Цахим засаглал төрийн үйлчилгээ, иргэдийн ажлыг хөнгөвчлөхөд тустай

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Дэлхийн банкны “Цахим засаг” төслийн ажлын багийнхныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд төслийн ажлын хэсгийн ахлагч, Олон улсын мэдээлэл, харилцааны технологи хариуцсан эдийн засагч Петер Селарский, Мэдээллийн технологийн ахлах мэргэжилтэн, бүс нутгийн зохицуулагч Тэнзэн Долма Норбу нар бэлтгэл ажлын шатандаа явж буй төслийнхөө талаар УИХ-ын даргад товч танилцуулав.

Энэхүү төслийн үндсэн зорилт нь мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн технологийг хөшүүрэг болгон шинэ санаа, санаачилгыг дэмжих замаар  хариуцлагатай, нээлттэй, ил тод засаглалыг хөгжүүлэхэд Монгол Улсыг дэмжихэд оршиж байгаа аж.

Монгол Улс “Нээлттэй Засгийн газар” түншлэлд 2011 онд гишүүнээр элссэн, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг 2012 онд баталсан, МХХТ-ийн дэд бүтэц, тухайлбал үндэсний дата төвийг байгуулсан ч тус салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг одоогоор УИХ-д өргөн бариагүй байгаа тул эдийн засгийн эрчимтэй өсөлт, нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн энэ үед МХХТ-ийн шинэлэг, давуу талыг ухаалаг Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашиглаж болох юм гэж тэд үзэж байгаа аж. Үүний тулд МХХТ-ийг ашиглан төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх арга замыг сайжруулах, тухайлбал, хөдөлгөөнт телефоноор дамжуулан төр, засагтайгаа харилцах иргэдийн бололцоог нэмэгдүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалт хийх, гол нь уг төслийг хэрэгжүүлэх нэгж, түүнийг хариуцан ажиллах багийг томилох асуудлаар УИХ-ын даргатай зөвлөж, санаа оноог нь сонсох, УИХ-д энэ асуудлыг оруулах үеэр зохих дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа ажлын багийнхан ярьсан юм.

УИХ-ын дарга тэдэнд Монгол Улсын парламент Цахим гарын үсгийн тухай хууль баталж, иргэдийн бус байгууллагуудын татвар төлөлтийг болон ирэх дөрвөн жил Засгийн газраас олон нийтэд үзүүлдэг 60 орчим үйлчилгээг цаасгүй болгохоор төлөвлөсөн зэргээр цахим засаглалыг амжилттай хэрэгжүүлээд явж буйг тайлбарлаад “Та бүхний санал болгож буй төслийг энэ ажлын үргэлжлэл гэж бодож байна. Бид одоо байгаа эрх зүйн хүрээндээ нэгэнт эхэлсэн ажлаа аль болохоор баяжуулж, үргэлжлүүлээд явах нь зүйтэй. Мөн төр, засгийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж, иргэд, олон нийтэд улсын нууцтай холбоогүй ямар нэгэн мэдээллийг заавал өгөх, тухайн мэдээллээр хангаагүй төрийн албан хаагчтай ямар хариуцлага тооцож байхыг заасан хуулийг хоёр жилийн өмнө батлан гаргасан” талаар ярилаа. Тэрбээр мөн “МХХТ-ийн хөтөлбөрийн олон салбар хамрах онцлогоос үүдэн төслийг ЗГХЭГ мэтийн аль нэг том байгууллага базаж ажиллах болов уу. Гэхдээ төслийг удирдан хэрэгжүүлэх байгууллагын том, жижигт хэргийн учир байгаа бус, салбар хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал. “Шинэчлэлийн” хэмээх нэртэй шинэ Засгийн газар хүнд суртлыг арилгаж, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй болгохыг чухалчилж байгаа тул цахим засаглалд маш их анхаарч ажиллана. Жирийн иргэн хорооны даргаасаа тодорхойлолт авахаас эхлээд ажил олгогч аль нэг хүний тухай мэдээллийг тухайн хүнээс өөрөөс нь бус байгууллагаас нь авдаг болох, гэрээсээ гаралгүйгээр ухаалаг үнэмлэхээ ашиглаад төр, засгийн олон үйлчилгээг авчихдаг байвал наад зах нь замын хөдөлгөөнд ч нөлөөлнө шүү дээ. Цахим засаглал бол олон бүрдэл хэсэгтэй маш өргөн хүрээтэй ажил учраас одоо хийгдээд явж байгаа ажлууд, түүний дотор дээр дурдсан 60-аад үйлчилгээний аль нэгэнд нь орж ажиллах боломжийг судалж үзэх хэрэгтэй болов уу” хэмээн зөвлөлөө.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top