Х.Тэмүүжин: Х.Баттулга сайд болсны хувьд өөрийнх нь компани энэ дөрвөн жил ашиггүй ажиллах ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй сонирхлын зөрчлийн  хуулийн талаар болон цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Та өмнөх дөрвөн жилд УИХ-ын  гишүүн болсон цагаасаа эхлээд улс төрчдийн болон төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчлийг ярьсаар ирсэн. Дөрвөн жил тэмцэж, сайн муугаараа хэлэгдсэний эцэст сонирхлын зөрчлийн хуулийг батлуулж чадсан. Энэ хуулийн утга агуулга нь юу юм бэ?

-Авлигатай тэмцэнэ гэдэг авлигын хэрэг гарсны дараа шалгаж хариуцлага тооцохоос илүүтэйгээр авлигын хэрэг гарахаас өмнө нөхцөл байдлыг засч авлигаас урьдчилан сэргийлэх том ажлыг зохион байгуулах ёстой.   Монгол улсад авлига  хавтгайран бүх нийтийг хамарсан нийгэмд байх ёстой үзэгдэл шиг хэвшээд  байгаа юм бэ гэхээр бид авлигыг бий болгоод байгаа хөрсийг ер янзлаагүй байсан. Авлигад таатай хөрс байгаад л байх юм бол авлига хорт ургамал шиг цэцэглээд ургаад л  байна. Авлигыг бий болгоод байгаа хөрс нь юу юм бэ гэхээр ашиг сонирхлын зөрчил гэж тодорхойлоод байгаа тэр зүйл. Ямар нэг албан тушаалтан нийтийн ашгийн  төлөө үйлчлэхээс илүүтэй тэр  эрх мэдлийг хувийнхаа ашгийн төлөө ашиглаж болох нөхцөл байгаад байвал авлига байнга л гараад байна гэсэн үг. Энэ үүднээс ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах  тусгай хууль гаргасан юм. Дэлхий нийтэд  гурван туршлага байгаа.  Хууль зүйн тогтолцооныхоо хувьд Англи Америкийн болон Ром  Германы буюу эх газрын гэж хэлж болохоор  хоёр тогтолцоо байгаа . Англи Америкийн маягийн соёлтой, хууль зүйн тогтолцоотой  улс оронд  ашиг сонирхлын зөрчлийг  ихэнхдээ хувийн буюу хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг.  Тодорхой албан дээр  хэн нэгэн хүн ажилд орох гээд ирэхэд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ийм ийм зүйл гарах юм бол энийг чинь ашиг сонирхлын зөрчил гэж үзнэ шүү. Өөртэй чинь ингэж хариуцлага тооцно шүү гэдэг байдлаар зохицуулж байгаа юм. Ром Германы эрх зүйн тогтолцоо гэж хэлдэг,  ардчилал урт хугацаанд тогтчихсон улс орнуудын хувьд салбарын хуулиудаар зохицуулдаг. Төрийн албаны хуулиар, шүүхийн хуулиар ер нь тухайн ажилтан аль салбарт ажиллаж байна тэр салбарынх нь хуулиар зохицуулдаг.  Манайх шиг пост коммунист улс оронд хөдөлмөрийн гэрээгээр  зохицуулах ямар ч боломжгүй, салбарын хуулиар зохицуулах гэхээр хавтгайрчихсан үзэгдэл учраас бүрэн дүүрэн шийдэж чаддаггүй.  Гурав дахь  загвар сүүлийн арван хэдэн жил гарлаа л даа. Тусгайлсан хуулиар зохицуулдаг. Шүүгч байна уу, прокурор байна уу, төрийн захиргааны албан хаагч байна уу  улс төрч байна уу ялгаагүй. Ерөнхий нэг том хууль гаргаж байгаад ашиг сонирхлын зөрчил гэж энийг хэлнээ. Та бүгдэд ийм зарчим үйлчилнэ. Ийм нөхцөл байдалд орох юм бол та нар мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцно гэдэг ч юм уу. Ийм байдлаар зохицуулдаг загварыг  бид авч ашиг сонирхлын зөрчлийн хуулийг тусгайд нь гаргасан. Энэ хууль бол авлига гэдэг үзэгдлийг бий болгох өмнөх нөхцлийг  зохицуулж байгаа  урьдчилан  сэргийлэх зорилготой хууль.

-Ашиг сонирхлын хууль гарснаар яг ямар  үзэгдлүүд, үйлдлүүд, үр дагаварууд арилах вэ? Хээл хахуулийг яг яаж багасгах вэ? Албан тушаалаа ашиглаад байгаа, хүнд суртал үзүүлээд байгаа албан хаагчдын  үйлдлүүдийг яаж хязгаарлах вэ? Та тодорхой  зүйл заалтуудааар  тайлбарлаад өгөхгүй юу?

-Ашиг сонирхлын хууль гарснаар хориглолт хязгаарлалттай холбоотой  40-өөд зүйл байж байгаа.  Бүлгээрээ ярих юм бол арван хэдэн зүйл бий. Энэнд юу дурьдагдсан байна вэ гэвэл нийтийн албан тушаалтан албаны журмаар авсан мэдээллээ албан үүргээсээ гадуур ашиглахыг хориглоно гээд заачихсан байгаа. Тендерийн комисст орсон хэн нэгэн тендер зарлахтай холбоотой шалгуур мэдээллүүдийг  нийтэд  зарлахаас өмнө  бусдыг нь хэн нэгэнд албан бус хэлбэрээр аваачиж өгөхийг хорьсон. Тэрийг хийх юм бол энэ бол сонирхлын зөрчил хийлээ гэж хариуцлага тооцно. Жишээ нь: Нийтийн албан тушаалтан бизнесийн сурталчилгаанд орохыг хориглочихсон. Мэргэжлийн хяналтын нэг байцаагч нэг компанийн бүтээгдэхүүнийг “Энэ л хамгийн сайн шүү” гээд сурталчилаад эхлэх юм бол тэр албан тушаалтан төрийн нэр хүндийг хувийн бизнест ашиглаж байнаа гэдэг хэлбэрээрээ хариуцлага хүлээж эхэлнэ. Зар сурталчилгаатай холбоотой, эсвэл шийдвэр гаргалтан дээр. Мэргэжлийн хяналтын байцаагч өөрийнхөө хяналт хэрэгжүүлдэг нутаг дэвсгэр дээр өөрийнх нь эхнэрийн юм уу дүүгийнх нь хоолны газар ажилладаг  бол тэр газруудыг шалгах эрхгүй. Тэгвэл  сонирхлын зөрчил үүснэ. Яагаад гэвэл дүүгийнхээ газрыг шалгахдаа аль болохоор зөрчил дутагдлыг нь нуух гэж оролдоно. Дүүгийнхээ үйлчилж байгаа нөгөө өрсөлдөгч нарыг нь дарамтлаад байж магадгүй байхгүй юу. Тийм учраас өөрийнх нь эрх ашиг хамааралтай этгээдтэй холбоотой асуудлуудаар засаглалын чиг үүргийг хэрэгжүүлэхгүй гэх мэт заалтууд бий. Зөвхөн захаас нь дурьдаж байна. Төлөөлөлтэй холбоотой, шийдвэр гаргалттай холбоотой, хэрэг шалгалттай холбоотой маш олон хязгаарлалтууд байгаа.

-Яг ямар хариуцлага хүлээх вэ?

-Сонирхлын зөрчлийн хуулиар гурван хариуцлага заасан байгаа. Цалинг нь гурван сар хүртэлх хугацаагаар 30 хувь бууруулах, албан тушаал бууруулах, нийтийн албанаас зайлуулах хариуцлага бий.

-Төрийн албан хаагчид хөрөнгө оруулгын мэдүүлгийн журмыг батлуулаад мөрдөж байгаа. Энэ гарч ирсэнээр яг мөрдөгдөж байгаа юу. Амьдрал дээр арай л өөр байна ш дээ. 5000 долларын цув өмсчихсөн, 30 мянган долларын цүнх барьчихсан, 100 мянган долларын машин уначихсан сайдыг хөрөнгө орлогын мэдүүлгээ зөв өгсөн гэж үзэх үү?

-Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах гэдэг бол нэг хэрэг. Гаргасан мэдүүлэг нь үнэн зөв байна уу гэдгийг шалгах  гэдэг өөр хэрэг. Шалгах нь АТГ-ын үйл ажиллагаа.  Хүмүүсээс хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн 08 дугаар сарын 15-нд л анх удаа авч байна. Хөрөнгө орлогын мэдүүлгийг дөрөв дэх жилээ авах гэж байна. Ямар ч байсан төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхолтой холбоотой, хөрөнгө орлоготой холбоотой юмыг мэдүүлдэг соёл руу орж байна. Өмнө нь хэн ч мэдүүлдэггүй байсан. Одоо бол албан ёсоор гарын үсгээ зураад хөрөнгө орлогын мэдүүлэг гараад байна. Гарын үсэг зурсан хөрөнгө орлогын мэдүүлгэнд ороогүй өөр юм байвал хариуцлага гэдэг юм бий болох нь ээ. Үүнийг шалгадаг байгууллага Авлигатай тэмцэх газар. АТГ энэ ажлаа сайн хийж байна уу, муу хийж байна уу нэг хэрэг. Энэ бол хууль сайн байна уу  муу байна уу гэдэг ердөө биш. Чиг үүргээ биелүүлж байгаа эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хүмүүс яг энэ үйл ажиллагааг явуулж чадаж байна уу гэдэг асуудал байна. Ашиг сонирхлын зөрчлийн хууль батлагдсантай холбоотойгоор АТГ-ын боловсон хүчний тоог нэмэх, тодорхой хэмжээний төсөв санхүү нэмэх асуудал яригдаад дөнгөж сая л төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдэж байна. Хууль батлагдсан, үүнийг хэрэгжүүлэх зохион байгуулахад ажиллаж байгаа ажил жаахан сул байгаа нь учир дутагдалтай байна гэж харж байгаа.

- Энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэв?  Үр дүн хэр байна?

- Сонирхлын зөрчлийн хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжсэнтэй холбоотой 08 дугаар сарын 15-наас төрийн албан хаагчид мэдүүлгээ гаргасан. Мэдүүлэг гарсантай холбогдуулан АТГ энэ мэдүүлгүүдийг шалгаж эхэлж байна. Процесс эхэлж байгаа учраас үр дүнг одоохондоо хэлэхэд эрт байна.

-Сонирхлын зөрчлийн хуулинд   тухайн  салбарт бизнестэй  хүн шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалд очвол сонирхлын зөрчилтэй байна гэж үзнэ гэсэн.  Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга  Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон.  Тэрбээр “Мах импекс”, “Талх чихэр”, “Милл хаус” компанийн эзэн. Хувьдаа гурилын үйлдвэртэй, махны үйлдвэртэй, талхны үйлдвэртэй.  Энэ чинь ашиг сонирхлын зөрчил биш үү?

- Х.Баттулгад ийм ийм бизнес байнаа. Тэгсэн энэ хүн сайд болчихлоо. Тэгэхээр энийг тодорхойлохын тулд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гэдгийг Авлигатай тэмцэх газар  авч байгаа. АТГ уг мэдүүлгийг шалгаад “Энэ хүн одоогоор  Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүн дээрх компаниудтай  холбоотой шийдвэр гаргах юм бол ашиг сонирхлын зөрчил үүснэ”. Сануулж байна Х.Баттулгад. Бүр тодруулбал “Та “Мах импекс”, “Талх чихэр”, “Милл хаус” зэрэг өөрийнхөө хувь эзэмшдэг, өөрийн компаниудад  холбоотой шийдвэр гаргахгүй шүү. Тийм  шийдвэр гаргах юм бол хамгийн түрүүнд асуудал тавигдана. Тэр шийдвэртэй холбоотой ашиг яригдах юм бол та хээл хахуулийн хэргээр сууна шүү” гэж.

Ер нь сонирхлын зөрчилтэй байна гэдэг болж байгаа процессийг хэлнэ. Одоогоор бол сонирхлын зөрчил үүсээгүй байна. Гэхдээ сонирхлын зөрчил үүсч болзошгүй байгаа учраас гээд сануулаад хэлчихэж байна ш дээ. Ашиг сонирхлын  зөрчлийн хуулийн  урьдчилан сэргийлэх хуулийн гол зохицуулалт энэ  л дээ. Гэхдээ нэг зүйл дээр бид зохицуулалт олж чадаагүй байгаа. Бусад улс орнуудад ч адилхан.  

-Тэр нь юу байх вэ?

-УИХ-ын гишүүнийг яах вэ, парламентийн гишүүдийг яах вэ. Яагаад гэвэл ард түмнээс мандат авчихсан.  Ард түмний сонголтыг та нар буруу сонгосон байна гэж унагаж өөрчилж болохгүй байхгүй юу. Тэгэхээр УИХ-ын гишүүнийхээ хувьд гаргаж байгаа шийдвэрийг бид хянаж чадахгүй.

 УИХ-ын гишүүний хувьд өөрийнх нь хувь эзэмшдэг юм уу, үйл ажиллагаатай нь холбоотой  компанид хяналт шалгалт хийхийг, үйл явцад оролцохыг нь хориглочихож байгаа юм. Харин санал өгөх эрхийг нь  хориглож чадахгүй байгаа байхгүй юу. Яагаад гэвэл санал өгөх эрх нь зөвхөн тэр гишүүний эрх биш ард нь сонгогчдын эрх.  Засгийн газрын гишүүнийг бол хорьчихож байна.  “Милл хаус” гээд гурилын үйлдвэртэйгээ холбоотой шийдвэрийг Х.Баттулга гаргалаа. Энэ шийдвэр нь энэ гурилын үйлдвэрт ашигтай байна гэж өрсөлдөгч компани гомдол гаргаад л ирэх юм бол АТГ шууд шалгаад л “Өө шийдвэр гарсан байна. Уучлаарай та сайдаасаа буу.” Ашиг ч юм уу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар гарчихсан байвал “Өө энэ харин хэрэг байнаа” гээд эрүүгийн хуулиар яваад өгөх байхгүй юу. Ийм эрх зүйн орчин бий болчихсон. Өмнө нь л бол тэгдэггүй байсан. Өөрөө энд шийдвэр гаргаад компани нь  тендерийг нь аваад баяжаад яваад байдаг байсан бол одоо энэ хоёрыг чинь хорьчихсон.  

-Шадар сайд Тэрбишдагва байна. Ардаа том бизнестэй хүн. Бизнестэй болгоныг зөрчилтэй гэх юм уу. Эсвэл Баттулга сайд шиг хүнийг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үү. Ялгааг нь  тайлбарлаад өгөхгүй юу?

-Бизнестэй хүн болгоныг зөрчилтэй гэж шууд үзэхгүй.  Ямар тохиолдолд томилогдохгүй байх вэ гэсэн шалгуур байгаа. Жишээ нь: Боловсролын сайд боловсролын чиглэлээр хувийн сургуультай бол “Уучлаарай. Та бол томилогдохгүй ээ”гэнэ. Х.Баттулга сайд шиг хүн гараад ирэхээр “Милл хаус” гээд гурилын үйлдвэртэй хүн. Монголд хэдэн гурилын үйлдвэр байгаа юм. Энэ зах зээл дээр энэ гурилын үйлдвэрийн хэмжээ нь хэд юм. 15 хувь харах байхгүй юу. 15 хувиас доош бол томилогдож болно. 50 хувь эзэмшдэг бол “Уучлаарай. Та энэ салбарт орохгүй”.

- Х.Баттулга сайд тухайн салбарт компанитай мөртөө сайдаар томилогдчихсон байна.  Энэ хүн бизнесээ  15 хувиас томруулахгүй гэсэн үг үү?

Зарчим юу байна гэхээр Х.Баттулга сайд болсны хувьд  өөрийнх нь компани энэ дөрвөн жил ашиггүй ажиллах ёстой гэсэн зарчмаар ажиллах  ёстой. 

-Ашиг сонирхлын хууль гарснаар Авлигатай тэмцэх газар нарийн багажтай болчихсон юм байна гэж ойлгож болох уу?

-Маш нарийн багажтай болчихсон. Ганц АТГ биш УИХ-ын цөөнх, жирийн иргэд ч гэсэн.  Өмнө нь хэмждэг юм байхгүй байсан бол одоо зөв бурууг хэмжих метртэй болчихоод байна. Урьд нь хүмүүс хоосон шүүмжилж л болдог байсан. Харин одоо  бол шаардлага тавих, хариуцлага тооцох тийм мехнизм бэлэн болчихсон. Одоо энэ сонирхлын зөрчлийн хуулийг  ажиллуулах хүчин зүйл нь  Авлигатай тэмцэх газар. АТГ-ыг ажиллуулж байгаа гол хүчин зүйл нь өрсөгдөгч компаниуд, УИХ-ын цөөнх, сонирхож байгаа иргэн, эрэн сурвалжлагч сэтгүүлч нар.

- Улс төрчид дундаас ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Ний нуугүй хэлэхэд өмнөх парламентад  нэг хоёр тийм нөхдүүд харагддаг байсан. Молекул Батбаяр, П.Алтангэрэл нарт сонирхлын зөрчил үүсч байсан санагдана. Гэхдээ тэрийг хэмжихэд жаахан зовлонтой байсан юм. Тухайн үед хууль батлагдаагүй байсан.  Яасан бэ гэхээр мань хоёр нөхөр чинь Байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга мөртөө ураны лобби хийгээд, уул уурхайн лицензтэй холбоотой юм хийгээд яваад байдаг байсан.  Энэ чинь өөрөө сонирхлын зөрчил яах аргагүй мөн . Хувийн сонирхлын зөрчил гэхээсээ илүүтэй институцийн буюу парламент Засгийн газрын хоорондын зөрчил. Парламентын хяналтын бүтэц гэдэг бол Засгийн газрыг хянахад зориулагддаг. Тэгэхээр сонирхлын зөрчлийн хуулин дээр институци хоорондын зөрчлийг  УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн хоёр нэг хүн байгаа бол Засгийн газрын гишүүн УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхгүй. Мөн институци хоорондын зөрчлийг сонирхлын зөрчлийн хуулиас гадна УИХ-ын хуулиар, Засгийн газрын хуулиар хийж өгдөг юм. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жил миний батлуулж чадаагүй хууль тэр л дээ. Олонхи байхдаа Ардын намынхан эсэргүүцсээр байгаад унагачихсан.


-Тодруулбал?

Тэрэнд нь юу юу байсан бэ гэхээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран хийж байгаа бол УИХ дээр Засгийн газрын байр сууриасаа гадуур үг хэлэхийг хориглоно. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр Засгийн газартайгаа холбоотой юмыг л ярина. УИХ-ын гишүүн УИХ дээр дэвшүүлж байгаа санаа болон хэлж байгаа үгийнхээ төлөө доромжилж гүтгэхээс бусдаар хариуцлага хүлээдэггүй. Засгийн газрын гишүүн УИХ-ыг хуурах эрхгүй. УИХ-ын гишүүнийхээ хувьд хариуцлага хүлээхгүй гэчихээд Засгийн газрын гишүүнийхээ хувьд худлаа хэлээд яваад байх бололцоо байгаа биз. Энийг хязгаарлах ёстой. Үүний тулд хуулиудыг санаачилсан. Харамсалтай нь дэмжигдээгүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн цуг байж болно. Хамгийн гол нь давхар ажил эрхлэлтээсээ болоод үүсдэг зөрчлийг зохицуулах ёстой. Германд ч гэсэн Бундестагийн гишүүн Засгийн газрын гишүүн хоёр цуг л байж байна ш дээ. Гэхдээ аль алиных нь гишүүн байвал Засгийн газрын гишүүний хувиараа хууль өргөн мэдүүлнэ, санаачилах эрхтэй парламентын гишүүнийхээ хувьд хууль санаачлах эрхгүй хязгаарлуулчихдаг. Манайд бол Засгийн газар дээрээ нэг хууль барьчихаад Засгийн газраараа дэмжихгүй болохоор тэгвэл би УИХ-ын гишүүний хувьд гээд нөгөө ЗГ-ын гишүүн чинь өөр бүтэц процент  руу гүйж яваа байхгүй юу. Ингэхээр Засгийн газрын кабинет гэдэг зарчим алдагдчихаж байгаа  юм.  Тэгэхээр иймэрхүү зохицуулалтуудыг бид хийж өгөх ёстой. Уг нь яг энийг тооцоод 2004 онд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын хууль, УИХ-ын тухай  хуулийг санаачлаад сонирхлын зөрчлийн хуулийг санаачилсан. Сонирхлын зөрчлийн хууль батлагдсан. Гэхдээ яг УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнтэй хамтран хийж байгаатай холбоотой хуулийг дэмжиж батлаагүй . Тэр хуулин дээр чинь Засгийн газар, УИХ хоёр нэг байртай байхыг хүртэл хориглоно гэсэн заалт байсан.

-Та  одоо энэ хуулийг батлуулах уу?

-Энэ чиглэлийнхээ юмнуудыг явуулах нь явуулна. Тэгэхдээ энэнээс илүү чухал салбарын ажлууд  байна. Хууль зүйн яамныхаа ажлыг түрүүнд тавихгүй бол болохгүй. Эрүүгийн хуулийг шинэчлэх, Цагдаагийн хуулийг шинэчлэх, Хууль сахиулах үйл ажиллагааны хуулийг батлах гээд олон ажил байна. Нэг юм хэлмээр байна. Цөөнх одоо ажлаа хийх ёстой. Тэмүүжин цөөнх байхдаа яаж ажлаа хийж байсан. Тэрүүн шиг цөөнх ажлаа хийх ёстой.

-Ашиг сонирхлын зөрчилгүй, шударга улс төрчид гэвэл та хэн хэнийг нэрлэх вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг чинь дахиад л нөгөө хуулиараа хэмжинэ ш дээ. Тэр хэмжигдэхүүнээр хэмжээд л хуулин дээр байгаа хориглолт хязгаарлалттай холбоотой юмнуудыг уншаад тэрүүгээр УИХ-ын гишүүдийг хэмжээд үзэхээр тодорхой болно.

-Таныг шударга гэдэг үг байнга дагалддаг. Тэгэхээр би таныг бөөрөнхийлөхгүйгээр нэр цохоод нэрлэчих байх гэж бодсон юм?

-Одоогоор би шууд нэр цохоод нэрлэчихэж чадахгүй. Энэ 76-гийн чинь хэн хэн нь хэн бэ гэдгийг би мэдэхгүй ш дээ. Дөнгөж шинэ УИХ эхэлж байхад энэ тийм гэж нэрлэх нь зохимжгүйгээс гадна би өөрөө мэдэхгүй юман дээр мэдэмхийрч хэлж байгаа юм шиг болж хувирах байхгүй юу. Одоо хамгийн том  ашиг сонирхлын зөрчилтэй гишүүнийг шууд нэрлэ гэвэл Фэнг-шү Ганбаатар байна. Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч тэгээд УИХ. Тэгэхээр УИХ-ын гишүүн гээд Дарханы ард түмнээ төлөөлөх үүрэгтэй юм уу эсвэл Үйлдвэрчний эвлэл гээд гишүүнчлэлтэй нэг байгууллагыг төлөөлөх үүрэгтэй юм уу. Хуваах ёстой. Гишүүнчлэлтэй гишүүд рүүгээ хандсан үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байгууллагын Удирдах зөвлөл юм уу албан тушаалыг УИХ давхар хашиж болох уу гэдгийг ярих ёстой. Хуулиараа бол хориотой. Сонирхлын зөрчлийн хуулиар УИХ-ын гишүүнийг  нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ыг толгойлохыг зөвшөөрч байгаа. Тэр нь болохоор гишүүнчлэлгүй, нийтэд үйлчилдэг байгууллага байх ёстой.

- Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөх үү? Та дээхнэ ярьж байсан ш дээ. Хорооллын дэлгүүрээс хувцсаа авдаг гээд.Одоо хорооллын дэлгүүрээс хувцсаа авч байгаа юу?

-Авч байгаа. Хүүхдүүддээ ч авч байгаа.

 -Таныг хэвлэлийнхэн “Хулхи брэндийн хаан” гэсэн. Та үүнд эмзэглэдэг үү?

- Юу гэж эмзэглэх вэ дээ. Хүн өөрийнхөө олж байгаа орлогын түвшинд л амьдрах болохоос. Жинхэнэ брэнд гээд  хоёр сая төгрөгийн үнэтэй цүнхээр би яах юм.

  Манай зах зээл дээр брэндүүд түвшинтэй байхгүй юу. Үнэтэй брэнд байна. Дундаж ангид зориулсан брэнд байна. Дунджаас доош хэсэгт зориулсан брэнд байна. Брэнд гэдэг чинь үйлдвэрлэгчийн нэр болохоос биш брэнд бүх юм үнэтэй гэсэн үг ерөөсөө биш. Би бол дундаж ангийн хэрэглэдэг л брэндийг хэрэглэдэг. Тэр брэндийн бараанууд хаана байна. Хорооллоор ч байна. Хаа сайгүй л байгаа ш дээ. Би бол үнэтэй брэндийн хэрэглэгч биш байхгүй юу.

- УИХ-ын хоёр гишүүн Төрийн ордонд гар зөрүүлснийг  Хууль зүйн сайдын хувьд та юу гэж үзэж байна?

- Зодолдоно гэдгээр нь тайлбарлахгүй. Зодолдоно гэдэг чинь харилцан цохилцохыг хэлнэ. Жишээ нь: Баярсайхан гишүүн Хүрэлсүх рүү салаавч гаргажээ. Энэ бол буруу.

- Та харсан уу?

- Зураг нь хэвлэлээр гарчихсан л байна лээ ш дээ. Телевизээр ч гэсэн гарч  байсан.  Тэгэхээр байгаа баримтыг үгүйсгэж болохгүй байхгүй юу?

Салаавч гаргаж байна гэдэг ёс зүйгүй үйлдэл. Ер нь бол энэ жил салаавч бол арай хэтэрлээ ш дээ.

-Бараг моод болоод байна уу даа?

- Юу юм тэр. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн нэг хэсэг гэж би бол ойлгохгүй байна. Доромжлох магадгүй өөр утга агуулгатай байхыг үгүйсгэхгүй. Баярсайхан гишүүн салаавч гаргасаныхаа төлөө Хүрэлсүхээс уучлал гуйх ёстой. Ёс зүйн дэд хороогоор орох ёстой. Ёс зүйн дэд хороо мань нөхөрт хариуцлага тооцох байх. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм дээр юу байна. Тэрүүгээр асуудал тавих байх. Манай нам байна танай нам байна уу. Ялгаагүй.  Энэ үнэхээр ёс зүйгүй үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч сурах ёстой ш дээ. Хүрэлсүхийн хувьд бол хүн зодсон байнаа. Хоёр цохиод авч байна. Унаж байхад нь дээрээс нь толгой дээр нь дахиад  цохиод авч байна ш дээ.  Хүн зодох хуультай. Асашёорюү хүн зодсон байна уу, хэн нэгэн мөнгөтэй хүн хүн зодсон байна уу, жирийн иргэн хүн зодсон байна уу, улс төрч хүн зодсон байна уу. Эрүүгийн хуулиар хүн зодох гэмт хэрэг гээд заачихсан хориотой зүйл.

 - Тэгвэл Г.Баярсайхан гишүүнийг ёс зүйн дэд хороогоор оруулаад, У.Хүрэлсүх гишүүнийг эрүүгийн хэрэг гэж шийтгэнэ гэж ойлгож болох уу?

-Эрүүгийн хуулин дээр заасан байгаа зүйлийг хийчихсэн байгаа бол хэн ч хуулийн дагуу  л асуудлаа яръя. Шийтгэх шийтгэхгүйг шүүх шийднэ. Ямар ч байсан энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шалгагдах байх.

- Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Авлига гэдэг үзэгдэлтэй гурван фонтоор хязгаарлаж зохицуулах гэж оролддог. Нэгд, ашиг сонирхлын зөрчил гэж тооцох гээд байгаа урьдчилан сэргийлэх механизмууд ажиллаж байгаа.Хоёрт, авлигын хуулиар зохицуулагдаж байгаа авлигын зөрчлүүдэд хариуцлага тооцуулах механизм.  Гуравт, Эрүүгийн хууль тогтоомж.Ашиг сонирхлын зөрчил юу сануулдаг вэ гэхээр ийм юм хийж болохгүй шүү.Хийсэн байх юм бол авлигын зөрчил рүү орж ирнэ шүү гэдгийг нь сануулах байдлаар журам тогтоогоод журмаа зөрчсөн хүнд хариуцлага тооцож явдаг. Авлигын зөрчил нь гэмт хэрэг болоогүй наана нь байгаа үзэгдлүүдийг хариуцлагажуулж байгаа юм. Яг гэмт хэрэг болсон эсэхийг нь эрүүгийн хуулиар шийддэг. Монголд өнөөдөр энэ гурван фонт ямар нэг байдлаар хил хязгаартай болж авсан. Өмнө нь яасан гэхээр зөвхөн эрүүгийн хуулиар л шийдэх гээд. Энэ авлига авсан гэнэ. Шүүх хуулийн байгууллагууд эрүүлжиж шинэчлэгдээгүй учраас өө цагаадсан гэнэ, хэрэгсэхгүй болсон гэнэ гэсэн дүр зураг харагдаад байдаг. Энэ гурвыг хуулийн орчинд нь  мэргэжлийн хэлээр материаллаг гэж ярьдаг юм даа. Одоо бид юу шийдэх вэ гэхээр процессийн гэж ярьдаг үйл ажиллагааны хуулиудаа гаргах ёстой. Яаж энэ авлигатай холбоотой хэргийг оновчтой үр ашигтай шийддэг тийм тогтолцоотой болох вэ. Авлигын хэргийг халаасны хулгайтай адилхан арга замаар тэмцэхгүй ш дээ. Халаасны хулгай илрүүлэх арга өөр.Авлигын хэрэг илрүүлэх арга өөр. Яагаад гэвэл авлига  гэдэг чинь эрх мэдэлтэй хүнтэй холбоотой гэмт хэрэг.       

  Ярилцлага өгсөнд баярлалаа.

   Г.Оюун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top