Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Энэ үеэр "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааны талаар тус компанийн захирал гүйцэтгэх захирал Б.Энэбиш танилцуулсан юм. Тэрээр: Таван Толгойн коксжих нүүрсийн орд нь дэлхийд томоохонд тооцогддог уурхай. Олборлолтын ажиллагаа эхний шатандаа явж байна. Таван Толгойн давуу тал нь маш сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэйгөөс гадна эдийн засгийн эх үүсвэр нь хажууханд нь байна. Харин сул тал нь Таван Толгойг түшиглэсэн дэд бүтэц хөгжөөгүй учраас дэд бүтцийг яаралтай хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Таван Толгой” ХК нь зүүн цанхийн дөнгөж урд хэсэгт нь үйл ажиллагаа явуулж байна. Цанхи гэдэг маань хамгийн сайн нөөцийг нь тогтоосон үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон газар гэсэн үг.
Жилдээ 20 сая тонн нүүрс олборлодог болохоор төлөвлөөд ажиллаж байна. Хэрвээ цаг алдалгүй баруун цанхийг ашиглаж уурхайгаа нээж хөрс хуулалт хийх юм бол 2013 он гэхэд анхныхаа нүүрсийг гаргаж авах бүрэн боломжтой. Баруун цанхийг ашиглах юм бол мөн 20 сая тонн нүүрс олборлох болно. Хэрвээ Таван толгойн зүүн, баруун цанхийг зэрэг ашиглаад ирэх юм бол дэлхийн гурван томоохон нүүрсний үйлдвэр манайд бий болж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар усан хангамжийн асуудал их хурцаар тавигдаж байгаа. Үндсэндээ нүүрсийг угааж баяжуулах үед энэ асуудал бүр ч их гарч ирнэ. Усан хангамжийн асуудлаа шийдэхэд Таван Толгойн уурхайн ойр орчмоос усны эх үүсвэрээ татах зорилготой ажиллаж байна.
Ойрын хугацаанд Таван Толгойн орчмын “Балгасын улаан нуур”-аас усан хангамжаа авахгүй бол Таван Толгойн уурхай цаашдаа ажиллана гэдэг худлаа болно” гэж тэрээр мэдэгдлээ.
Эрдэнэс-Таван Толгой ХК-ийн уурхай үйл ажилгаагаа явуулж эхэлсэнээс хойш 2011 онд 1 сая тонн нүүрс олборлосон бол 2012 оны байдлаар 1.2 сая тонн нүүрс олборложээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанид нүүрсээ нийлүүлэх урт хугацааны гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд урьдчилгаа хэлбэрээр орж ирэх мөнгөө зээлж аваад хүний хөгжил санд оруулсан байна. Тус компани нь хоёр жилийн дотор ажиллахдаа Хүний хөгжил санд 418 тэрбум төгрөг, улсын төсөвт татварын хэлбэрээр 36 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Мөн компанийн дотоод өр нийтдээ 80 гаруй тэрбум төгрөгт хүрчээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )