хэлээд авсан.  Гол нь Монгол төрийн төлөө ажиллах гэсэн иргэдээ намаар нь, найз нөхдөөр нь, ураг төрөл, ус нутгаар нь ялгаварлаж бас дээр нь шударга бус сонгон шалгаруулалтаар тушаал дэвшүүлдэг энэ байдалд ард иргэд дургүйцэж байгаа. Төрийн алба олон нийтэд нээлттэй биш харин дарга нарт үйлчилдэг болсонд л иргэд эгдүүцэж байгаа. Тэр эгдүүцлийг л Ерөнхийлөгч илэрхийлсэн хэрэг.

Төрийн албаны зөвлөлийг татан буулгах асуудал өнөөдрийн УИХ-ын анхааралд ороод байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ч энэ тухай дурдагдсан байсан. Засгийн газрын эрхлэх ажлын хүрээнд хүний нөөцийн удирдлагын чиг үүргийг нь буцаан өгөхөөс өөр арга ч байхгүй. Ингэснээр Засгийн газар төрийн захиргааны болон төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хамтад нь удирдан хэрэгжүүлэх, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх боломжтой болно. ЗГХЭГ-т хүний нөөцийн удирдлагын бүтцийг байгуулж төрийн албаны шинэтгэл, хөгжлийн асуудлыг удирдуулах нь шинэтгэлийн эхлэл цэг байх болно.

Харин дараагийн нэн яаралтай шийдэх асуудал бол олон улсад байдаг тэр л жишгээр “Нийтийн албаны комисс”-ыг УИХ-аас байгуулах тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл төрийн албаны зөвлөлийг дахин инженерчлэх замаар “байх ёстой зүйлийг байранд нь тавих”  ажил хүлээгдэж байна. Нийтийн албаны комиссын гол үүрэг бол “мерит” тогтолцоог хамгаалж, төрийн албыг улс төрөөс ангид байлгах  “манаачийн” үүргийг хариуцдаг.

Ингэж чиг үүргийг салгаж өгсөнөөр Засгийн газар төрийн албаны хүний нөөцийн хөгжлийн бодлогоо боловсруулах, удирдах ажлаа хийнэ. Харин Нийтийн албаны комисс хууль бус томилгоо ба ажлаас чөлөөлөх, халах асуудлыг мөрдөн шалгаж улс төрийн нөлөөлөл орсон эсэхэд үнэлгээ хийх үүрэгтэй болно.

Олон улс оронд төрийн албыг “нийтийн” хэмээн нэрлэдэг. Нийтийн хэмээн нэршсэн учир нь энэ алба хэн нэгний өмч биш, нийтэд нээлттэй гэсэн утга агуулдаг. Монгол Улсын иргэн бүр нийтийн албанд ажиллах эрх нь нээлттэй. Ганцхан шалгуур байх ёстой энэ бол мэдлэг, чадвар, туршлага болон бусад шаардлагыг хангасан байх явдал юм.

Мерит зарчим гэдэг бол хэн илүү мэдлэг, чадвартайг нь шалгаруулан төрд ажиллуулах тухай ойлголт. Тиймээс Нийтийн албаны комиссын үүрэг бол нийтийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгаж сахин манах “хоточ нохойн үүрэг” хүлээнэ. Комисс албан хаагчдын сонгон шалгаруулалт явуулах, томилох, аудит хийх, мөрдөн шалгах, тайлагнах зэрэг цомхон ажил үүрэгтэй байх нь зөв болов уу.

Зарим улсад тухайлбал Канадад удирдах албан тушаалтныг Комисс томилох эрхтэй байдаг. Гэхдээ энэ эрх хэлбэр төдий бөгөөд амьдрал дээр томилох эрхийг Яамдын дэд сайдад /манайхаар бол ТНБД/  өгдөг. Эхлээд сонгон шалгаруулалт зохион байгуулах ба томилгоо хийх аргачлалыг боловсруулж удирдлагуудыг сургаад дараа нь эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх эрх мэдлийг шилжүүлэн өгнө. Ингэснээр “менежерт удирдах эрхийг өгөх” шинэтгэлийн зарчмыг хангаж байгаа хэрэг.  Гэхдээ болзолтой. Эрх мэдэл шилжүүлэн авсан менежерүүд Комиссын өмнө тайлагнах үүрэг хүлээнэ. Комиссын өмнө үүрэг хүлээнэ гэдэг Парламентын өмнө үүрэг хүлээж байна аа гэсэн үг.

Ардчилал бол “манаачийг манах” тогтолцоо. Хэрвээ бид ардчиллын манаач болсон институцуудыг бас давхар манаж байхгүй бол нийтийн эрхийн төлөө биш эрх мэдэлтэй хэдхэн хүний төлөө ажиллаад эхэлдэгийг өмнөх гашуун туршлага харуулсан. Тиймээс өнөөдрийн УИХ-аас  жинхэнэ утгаараа бие даасан, хараат бус ажиллаж чадах Нийтийн албаны комиссыг байгуулах шаардлагатай болоод байна.

Нийтийн албаа улс төрөөс ангид байлгах асуудал бол улс орон бүхний түүхэндээ туулдаг зовлон нь байсан юм. Бид ч гэсэн энэ л зовлонг туулж байна. Сайн тогтолцоог бүрдүүлэх бол өөрчлөлтийн үндэс. Манаачийг манах тогтолцоогоо бүрдүүлсэнээр нийтийн алба улс төрчдийн “бялуу хуваах” зарчмаас ангид ажиллаж эхэлнэ. Засгийн эрхэнд хэн ч гарсан бас явсан тогтолцоо ажилласаар байх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top