Д.Эрдэнэбат: Хүний хөгжлийн мөнгөө аваагүй иргэдэд нөхөж олговол улс орноо хямралд хүргэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Өнөөдөр АН сэтгүүлчидтэй хийдэг 4/11 уулзалтыг уламжлал ёсоор хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн бүх асуултад хариулсан юм.

- УИХ-ын гишүүд дунд танхай, авилгал, хүчингийн хэрэгт холбогдсон хүмүүс байна. Үүнд хэрхэн хандаж байна вэ?

- Төрийн дээд байгууллага гэдэг утгаараа, энд хамгийн нэр хүндтэй, хуулиа дээдэлдэг улс төрчид орох ёстой. Гэхдээ эрх мэдлээр халхавчилж, асуудлыг өөрсдийн талд шийддэг, өөр хоорондоо тохиролцоо үүсгэдэг хүмүүс ч бас бий. Энэ асуудлыг эртхэн шиг арилгахгүй бол арай хэтэрлээ. Тэр авлига, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг холбогдох байгууллагаар нь шалгуулах ёстой гэдэг дээр АН санал нэгтэй байгаа. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон, зохисгүй асуудал гаргасан бол хуулийн өмнө бусадтай адил хариуцлага хүлээх ёстой. УИХ-ын гишүүн гэмт үйлдэл хийсэн нь нотлогдсон, хариуцлагагүй байдал гаргасан нь хуулиар тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ, УИХ-ын гишүүдийг татах тухай асуудлаар хуулийн төсөл санаачилсан, санал авахаар хүргүүлсэн байна лээ.

-У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын зодооны асуудлыг энэ маягаар шийдвэрлэнэ гэсэн үг үү?

-Хувь хүн өөрийгөө хамгаалж болно. Гэхдээ үүнийг улс төрийн зорилгодоо ашиглаж болохгүй. Хоёр хүний хооронд болсон асуудлыг сүүлийн үед хэтэрхий улс төржүүлж, сүүлдээ бүр намуудын хүрээнд хүртэл нь хөөргөж байгаа явдал газар авсан. Бусдыг хэл амаар доромжлох, салаавч гаргах нь хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал. Өмнөх Засгийн газарт ч иймэрхүү маягаар хэрүүл хийж, салаавч гаргаж байсан хүн цөөнгүй. Харин хүн зодох асуудлыг АН-ын зүгээс байж боломгүй үйлдэл гэж үзэн гэмт хэрэгт тооцож байгаа. Үүнийг хувь хүний ёс зүйтэй хольж хутгах нь хамгийн гутамшигтай зүйл болно. Тиймээс энэ хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэх биз ээ. Ер нь эх орон минь ямар байх нь төрийн эрх барих дээд байгууллага болон улстөрчдөөс ихээхэн шалтгаална.

-АН яагаад Орон нутгийн сонгуулийн тухай хуулин дээр улс төржөөд байна вэ?

-Хорооны засаг дарга өөрийнхөө бүртгэлд 30 гаруй хүнийг хамруулж, халамжийн мөнгө луйвардсан тохиолдол гарсан нь үнэн. Энэ байдлыг арилгахын тулд Нийгмийн халамж, даатгалын тухай хуулийг босоо удирдлагатай болгох талаар хэлэлцэж байна. Нэгдсэн бодлогыг удирдах асуудлыг нутгийн удирдлагын асуудалтай холбож ойлгох хэрэггүй. Орон нутагт Засаг дарга нарыг өөрсдийн хамаатан садан юмуу аль эсвэл намын харьяаллыг нь харгалзан сонгож буй явдлыг таслан зогсоохыг хичээж байна. Багагүй хугацаанд үргэлжилсэн энэ явдал Засаг дарга нар өөрсдийн хамаатан садан, ойр дотны хүмүүст халамжийн мөнгийг олгох, бүр хулгай хийдэг асуудлыг даамжруулсан.

-Дэд сайдуудын томилгооны хувьд?

-Шат шатаараа зохицуулагдах асуудал. Бидний өмнө тулгарсан хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, хавтгайрсан халамж, дотоодын үйлдвэрүүд, шүүх цагдаагийн байгууллага, авлига, хүнд суртлыг арилгахын тулд Төрийн албыг Нийтийн алба болгохоор хэлэлцсэн. 2016 он гэхэд үндсэн концепц маань иргэн рүүгээ хандсан чиглэлтэй болно гэсэн үг.  

-Эмэгтэй гишүүдийн зүгээс төрөх эмнэлгийн барилга болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний асуудалд анхаарал хандуулж байгаа?

-Улсын хэмжээнд жилд дунджаар 60-65 мянган төрөлт бүртгэгддэг. Гэтэл цөөхөн тооны төрөх эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй, эх үрсийн эрүүл мэндийн асуудал хөсөр хаягдах дээрээ тулаад байгаа. Тиймээс эмэгтэй гишүүд архины онцгой албан татварыг нэмэгдүүлж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 1100 төгрөгийг 2300 болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ асуудлыг Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хороон дээр хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар болсон.

-Оюутолгойн асуудлаар зарим гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ талаар?

-Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна шүү дээ. Сайдууд ажлаа хүлээн авч, шийдвэрлэх алхмуудаа хийх гэж буй энэ цаг үед тэдний хүргүүлсэн асуудлыг шаардлага гэх нь зүйд нийцэхгүй. Угаасаа АН-ын мөрийн хөтөлбөрт Оюутолгойн гэрээний асуудлыг хэрхэн тусгасан, энэ байр суурин дээрээ одоо хүртэл байж л байна. Тэр шаардлага гээч зүйлээ Сү.Батболдын Засгийн газарт хүргүүлж байсан юм билээ. Шинэлчлэлийн Засгийн газар байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзэж байхад ийм асуудал гаргаж байгаа нь ойлгомжгүй санагдсан. Мэдээж хэрэг, бид намынхаа мөрийн хөтөлбөрт ойлгомжтой байдлаар тусгасан асуудлыг анхааралдаа авч, алдаатай зүйл заалтуудыг нь засч залруулахын төлөө ажиллана. Энэ асуудалд бусад намууд ч гэсэн адилхан хандах байлгүй дээ.

-Хүний хөгжил сангаас олгож байсан 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд яах вэ. Энэ мөнгийг нөхөж өгөхгүй гэсэн нь ямар учиртай юм бол?

-Энэ бол өмнөх Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил. Хүний хөгжил сангаас олгож байсан 21 мянган төгрөг өнгөрсөн зургадугаар сард дуусгавар болсон шүү дээ. Хүний хөгжил сангаас энэ мөнгийг дахин олгох боломжгүй. Амласан мөнгөө ард иргэдэд тараахын тулд өмнөх Засгийн газар өр зээл тавьж, бүр сүүлдээ төсвийн зээл рүү хүртэл орсон шүү дээ. Ийм байдлаар улс орноо санхүүгийн хямралд оруулах ажлыг бид хийхгүй. 2013 онд Хүний хөгжил санг хуулийн дагуу бүрдүүлэн, стратегийн орд газруудаас орж ирсэн мөнгөний ногдол ашгийг ард иргэддээ олгох маягаар энэ ажлыг үргэлжлүүлж болно. Нийгмийн хамгаалал, халамжийн тухай асуудал хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх ёстой. Энэ ч утгаараа, бид сар бүр хүүхдэд 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөгийн үлдэгдлийг нөхөж өгнө.

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top