Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа энэ цаг үед төслийг санаачилсан АН болон хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа МАН-ын төлөөллөөс тодруулга авах зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Р.Бурмаа нарыг Дуэльд дуудлаа. Эрхэм гишүүдийн халз тулаанаас уншигч та бүхэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн шинэ төсөл хэр "найдвартай" эсвэл ямархуу "цоорхойтой" болсныг өөрийнхөөрөө тунгаана биз ээ.
МАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Дуэльд ийнхүү хариулж байна.
Ж.Энхбаяр: Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хуулиудын 20 орчим заалтыг зөрчсөн
- Орон нутгийн сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад МАН шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад?
- Нэгдүгээрт энэ хууль амьдралаас тасархай, асар муу боловсруулагдсан хууль. Дээрээс нь Монгол Улс өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн ардчиллын үнэт зүйлсээс ухарсан хууль. Ялангуяа хүний улс төрийн эрх, эрх чөлөөнд халдсан, Үндсэн хуулийн олон заалттай зөрчилдсөн хууль. Тийм болохоор Монгол Ардын нам олон хуулийн заалтуудаар байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн нам хүчээр энэ асуудлыг түрээд, дараагийн хэлэлцүүлгийн шатанд шилжүүлж байна. Гэхдээ арай ч ингээд гарчихгүй байх гэж найдаж байна. Эрх биш, ичих булчирхай нь ажиллах байлгүй дээ. Хэдэн жилийн өмнө хэлж байсан үгээ эргэж унших байлгүй дээ.
-Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн гэлээ. Энэ хуулийг “муулбал”?
-Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хуулиудын 20 орчим заалтыг зөрчсөн байна. Тухайлбал улс төрийн эрх, эрх чөлөөний нэг хэсэг болох сонгох эрх нь иргэн хүний сонгуульд саналаа чөлөөтэй илэрхийлэх бодит боломж байхад, хуулийн төслийн 5-р зүйлийн 5.2 дахь хэсэгт “Сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг байна” гэсэн нь сонгуулийн идэвхтэй эрхийг хязгаарлахад чиглэсэн заалт. Түүнчлэн сонгуульд оролцож саналаа өгөөгүй иргэнийг дараагийн аль нэг ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдох эрхийг нь түдгэлзүүлэх зохицуулалтыг хуулийн төслийн 5.6-д тусгаж байгаа нь иргэн чөлөөтэй ажил мэргэжлээ сонгох эрхэд халдсан, алагчилсан шинжийг агуулсан зохицуулалт болсон.
Мөн хуулийн төслийн 10-р зүйлийг 10.2-т “Сонгуулийн ерөнхий хороо нь зардлын тооцоог боловсруулж УИХ-д хүргүүлэх”, 10.5-д “Аймаг, сум, дүүргийн хурлын тэргүүлэгчид энэ хуулийн 10.4-т заасан зардлын тооцоог боловсруулж, аймаг сум, дүүргийн хуралд хүргүүлэх” хугацааг тодорхойлолгүй орхигдуулсан.
Хуулийн төслийн 54-р зүйлийн 6 дахь хэсгээс харахад нэр дэвшигч тойрогт болон намын нэрийн жагсаалтад давхар нэр дэвшиж болно гэж заажээ. Энэ нь зөвхөн АН-д ашигтай хувилбар юм.
Хуулийн төсөлд нэр дэвшигчид тавих шаардлагын талаар тодорхой тусгаагүй. Тэгэхээр сонгуульд гадаад хүн ч нэр дэвшиж болно гэсэн үг.
Хуулийн төслийн 59.8-д “Санал авах өдөр хүртэл сонгуулийн холбогдолтой нэхэмжлэлийг шүүх хүлээн авахыг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах” эрхийг нь шууд хязгаарласан зохицуулалт.
Хоёрдугаарт хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр гэж байгаа. УИХ-аар батлагдсан, УИХ-ын тогтоол байгаа. Тогтоол, хууль хоёр адилхан бичиг баримт. Тэнд маш том заалт байгаа. Юу гэхээр аливаа ээлжит сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж байгаа. Яагаад гэвэл тухайн эрх барьж байгаа эрх баригчид дур зоргоороо авирлахыг хязгаарласан зохицуулалт байхгүй юу. Эрх баригчид өөрт ашигтайгаар хуульд өөрчлөлт оруулахыг хязгаарласан, хүний эрхийг хангах үндэсний том бодлого байгаа. Энэ бодлогоос ухарч байна.
-Ардчилсан намынхан дэвшилттэй гэдгийг хэлж байгаа?
-Дэвшилттэй гэдэг нь тухайлбал юуг хэлж байгаа юм.
-Автомат машин, пропорциональ элемент гэх мэт?
-Өнөөдөр Монгол Улс, монголчууд саналаа өгч чадахгүй байна гэж би шууд хэлнэ. Монголчууд, Монголын ард түмний санал өнөөдөр тусгалаа олж чадахгүй байна. Үүнд Ардын нам эргэлзээтэй, итгэхгүй байгаа. Би Архангайд нэг минутын дотор 400 хүн санал өгсөн сонгуулийн автомат машины хуулгыг үзлээ. Яаж ч бодсон нэг минутын дотор 400 хүн санал өгөх бололцоогүй. Ахиад орон нутгийн сонгууль явахад бид ахиад л нөгөө гадны компаниасаа программаа авна. Тэр программаар сонгууль явуулна. Яагаад ард түмэндээ итгэхгүй, гадны компанийн программд итгэж, сонгууль явуулаад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна.
-Гэхдээ орон нутгийн сонгуульд пропорциональ элемент оруулах нь тийм буруу алхам гэж үү?
-Нутгийн өөрөө удирдах ёс гэж юм бий. Хэнээр удирдуулахаа ард түмэн хэнээр ч заалгахгүй. Хэнийг сонгохоо өөрсдөө мэднэ. Гэтэл намын нэрийн дор, намын жагсаалтаар яагаад ард түмний сонгоогүй хүмүүсийг тулгаж байгаа. Орон нутгийн өөрөө удирдах ёс гэдэг маань өөр асуудал байхгүй юу. Зарчмын өөр асуудал, парламент, Засгийн газраас тэс өөр. Тэнд амьдарч байгаа ард түмний эрх ашиг шүү дээ. Тэнд амьдарч байгаа ард түмний эрх ашгийг хамгаалж дуугарах, нутаг усандаа ажилладаг, амьдардаг, жаргал зовлонгоо хуваалцдаг хүн л гарах ёстой. Түүнээс биш нэг намын нэрээр орж ирчихээд, намын бодлого гэж яриад, ард түмнийг хооронд нь талцуулаад, зөрчилд хүргээд. Хэнд хэрэгтэй юм. Яг үнэндээ баг, сумын төвшинд улс төрийн намчирхах байдал хамгийн аюултай, хамгийн хортой, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигтай холбогдоно.
-Орон нутгийн сонгуулийг ирэх сард явуулах боломжтой юу?
-Одоо хуучин хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үүнд аравдугаар сард сонгууль явуулна гэж заасан. Үүнийг заавал өөрчилж, арваннэгдүгээр сарын сүүл рүү болгож хаяад, дээрээс нь санал өгөх хугацааг шөнийн 22:00 цаг хүртэл сунгаж байна. Тэр харанхуй шөнө санал өгүүлж яах гээд байгаа юм, ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээд гадны программаар, гадны машинд уншуулна. Өнөөдөр программ гэдэг асуудлыг Монголын ард түмэн мэддэг болсон. Мэдээлэл, технологийн салбарт ахиц дэвшил гарчихсан, монголчууд үүнийг ойлгоно. Захын 10 жилийн хүүхэд энэ зэргийн программыг зохиочихно шүү дээ. Тэр программаар юу ч хийж болно, ялангуяа сонгуулийн будилааныг. Ардчилал хөгжсөн Америк, Зүүн өмнөд Азийн маш олон улсад гарсан сонгуулийн будилаан үүнтэй холбоотой байсан нь нотлогдсон. Үүнтэй холбоотой баримт материал, кино гээд бүх юм гарсан. Энэ нууц биш. Яагаад Монголын ард түмэндээ итгэхгүй, яагаад ард түмний өгсөн саналыг нүдээрээ хараад, гараараа бариад тоолчихож болохгүй гэж. Нэг суманд санал өгөхөд, тэр сумынхан бие биенээ мэднэ, ах дүүсээ мэднэ. Дунджаар 500, дээд тал нь 2000 хүн санал өгнө. Тэр 2000 хүний саналыг хэдэн хүн сууж байгаад тойруулаад тоолчиход хоёр цагийн л асуудал. Тэгэхэд яахаараа заавал олон тэрбум төгрөг зарцуулж, гаднаас машин авчраад, яагаад гадны компанид программ захиалж хийлгэх гээд байгаа юм. Хамгийн ноцтой нь тэнд хяналтын тооллого хийлгэхгүй байдаг билээ. Энэ л хамгийн ноцтой асуудал.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн чуулганы процессийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Асуудал нь Ардчилсан намынхан өөрсдөө энэ хууль дээр ажиллаагүй юм билээ. Р.Бурмаа гишүүн голлож ажилласан буюу нэг хүний хэт хувийн бодол санаа орж ирсэн юм байна. Ардчилсан намын гишүүд бүлгээрээ хэлэлцээгүй, энэ хуульд гар хүрээгүй нь анзаарагдсан. Бурмаа гишүүн өөрөө ч тэгж хэлж байсан, асуултуудад хариулсан. Ардчилсан намынхан дуугүй байсан. Энэ асуудалд тэгж хайнга хандаж болохгүй. Энэ чинь Монгол Улсын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бий болгохтой холбоотой, маш хариуцлагатай хууль. Дэндүү хурдан өөрчлөлтүүдийг хийж, бүхнийг үгүйсгэж байна. Тэгээд бүгдийг шинээр хийнэ гэдэг бол “байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог” гэж үг байдаг шүү дээ. Ялангуяа энэ огцом хийсэн өөрчлөлтүүд Монгол Улсын нийгэм, эдийн засагт асар хурдтай тусах байх.
-Одоо тэгвэл яах вэ?
-Уг нь эрх баригчдыг дур зоргоор нь ажиллуулахгүйн парламентын ёс гэж байдаг. Тэнд цөөнх нь бий болдог. Цөөнх ажиллах эрх зүйн орчин бүрдсэнгүй. Тэд цөөнх ажиллах эрх зүйн орчныг бүх талаар хааж байна шүү дээ. Үндсэндээ ард түмний хяналт байхгүй болчихлоо. Энд ажиллах бололцоо хязгаартай. Тэгээд дур зоргоороо, нэг намын, нэг улс төрийн хүчний систем, дарангуйлал бий болж байна. Бидний зориод байсан ардчиллын ололт амжилт, ардчиллын үнэт зүйлсүүд байхгүй болох нь. Монгол Улс ардчиллаас ухарч байна. Монголын ардчиллыг аврах цаг болжээ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Үндсэн хууль зөрчсөн гэвэл Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь нээлттэй
Харин энэхүү хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа АН-ыг төлөөлж Дуэльд дараах хариултыг өгч байна.
- Орон нутгийн сонгуулийн хуулийн тухай төсөл шүүмжлэлд өртөж байгаа. Та энэ талаар тайлбарлахгүй юу?
- Хуулийн төслийг энэ удаагийн УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулсан одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд үндэслэн боловсруулсан. Тийм болохоор шинэ гэхээсээ илүү зургаан сард болсон сонгуулийн зохион байгуулалт, процедур журам энэ хуульд хэвээр байгаа. Гишүүдийн зүгээс “Шинэ зүйл оруулж ирлээ, үүнийг иргэд таньж мэдэх хугацаа алга” гэдэг байдлаар шүүмжлэл өрнүүлж байна. Сонгуулийн системийн хувьд ч адил байгаа. Тухайлбал, тухайн шатны Хурлын төлөөлөгчдийн гуравны хоёр нь мажоритар, гуравны нэг нь нам эвслээс сонгогдохоор бий. Үүнийг улс төрийн намууд орон нутагт, ялангуяа суманд намыг орууллаа гэж шүүмжилж байна. Өнгөрсөн бүх орон нутгийн сонгуульд нам, эвсэл нэр дэвшүүлэн оролцож ирсэн. Бие даан нэр дэвшигчид ч байсан. Одоогийн хуулинд ч бие даан нэр дэвших боломж хэвээрээ байгаа. Бидний зүгээс засаг захиргааны нэгжийг жижиг, том гэж ялгалгүйгээр тухайн орон нутгийн ИТХ-д төлөөлөлтэй байхаар төслийг хийсэн. Сум болгон нэг хүнээ ИТХ-д сумаа төлөөлүүлэн илгээе. Үүн дээр нэмээд нийт суудлынх нь гуравны нэгийг намын жагсаалтаар орж ирдэг байх нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, Зүүнхараа хүн ам ихтэй байхад нэг мандат байна гэж байна. Бидний тооцоогоор хүн амын харьцаа нь нам эвслээс сонгох сонголтоор тэнцвэрээ хадгалах учиртай. Зарим хүмүүс нам огт оролцуулахгүйгээр хүмүүсээ шууд сонгодог байя гэсэн санал хэлж байгаа. Энэ тохиолдолд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Харин өргөн барьсан энэ хуулийн төсөл Үндсэн хуулийн хүрээнд байж, зөрчилдөхгүй байх сайн талтай.
-Нам оролцохгүй, нутгийн иргэд өөрсдөө өөрсдийгөө удирдах газрыг сонгоход яагаад болохгүй гэж?
-Хэрвээ ямар нэгэн хязгаарлалт, зохицуулалтгүй орхичих юм бол өмнө нь мэдрэгдээгүй, гарч байгаагүй аюул байгаад байгаа юм. Юу мэдрэгдэж байна вэ гэхээр, уул уурхай дагасан хүн амын бөөгнөрөл. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршин суугч 2000 орчим байсан. Одоо бараг 12.000-д хүрсэн. Тэгтэл Оюутолгой тухайн орон нутгийн иргэдэд ажлын байр бий болголоо гэдэг. Ажилд орох гэсэн хүн Ханбогдын байнгын оршин суугч гэж бүртгүүлж байж ажилд орох болдог. Тэр нь бараг 10.000 гаруй болчихдог. Ялангуяа орон нутгийн сонгуульд ямар нэгэн хязгаарлалт байхгүй болчихоор магадгүй нэг компанийн ажилчид ИТХ-ыг 100 хувь бүрдүүлж болноо доо. Тэгээд засаг даргаа томилчихно. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрийг дээд шатны байгууллага хүчингүй болгохгүй гээд Үндсэн хуулийн заалт байдаг. Тэгэхээр энэ заалт том дархлаа болдог. Нөгөө талаас гол хуулиуд дээр ялангуяа байгаль орчны хуулин дээр сумын ИТХ бол маш их эрх мэдэлтэй байдаг.
Нөгөө талаараа нaмыг хүмүүс их шүүмжилдэг. Би ч гэсэн шүүмжилдэг хүмүүсийн нэг. Гэхдээ нэг талаараа улс төрийн намуудыг хариуцлагатай болгох хэрэгцээ бий. УИХ, нийслэл, орон нутагт намын нэрийн жагсаалтаар сонгуульд оруулах боломжийг намд олгож байгаа юм чинь тэр нам өөрөө хариуцлагатай байх ёстой. Мөн хууль зөрчсөн этгээд намын нэрийн доор ял завших гэж байвал хариуцлага тооцох ёстой. Энэ нь улс төрийн намын тухай хууль, түүний дагалдан гарах хуулиудад тусгагдах ёстой юм. Эдгээр хуулийн төсөл дээр ч миний бие ажиллаж байна. Тэгэхээр энэ бол цогц асуудал болж байгаа. Цаашдаа Монгол Улс шат, шатны сонгуулийг явуулах нэгдмэл хуультай байх ёстой. Цогц байна гэдэг нь цаанаа улс төрийн намын хууль, намын хариуцлагыг нэлээд боловсронгуй болгох санааг бас агуулж байгаа. Нэгэнт одоогийн хуулиар улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг иргэд сонгож, намд санал өгч байгаа учраас үүнийг дагасан сөрөг нөлөөллийг хариуцлагаар нь дамжуулан хаах шаардлага гарна.
-Сонгуульд оролцохыг үүрэгжүүлсэн нь маш их шүүмжлэл дагуулж байгаа. Тухайлбал сонгуульд санал өгөөгүй иргэдийн төрийн албанд ажиллах эрхийг хязгаарлах нь өөрөө сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа хэрэг биш үү?
-УИХ-ын гишүүн болохын тулд цэргийн алба хаасан байх ёстой гэсэн үүрэг бий. Үүргээ гүйцэтгэж байж эрхээ эдэлнэ гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр төрийн албанд ажиллах гэж байгаа хүмүүс төрөө бий болгодог сонгуульдаа оролцож байж эрхээ эдлэх ёстой гэдгийг хэлж байгаа юм. Гэхдээ бүр түдгэлзэнэ гээгүй. Дараагийн сонгууль хүртэл түдгэлзэнэ гэсэн байгаа. Ер нь сонгуульд орох нь үүрэг юм. Энэ бол олон улсад байдаг жишиг. Ажлын өдрийг амралтын өдөр болгож санал өгүүлдэг. Төрийн эрх мэдэл ард түмний гарт гэдэг. Тэр эрх мэдлээ сонгууль гэдэг ажилдаа зориул гэж үндсэн ажлаас нь чөлөөлдөг. Тиймээс санал өгнө гэдэг өөрөө ажил.
Хэрвээ сонгуульд оролцоод нэр дэвшигчдийн аль нь ч таалагдахгүй бол эсрэг санал өгдөг, өөрөөр хэлбэл, бүх нэр дэвшигчийн нэрийг дарах, эсвэл саналын хуудсанд тэмдэглэгээ хийхгүй байж болно. Тэр нь хүчинтэйд тооцдог. Тэгэхээр энэ заалтыг оруулж ирснээр сонгогчийн дараагийн эрх нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнгийн талаар сонгогч гомдол гаргахаар өмнө нь “та бол гомдол гаргах субьект биш, сонгогч танд хамаагүй” гэж шүүгч, СЕХ хариулдаг байсан. Тэгэхээр сонгогч сонгуульд санал өгснөөр өөрөө сонгуулийн хороо, шүүх, УИХ-д хандан өргөдөл, гомдол гаргах эрх нь нээгдэж байгаа. Бид өмнө нь байгаагүй юмыг хийх гэж байна. Нөгөө талаас сонгуульд цөөхөн хүн оролцоно гэдэг нь будлиан, луйвар хийдэг нэг хэсэг хүмүүст ашигтай байдаг. Сонгуульд цөөн хүн санал өгөхөөр ирцийг нь 50 хувь болгоод, тэндээс нь 25 хувь авсан хүн сонгогддог. Ингээд бодохоор 10 хэдэн хувийн санал авсан нам 100 хувийн суудал авч болох гээд байгаа юм. Тэгэхээр санал өгөөгүй хүмүүс нь үүнийг эсэргүүцдэг. Мөн иргэдийг төлөөлж ажиллана гэсэн хүмүүс маань эргээд тайлангаа тавьдаггүй, дөрвөн жил алга болдог. Тэгэхээр олон хүний саналаар, хариуцлагатай төлөөллийг сонгодог болгох гэж энэ зохицуулалтыг оруулсан юм. Тэрнээс хэний төлөө саналаа өгсөн байх нь хамаагүй. Хамгийн гол нь хүндэтгэн үзэх шалтгаангүй сонгуульд оролцоогүй бол төрийн албанд томилогдох эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай л асуудал юм.
-Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагын талаар хуулийн төсөлд тусгагдаагүй байсан. Энэ нь гадаадын иргэдэд боломж юм биш үү?
-УИХ, нийслэлийн сонгуульд нэр дэвшигчид тавигддаг нийтлэг шаардлага л байгаа. Тэрэн дээрээс нэмэгдээд тухайн нэр дэвшиж байгаа тойрогтоо 180-аас дээш хоног амьдарсан байх.
-Орон нутгийн санал цөөхөн юм чинь яагаад гараар тоолж болохгүй гэж?
-Өмнө нь гараар тоолж байх явцад саналыг зөөдөг, будлиантуулдаг талаарх нотлох баримт маш их байгаа. Автомат машинаар тоолох нь хүний хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр маш шударга, тэгээд богино хугацаанд гэдгийг хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хэлж байсан. Хяналтын тооллого явуулах заалтыг оруулсан. Тодруулбал сонгуулийн дүн гарсны дараа сугалаа сугалаад аль нэг хэсэг дээр гараар тоолж тулгалт хийнэ гэсэн заалт орсон байгаа. Нэг тойрог дээр хоёр хэсгийг тоолъё гэсэн хуулийн заалт орсон байгаа. Өмнөх сонгуулиудад хуулийн ийм заалт байгаагүй болохоор СЕХ-ны шийдвэрээр хяналтын тооллого хийж байсан.
-Хуулийн төсөлд зардлын тооцоог аймаг, сум дүүргийн хуралд хүргүүлэх хугацаа тодорхой байгаа. Та энэ талаар тайлбар хийхгүй юу?
-Зардлын дээд хэмжээг СЕХ-оос гаргаад түүнийг тухайн орон нутгийн ИТХ нь баталъя гэж байгаа. Дээд хэмжээ гаргаж өгөхгүй бол зардлыг санаан зоргоор тоо гаргачихна. Иймээс жишиг хэмжээг СЕХ гаргаж байгаа. Түүн дотор нь тухайн орон нутгийнхан зардлын хэмжээг тодорхойлъё гэж байгаа юм.
-Хуулийн төслийн 54.6-д нэр дэвшигч тойрогт нэр дэвшихийн зэрэгцээ листэд орох тогтолцоо харагдаад байна. Нэр дэвшигч, листэд орох хэрэггүй юм биш үү. Уучлаарай энэ зөвхөн миний бодол л доо?
-Сонгуулийн систем янз бүр байдаг. Тэр дундаа холимог систем өөрөө бүр олон янз. УИХ, нийслэлийнх холимог, гэхдээ зэрэгцээ байгаа юм. Нэг хэсэг нь намаас нэр дэвшиж, нөгөө хэсэг нь листэд байдаг. Бидний оруулж байгаа хууль болохоор холимог байгаа юм. Холимог гэдэг нь аль алин дээр нь байж болно гэсэн үг. Нэг нэгдмэл нэрийн жагсаалтаас сонгогдсон нь гараад, үлдэж байгаа хүмүүсээс нь хэдэн суудал намын нэрээр сонгогдоно, тэр нь орж байгаа холимог систем.
-Хуулийн төслийн 59.8-д санал авах өдөр хүртэл сонгуулийн холбогдолтой нэхэмжлэлийг шүүх хүлээн авахыг хоригложээ. Энэ нь Үндсэн хуулийн 14-р зүйлийг зөрчиж байна?
-Өчигдөр ажлын хэсэг дээр ярьж байгаад энэ заалтыг хассан. Энэ заалтыг урвуулан ашиглахгүй байх үүднээс хийсэн. Тодруулбал, бусад захиргааны хариуцлага нь бол цагдаа дээрээ явагдаад, шийтгэл оногдуулдаг ажлууд нь хориглогдохгүй. Сонгуулийн хороодод хугацаатай үүрэг өгчихсөн, хэрвээ тэрийг биелүүлж чадахгүй бол дээд шатных нь хороо тэрийг биелүүлээд шуурхай, хэн нэгнээс хараат бус байхад анхаарч энэ заалтыг оруулсан.
Мөн Үндсэн хуулийн цэцээс 2006 оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуулийн цэцээс шийдвэр гаргасан. Уг шийдвэрт “Аливаа парламентийн сонгууль улс даяар нэгэн зэрэг эхэлж, товолсон цагт дуусгавар болдог нийтлэг зүй тогтолтой. Энэ нь сонгуулийг саадгүй явуулах үндэс болдог гэж үздэг. Иймд сонгуулийн холбогдолтой аливаа маргааныг сонгууль явуулж дуустал шүүх болон бусад байгууллага авч хэлэлцдэггүй журамтай. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 2005 оны 12-р сарын 29-ны өдрийн хуулийн дагуу сонгуулийн хороонд харъяалан шийдвэрлэхээр заасан зөрчил үүссэн бол сонгуулийн төв байгууллагын шийдвэр гартал сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргааныг шүүх эсвэл өөр нэг хөндлөнгийн байгууллага авч хэлэлцэхгүй байх нь дээрх ерөнхий үзэл баримтлалд нийцнэ” гэсэн шийдвэрийг цэц гаргачихсан байгаа юм. Тэгэхээр бид энэ шийдвэрийг дагаж хуулийн төсөлд дээрх заалтыг оруулсан.
Нөгөө талаар маргааныг заавал шүүхэд хүргэхгүйгээр өмнө нь шийдвэрлэх боломж байх ёстой, маргааныг хороод шийдвэрлэсэн байх цаг хугацааг нь зааж өгсөн.
-Сонгууль болохоос зургаан сарын дотор сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэж заасан байгаа. Тэгтэл энэ...?
-Нийслэлийн сонгуулийн тухай хуулийг бид мэдэж байгаа. Тэр хуулийг 2012 оны 4-р сарын сүүлээр баталсан. Сонгууль нь яг хоёр сарын дараа болсон. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй гэдгийг би мэднэ. Ер нь энэ заалтыг эрх баригчид өөрт ашигтайгаар сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөс сэргийлж л тэр заалтыг тусгасан хэрэг.
-Үндсэн хуулиас гадна бусад хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн энэ хуулийг батлах нь зөв үү?
-Үндсэн хууль зөрчсөн гэвэл Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь нээлттэй. Тэрийгээ хэлэлцүүлэг дээр хэлэх эрх нь байгаа. УИХ-д хуулийн төсөл өргөн бариад шууд батлагдчихгүй шүү дээ. Аль болох нээлттэй, аль болох олон шүүлтүүрээр орох шаардлагатай. Бид хэлэлцэнэ. Хэлэлцээд саналаа хэлэх хэрэгтэй. Тэр бүрт Үндсэн хууль зөрчсөн гээд сүржигнээд байх хэрэггүй.
-Хуулийн хэдэн зүйл заалтад өөрчлөлт орох бол?
-Санал хураалт болоогүй болохоор хэлж мэдэхгүй байна.
Сэтгүүлч А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )