2012 онд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг 15 хувьд хүргэхээр тусгасан ч зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэл гараад байгаа ажээ. Эдийн засгийн өсөлт 12.5-13.5 хувийн хооронд хэлбэлзэж, улмаар ДНБ-ий хэмжээ нэрлэсэн үнээр 13.6 их наяд төгрөг болохоор байгаа нь 2012 оны төсөв батлагдах үед тооцож байсан хэмжээнээс /16.1 их наяд/ буурч улмаар төсвийн алдагдал 5 хувиас хэтэрч болзошгүй байна. Иймд төсвийн алдагдлын тооцоог дахин авч үзэх шаардлага тулгараад байгаа билээ. Тиймээс Сангийн сайд Ч.Улаанаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
- Төсвийн тодотголыг хийхдээ ямар зарчим баримталсан бэ?
- Төсөв бол бодитой байх ёстой гэсэн зарчим барьж байна. Хүсэл мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Тэр тусмаа сонгуулийн мөрөөдлийн амлалт, нөлөөнд автах ёсгүй гэсэн зарчмаар хандаж байна. Бодитой байна гэдэг бол амьдралд ойр, шинжлэх ухааны үндэстэй, санхүү эдийн засгийнхаа үндсэн зарчмуудад захирагдсан мэргэжлийн төсөв байх гэсэн зарчмаар хандаж байна.
- Гишүүдийн гаргаж байгаа саналын зарим нь таны “зорилгоос” бага зэрэг өөр байна?
- Гишүүдийн гаргаж байгаа санал буруу биш. Яагаад гэвэл амьдрал дээр байгаа асуудлуудыг шийдье гэж гарсан. Гэхдээ амьдрал өөрөө өөрийн гэсэн жамтай. Хүсэл хясал хоёр хосолж байдаг. Боломж мөрөөдөл хоёр зөрдөг. Байгаа боломжиндоо яаж асуудлаа шийдэх вэ гэдэг дээр л ур ухаанаа уралдуулж байна.
- Энэ жилийн төсөв цөмөрсөн гэж та ярьж байсан?
- Энэ жилийн төсвийг аваад үзэхэд орлого тал нэлээн цөмөрсөн. Цөмөрсөн гэдэг чинь бага хэмжээгээр дутсаныг хэлэхгүй. Өөрөөр хэлбэл улсын төсвийн орлогын дөрөвний нэг нь орж ирэхгүй болчихлоо. Тийм учраас одоо байгаа бодит амьдрал дээр яаж үйл ажиллагаа, хөгжил дэвшлийнхээ зорилтоо багтаах үүднээс төсөв дээр хандаж байна. Бүгдийг нь хасна танана гэдгийг яримааргүй байна. Эрэмбэ дараагаа зөв олъё, энэ ондоо явуулах ажлаа эрчимтэй явуулаад дуусгая. Ирэх оныхоо объектуудын бэлтгэлийг хангаж байгаад оныхоо эхнээс эрчимтэй явуулъя. Нийтэд нь эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй баахан мөнгө тараагаад байршуулчихдаг, эцэстээ энэ нь үр дүнгээ өгдөггүй. Энэ байдлыг өөрчлөх асуудал яригдаж байна.
-Төсвийн орлого нэг талаас хамааралтай гэлээ. Энэ зарчмаас яаж гарах вэ?
-Мэдээж эдийн засгийн бүтцийг оновчтой болгох хэрэгтэй. Зөвхөн уул уурхайн салбараас хамаардаг байдлыг яваандаа өөрчлөх. Зөвхөн Тавантолгойгоос орж ирэх их хэмжээний орлого орж ирэхгүйгээс болоод л манай эдийн засаг хүндэрч байна. Тийм учраас энэ хамаарлыг цаашид арилгаж олон талт, салбар бүхий эдийн засгийн бүтцэд шилжих учиртай. Нөгөө талаар стратегийн бүтээгдэхүүний үнэ ханш гайгүй байгаа энэ үед эдийн засгийг тогтвортой авч явах тогтворжуулалтыг бүрдүүлэх ёстой. Энэ оны эхэнд тогтворжуулалтын сан овоо бүрдэж байсан. Он гараад энэ ажил доголдоод эхэлсэн байгаа. Эдийн засгийн савалгаа гаргахгүй байх тал дээр анхаарч байна.
- Ирэх жил гэж хойшлуулсан ажлуудын хөрөнгө оруулалтыг олох боломж байгаа юу?
- Шуудхан хэлэхэд байхгүй. Оныг дуустал шинэ боломжийг бий болгоно гэж бодож байна. Гэхдээ бидний бодож байгаагаас хэд дахин их зардал гарч байгаа болохоор хүсэл мөрөөдлөө хязгаарлахаас өөр аргагүй.
- Ямар боломжууд байна вэ?
- Орлогынхоо дутууг нөхөх боломж байна. Үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх, албан татвар нэмэгдүүлэх арга зам байна. Албан татварыг нэмэхдээ орлого талаас нь бус олон ашигтай талыг харах хэрэгтэй. Ирэх жилээс тамхины албан татварыг нэмэгдүүлэхэд бүх нийтийн эрүүл мэндийн асуудал яригдана. Тиймээс ил болон далд байгаа бүх боломжоо ашиглана.
- Тамхины албан татварыг хэзээнээс, хэрхэн нэмэх гэж байна вэ?
- Төсвийн хууль батлагдахаар нэмнэ. Дотоод гадаад татварыг тэгшитгэнэ. Яг энэ тал дээр дотоод, гадаад гэж ялгах ёсгүй гэсэн Дэлхийн худалдааны байгуулагын зарчим байгаа ш дээ.
- Хувьцаагаа бэлэн мөнгөн болгох иргэдийн хүсэлтийг хэрхэх вэ?
- 1.5 сая иргэн хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлтээ тавьсан юм. Үүнийг олгоход 1.5 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Иргэдийн хувьцааг худалдан авах хүсэлтийг гаргасан аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 20 гаруй тэрбум төгрөг цуглажээ. Тэгэхээр хүсэлт гаргасан бүх иргэдийн асуудлыг шийдэх бололцоогүй болоод байна. Тиймээс энэ шийдвэрийг эргэж харах тухай саналыг бэлтгэж байна
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )