Амлалт нэхэх ард түмний холбоо Засгийн газарт санал хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

 

Амлалт нэхэх ард түмний холбооны өргөтгөсөн зөвлөгөөн өчигдөр болсон байна. Энэ хуралдаанд 21 аймгийн төлөөлөл оролцжээ. Улмаар Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах “Ерөөлийн ес” хэмээх санал боловсруулсан гэнэ. Тодруулбал

Нэгт. Монголын баялгийг гадныхан хяналтгүй цөлмөх бололцоог олгосон Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж, хоёр тал харилцан ашигтай байхаар өөрчлөн шинэчилж, Монгол хүн баялагтаа эзэх суух бололцоог хууль эрх зүйн хүрээнд бий болгох

Хоёр. Монгол орны байгалийн үнэт баялаг болсон хангайн бүсэд ашигт малтмал олборлохыг хуулиар хориглож байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх

Гурав. Засгийн бүх эрх ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуульд туссан ардчиллын цөм үзэл санааг амьдралд бодитойгоор хэрэгжүүлж, иргэд зөвхөн дарга сонгох хэлбэр биш, бүхий л хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд шууд оролцдог байх бололцоог хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх.

Дөрөв. Өрх гэрийг төрийн хамгийн нандин нэгж гэж үзэн төрийн бүхий л бодлогыг өрх гэр рүү хандуулан, өрхийн тэргүүнийг дэмжиж, эхний ээлжинд тэднийг ажлын байраар хангах, орлоготой байлгах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажиллах.

Тав. Түлш, эрчим хүч зэрэг бүх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулдаг болгож ашгийг шүтэх биш, ард иргэдийнхээ ахуй амьдралыг бодсон хүнлэг энэрэнгүй төрийн бодлого явуулах

Зургаа. Монгол үндэс угсаагаа хадгалан хөгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах. Боловсролын хөтөлбөрт багц хууль оруулан эх орондоо үнэлэгдэх, дэлхийд ялгагдах “Монгол боловсрол”-ын хөтөлбөр бий болгож хэрэгжүүлэх

Долоо. Өнгөрсөн 22 жилийн “хэт улс төржилтийн бодлого”-ыг эцэс болгож Монголчуудын эв нэгдэл, үндэсний нийтлэг эрх ашгийг урьтал болгон улс төрийн гишүүнчлэлгүй болгох

Ес. Бүх нийтийн санал асуулгын үндсэн дээр Үндсэн хуулийг шинэчлэн Монголчуудыг дайсагнуулдаггүй, эвлэрүүлж нэгдүүлдэг, хариуцлагатай, ёс зүйтэй төрийг бий болгох чиглэлээр дорвитой ажиллах хэмээжээ.  

АНАТХ дээрх есөн заалтыг хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж чадах эсэхээс энэ удаагийн ЗГ шинэчлэгч байх эсэх нь хамаарна хэмээн үзэж байгаа ажээ.  

Хууль эрх зүйн хувьд энэ нь боломжтой гэдгийг УИХ-ынгишүүн Г.Уянга онцлов.

А.Баярмаа    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top