Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж энэ даваа гарагт Монгол банк /Төв банк/-ны тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх саналыг оруулсан билээ. Энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос Л.Пүрэвдоржийг албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзэж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгийн үеэр асуулт асуух, санал хэлэх гишүүн гарсангүй. Улмаар санал хураав. Санал хураалтад 49 гишүүн оролцсоноос 81,6 хувийн саналаар түүнийг чөлөөлөв. Энэ тогтоол өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа юм.
Монгол Банкны Ерөнхийлөгчийг Монгол банк /Төв банк/-ны тухай хуулийн 26,1-ийг үндэслэн Н.Золжаргалыг томилуулах тухай Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн гаргасан тогтоолын төслийг хэлэлцүүлж асуултад оров.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Алтны арилжааны зохицуулалт ямар байх вэ? Төв банкны хуулинд өөрчлөлт оруулах нь зүйтэй юу? Зүйтэй бол ямар өөрчлөлт хийх вэ? Инфляцийг нэг оронтой тоонд хэрхэн оруулах гэж байна вэ? гэж асуув.
Үүнд Н.Золжаргал: “Валюттай холбоотой үйл ажиллагааг зохицуулахдаа хууль санаачлах хэрэгтэй. Алтны арилжаа нэмэгдсэн. Энэ мэдээлэл нууц болохоор тоо баримт хэлж болохгүй. Гадаад руу урсах урсгал дээр гааль, цагдаагийнхантай хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид мөн анхаарч ажиллана. Алтны бодлого дээр Засгийн газартай хамтран ажиллана. Банкны тухай хууль саяхан өөрчлөгдсөн болохоор сайн мэдэхгүй байна. Нэг их өөрчлөх зүйл гарахгүй байх. Монгол банкны хууль босоо тогтолцоотой байгаа. Үүн дээр олон нийт, эрдэмтдийг оруулсан тогтолцоотой болох нь зүйтэй гэж бодож байна. Хууль их өөрчлөгдсөн. Цаашид ч гэсэн өөрчлөгдөх байх” гэв.
Мөн бусад гишүүдийн үг хэлэх салхийг С.Дэмбэрэл хагалав. “Н.Золжаргалд хэлэх дөрвөн захиас байна. Зээлийн хүү, инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг нь бодлогын хувьд өөр зүйл. Тиймээс бодлогын хувьд өмнөх жилийнхээс өөр зарчим орж ирнэ гэж бодож байна. Хоёрт, инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг үүрэг УИХ-аас өгч, Монгол банк үүнийг нь хүлээж авдаг. Энэ бол угаасаа худлаа. Тиймээс санхүүгийн тогтвортой байдлыг албажуулж, улирал бүр санхүүгийн тайланг авч байх. Гуравт, Монгол банкны тухай хуулийн засаглалын хэсэгт өөрчлөлт оруулах. Удирдлагыг хэн нэгнээс хараат бус болгох. Валютын хэлбэлзэл явагдах үед анхааралтай ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлов.
Н.Золжаргал нь 1964 онд Улаанбаатар хотноо төрсөн. Унгарт эдийн засгийн магистр, АНУ-д Нийгмийн удирдлагаар магистрийн зэрэгтэй төгссөн. Эдийн засгийн салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ. Түүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-аас ирүүлсэн бөгөөд тэрбээр энэ тал дээр ямар нэгэн хүндрэлгүй гэнэ.
Ингээд гишүүд санал хураав. Санал хураалтад 55 гишүүн оролцсоноос 44 гишүүн зөвшөөрч түүнийг 80 хувийн саналаар томилов.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )