УИХ-ын үдээс өмнөх ээлжит бус хуралдаанаар Архины ОАТ, 2012 оны төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг гаргахдаа АН-ын “Монгол хүн” хөтөлбөр, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, “Шударга ёс” эвслийн "Монголоо аврах 5 Хувьсгал” хөтөлбөр, бие даагч гишүүдийн зарим санал, нийгмийн бүх давхрагын иргэдийн байр суурийг тусган энэхүү хөтөлбөрийг боловсруулсан байна.
Бүрэлдэхүүний хувьд тав ангилжээ.
Дээрх танилцуулгыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийсэн юм. Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнээс асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн М.Энхболд: 150,000 ажлын байрыг бий болгоно гэдэг чинь шинэчлэл үү, ухралт уу? Хуулт хяналтын шинэчлэл гэж байгаагаа тодруулахгүй юу? гэв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Энэ бол бодит тоо. Бид санаанаасаа зохиогоод тоо оруулахыг хүсээгүй. Хууль хяналтын шинэчлэлийн хувьд сайд анхаарч байгаа. Бид харилцан бие биенээ дэмжин хурдацтай ажиллах болно.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Хариуцлагын талаар тусгаагүй, хоосон улаан туг мандуулсан байна. Зарим нэг тоон үзүүлэлтийг дэлгэрүүлээч, тухайлбал дотооддоо түлшний хэрэгцээг хангах боломжтой юу?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд иргэдээс санал их авсан болохоор хоосон улаан туг мандуулаагүй. Тоон үзүүлэлтүүдийг хэлж болж байна. Гэхдээ мөрийн хөтөлбөрийн эцэст Монголын амьжиргааны түвшнөөс доогуурх өрхийн үзүүлэлт сайжирна гэж ойлгож болно. Тэгэхээр олон тоог энд дурьдах хэрэггүй байх.
УИХ-ын гишүүн С.Баярцогт: Аливаа намын мөрийн хөтөлбөр нь эдийн засгийн тооцоо үзүүлэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл аудитаар баталгаажсан байдаг. Үүнийг уг нь шууд баталчихмаар байгаа юм.
УИХ-ын гишүүн Сү.Батболд: Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан ажлаас алийг нь үргэлжлүүлж, алийг нь зогсоож байна вэ? Ажлын байр, эрүүл мэндийн ажлуудын нэршил өөрчлөгдсөнөөс өмнөх Засгийн газрын ажлууд үргэлжилж байгаа юм шиг байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Бодит тооцоо судалгааг олон жил хийсэн. Бид бүхнийг шинэчлэж, тунгалаг төртэй байх бодлогыг баримталж байгаа.
Д.Дэмбэрэл: Цалин тэтгэмжийн хэмжээг хэд болгох вэ? Жил жилээр нь тооцоо судалгааг хийсэн үү?
Н.Батбаяр: Цалин хэд болгох нь сонин биш. Гагцхүү иргэдийн авч байгаа цалин нь идэх хоол, өмсөх хувцас, хэрэглээнд нь хүрдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл хэн сайн ажиллана, тэр хүн цалин их авна гэсэн үг. Цалинг нэмэхээр үнийн өсөлттэй уралдаж, үнийн өсөлт нь түрүүлчихдэг жишиг тогтоод байгаа. Бид харин үүнийг зохицуулах болно.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: Бид халамжийг хавтгайруулахгүйгээр ажиллана. Ингэхдээ хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд анхаарч, бололцооныхоо хэрээр ажиллана.
Х.Баттулга: Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт малаас гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих талаар тусгасан. Мал услах зориулалтаар 1000 орчим худаг барина. 20 орчим сая төгрөгийг мал эрүүлжүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн “Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ энэ үеэр хэлэв.
Улмаар гишүүдийн асуулт дуусч чуулганыг 16:00 цаг хүртэл завсарлуулав. Үдээс хойших хуралдаанаар гишүүдийн саналыг сонсох бөгөөд төслийг байнгын хороогоор хэлэлцэх үү, батлах уу гэдгийг шийдвэрлэх юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )