Төрийн хүнд суртлыг арилгах, үүрэг хариуцлагатай болгох, авилга, хээл хахуультай тэмцэх зорилгоор Иргэд, Аж ахуйн нэгж, Засгийн Газрын төлөөлөл оролцсон “Шинэчилж шийдье-222” уулзалтыг Төрийн ордонд эхэллээ.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Шинэчилж шийдэхийн эхний алхам нь энэ уулзалтаар эхэлж байна. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэхлээр сар болгоны хоёр дахь өдөр 14:00 цагт уулздаг болох гэж байна. Тийм учраас тус уулзалт сар бүхэн болно" гэдгийг тэрээр онцоллоо.
Тэрээр "Заавал өнөөдөр бүгдийг биш хамгийн чухал асуудлаа ярих хэрэгтэй. Дараа дараачийн уулзалт магадгүй тодорхой сэдэв рүү орох байх. Өнөөдөр Монгол төрийн үүрэг хариуцлагын тогтолцоо гажсан. Үүнийг цааш нь засаад аваад явахаас өөрцгүй. Бид энэ төрийн солгой тогтолцоог зөв болтол нь ажиллана. Шинэчлэлийг холоос хайх хэрэггүй, шинэчлэлийг өөрсдөөсөө хийх хэрэгтэй. Үнэхээр Монгол Улсын Засгийн Газар энэ хэдэн иргэддээ анхаарч хагас сайнд ч болов ажиллах ёстой. Шинэчлэхэд мөнгө хөрөнгө, эд материал хэрэггүй, гагцхүү сэтгэл зүрх хэрэгтэй.
Урьд нь давуу эрхтэйгээрээ даргын хүүхэд л гадаад руу явж сураад тэндээ үлдэж хоцордог байлаа. Харин бид тун удахгүй гадаадад тэтгэлгээр суралцах залуучуудыг сонгон шалгаруулж явуулна. Одоо даргын хүүхэд, миний хүүхэд, чиний хүүхэд явахгүй, ард түмний хүүхдүүд явна.
Дараачийн гол асуудал бол Мэргэжил сургалтын үндэсний төв. Яг одоо бид улсаа, хотоо хөгжүүлье гэхлээр барилга дээр ажиллах залуучууд алга. Ихэнх залуучууд их, дээд сургуульд суралцана гээд цаана чинь МСҮТ-үүд хоосорчихоод байна. Энэ хэний буруу вэ? Гадаад руу олноороо явж байгаа иргэдийн буруу юу? Эсвэл Солонгос улсын буруу юу? Үгүй, энэ бол бид бүгдийн буруу, төр засгийн буруу юм.
Маш олон хамгийн энгийн ажлуудыг бид хийх хэрэгтэй байна. Үүнд хэдэн арван тэрбум доллар хэрэггүй. Бидэнд сэтгэл зүтгэл хэрэгтэй. Бүх төрийн байгуулалтын бүх газруудын интернэт сүлжээг бүгдийг нь хаах хэрэгтэй. Тэгээд ирэхлээр тэр их зан, төрийн хүнд суртал нь арилах байлгүй. Бизнес эрхлэхэд хамгийн их саад болдог газар юу вэ гэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж хариулсан байгаа.
Хувьсгалын үед чөтгөрийн тоо цөөрсөн шиг Шинэчлэлийн Засгийн Газрын үед энэ лиценз, зөвшөөрлийн тоо багасана" хэмээн тэрээр тавьсан илтгэлдээ онцоллоо. Түүний дараа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг илтгэл тавьснаар хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэд, бизнесийн байгууллагын төлөөллүүд санал бодлоо илэрхийлж харилцан санал солилцсон юм.
Сэтгүүлч А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )