Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодруулга авлаа.
- Өнөөдөр МАН-ын гишүүд хуралдсан байна. Хуралдаанаар юу хэлэлцсэн бэ?
- Улс орны өмнө үүсээд байгаа нөхцөл байдлын талаархи тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Нэгд, Орон нутгийн сонгуулийн тухай хууль байгаа. Хуультай холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсэгт манай намын гишүүд орсон. Тэдний тодорхой саналуудыг гаргаж ажлын хэсэгт оруулсан нь дэмжигдсэн. Өөрөөр хэлбэл дэвшил гарсан байна гэсэн үг шүү дээ. Хоёрт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэлэлцэгдэж орж ирж байгаа. Мөрийн хөтөлбөр дээр МАН ямар байр суурь барих вэ гэдэг дээр тодорхой санал дэвшүүлсэн. Өчигдөр бид байнгын хороон дээр орж тодорхой саналуудыг оруулсан. Тодруулбал, “Монгол мал” хөтөлбөр, Атрын гуравдугаар аян зэрэг өмнөх Засгийн газрын үед үр өгөөжөө өгсөн эдгээр хөтөлбөрүүдийг уламжлал болгон үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурин дээр санал хураалгаж тодорхой шийдэлд хүрлээ. Гуравт, Төсвийн тодотгол ярилцаж байгаа энэ цаг үед МАН-аас өөрийн байр суурийг илэрхийлж байгаа. Хүүхдийн мөнгийг өгөх нь зүйтэй. Нөгөө талаас халамж хэрэгтэй байгаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийг өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Дөрөвт, МАН-ын бүлгийг албажуулах ёстой байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор ярилцсан байгаа.
- Орон нутгийн сонгуулийг МАН эсэргүүцэж байгаа. Хуулийн “цоорхой”-г хэрхэн сайжруулж байна вэ?
- Орон нутгийн сонгууль бол нутгийн өөрөө удирдах байгууллага учраас улс төрийн намын төлөө санал өгөх нь утгагүй. Тийм учраас орон нутгийн иргэнийг сонгож, аль болох улс төржүүлэхгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Олон жил бид орон нутгийн сонгуульд оролцож ИТХ-ыг сонголоо. ИТХ-аас Засаг дарга томилогдож байна. Сум, орон нутгийн засаг дарга нь ард иргэдэд үйлчлэхээс гадна ИТХ-д үйлчилдэг. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ байр суурин дээр “Шударга ёс” эвслийн бүлэг ч санал нэгдсэн. Харамсалтай нь эвслийн бүлэг энэ хатуу байр сууринаасаа ухарсан. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын хуулийн төслийг дэмжье гэж байгаа нь ярьсан хэлснээсээ буцаж байгаа хэрэг юм.
- Төсвийн тодотгол дээр саналын болон зарчмын хувьд зөрүүтэй байгаа?
- Дэлхийн олон оронд хямрал үүсэх нөхцөл бүрдсэн байна. Манайд ч гэсэн инфляц өсч, хүнсний гол бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Тийм болохоор манайд хямралын үеийн бодлого хэрэгтэй. Энэ талаар огт тусгагдаагүй байгаа. Манай эдийн засаг хоёр хөршөөсөө шууд хамааралтай болохоор сайн боловсруулсан төрийн бодлоготой байж л хямралыг давж гарна.
- Эдийн засгийн хямралтай үед олон улсын хэмжээнд ямар арга хэмжээ авдаг юм бол?
-Олон улсад бол төрөөс болон хувийн секторууд нь хөрөнгө оруулалтаа нэмж ажлын байрыг бий болгож, татварыг багасгадаг тогтолцоо байдаг юм билээ.
- Төсвийн тодотгол тэгвэл?
- Харин ч эсрэгээрээ хөрөнгө оруулалтаа хассан. Нийт 320 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хасагдаж байна. Халамжийг хумих биш буцаагаад хавтгайруулах гээд байгаа нь буруу. МАН-ыг засаг барьж байх үеийн эдийн засгийн өсөлт буурч байна. Инфляц 14-15 хувь хүрчихсэн байна. Энэ асуудлыг яах юм? Үүнээс гадна валютын эрсдэл, махны үнийн хөөрөгдөлтэй байгаа энэ үед хэрхэн ажиллах вэ? гэх мэтчилэнгээр ард түмний эрх ашигт нийцсэн асуудлыг манай намын зүгээс ярьж байгаа.
- Бүлэг байгуулах асуудлаар АН танай намыг бойкотлож байгаа гэсэн үнэн үү?
- Үндсэн хуулиараа сонгуулийн үр дүнгээр бол бүлэг байгуулагдчихсан ш дээ.
- Үндсэн хуулиараа бол тийм. Гэхдээ УИХ-ын дэгийн тухай хуулиараа бол үгүй ш дээ?
- УИХ-ын дэгийн тухай хуулиараа бол бүлэг байгуулсан тухай УИХ-ын дарга нь нийтэд зарлах ёстой. Тэгэхээр бид нар 24 цагийн дотор бүлэг байгуулах шийдвэрээ өгөх ёстой байсан. Бид УИХ-ын дарга хууль бусаар томилогдсон учраас таны асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тавилаа. Цэцийн шийдвэр гарсны дараа бид бүлэг байгуулах шийдвэрээ хүргүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.
Ер нь манайх буулт хийж байгаа. Хоёр талаасаа гишүүд нь хуулийн төсөл өргөн барья гэсэн. Уг нь УИХ-ын хоёр гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Хуулиараа уг хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Тэгэхэд заавал АН-ын гишүүд өргөн барь тэгвэл хуулийн төслийг өргөн барья гэж байгаа. Гэхдээ “24 цаг” гэсэн энэ заалтаас гадна ахмад нь хурал удирдах бололцоогүй бол дараагийн ахмад гишүүн нь удирдах нь зүйтэй гэдэг заалтыг мөн тусгая. Мөн УИХ-ын даргыг зөвшилцөж томилдог шүү дээ. Үүнийг больё. Ингээд УИХ-ын даргаа, анхдугаар чуулганаа ч хүчин төгөлдөр болгож, бүлгээ хүлээн зөвшөөрье гэсэн асуудал яригдаж байгаа.
- Бүлгийн завсарлага хугацаатай авах асуудал 2008 оноос эхлэн яригдсан асуудал. Гэтэл үүнийг МАН-ын нэр бүхий гишүүд эсэргүүцээд байгаа. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?
- Бүлгийн завсарлага байх ёстой. Гэхдээ хугацаагүй завсарлага гэж байж болохгүй. Тодорхой хугацааг л тохирох хэрэгтэй.
- Бүлгийн завсарлага ажлын таван өдөр байна гэж заасан. Энэ хэр оновчтой сонголт вэ?
- Ямар асуудал дээр, ямар хугацааны завсарлага авах вэ гэдгээ тохиролцох хэрэгтэй. Бүх асуудлаар ажлын таван өдөр гэдэг урт хугацаа. Тэгэхээр зөвшилцөл шаардсан үндэсний эрх ашгийн асуудлуудыг эрэмбэлээд тохиролцох ёстой.
- Засгийн газрын мөрийн хөтөлбөр түрүүчийн Засгийн газрын үйл ажиллагааны нэршлийг өөрчлөөд оруулаад ирсэн гэх яриа байна?
- Өмнөх Засгийн газрын үр дүн бол хамтарсан Засгийн газрын л үр дүн ш дээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн эдийн засгийн өсөлт, хөдөө аж ахуйн салбарт гарсан хөгжил бол Хамтарсан засгийн газрын ажлын үр дүн. Тэгэхээр үүнийг эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Өмнөхөө үгүйсгэхгүйгээр, өнөөдөр бид хаана байна, цаашдаа хаана хүрэх вэ, эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай байх вэ, нэг хүнд оногдох ДНБ хэд болох, энэ нь орон нутгийн нэг хүнд хэрхэн хүрэх вэ, 36 хувьтай байгаа ядуурлын төвшин дөрвөн жилийн дараа хэд болох вэ, ажилгүйдэл хэд болох нь үндсэн үзүүлэлт, хэмжүүр нь байх ёстой. Тэгтэл энэ үндсэн хэмжүүр нь байхгүй, тодорхой бус байгаа.
- Дээрхи асуудлууд дээр МАН, АН-тай зөвшилцөлд хүрээгүй болохоор чуулганд оролцохгүй гэсэн яриа гарч байгаа?
- Бид чуулгандаа оролцоод явж байгаа ш дээ.
- Өнөөдрөөс эхлээд?
- Бид нар албан ёсоор чуулганд оролцож байгаа. Өнөөдрөөс оролцохгүй гэдэг дэгс мэдээлэл байна.
- Оюутолгойн гэрээний талаархи таны бодол?
- Оюутолгойн гэрээний талаар өнөөдөр ярьж болохгүй. Одоо нэгэнт хийсэн гэрээг өнөөдөр өөрчлөх цаг нь биш. УИХ-ын 57-р тогтоол гэж байгаа. Энэ тогтоолоо мөрдүүлэх ёстой. Гэхдээ тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараагаар үе шаттай 51/49 хувь болгох бололцоог нь хангах ёстой.
Манай хамгийн том алдаа бол стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах гэж хуулийг гаргасан. Тэр хуулиа хэрэгжүүлэх журмыг нь хийгээгүй. Үүний улмаас гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогсонги байдалд орчихлоо. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр хууль гаргаж болно, хуулиа мөрдүүлэх журмаа тодорхой гаргуулах нь зүйтэй.
- Цаг гарган тодруулга өгсөн танд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )