Өчигдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаанаар МҮОНРТ-ийн тухай хуулийн 21.5, 7-р зүйлийн дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг томилсон билээ. Энэ асуудал хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан МҮОНТ-д шүүмжлэлтэй хандсан юм. Чуулганы завсарлагын үеэр түүнээс цөөн асуултад тодруулга авлаа.
-МҮОНРТ-д та яагаад шүүмжлэлтэй хандаж байна вэ?
-Бид чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байна. Тиймээс хувийн хэвшлийн бүх байгууллагын дунд чөлөөт өрсөлдөөн явагдах ёстой. МҮОНРТ-ийг улстөрчдөөс мөнгө сааж, захиалгаар ажилладаг газар гэж боддог. Тийм учраас цаашид энэ телевизийг заавал байлгах шаардлага байна уу, үгүй юу. Монгол Улсад өнөөдөр 20 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бүгдээс хамгийн тэнцвэртэй, үнэн бодитой мэдээлэл хүргэж байгаа телевизийн сувгийг би сонгож үздэг.
Зах зээлийн өрсөлдөөн дунд байр сууриа олоод явж байгаа хувийн хэвшлийн телевизүүдийн дэргэд МҮОНРТ улсаас хэдэн сая төгрөгийн татаас авч амьдардаг мөртлөө гаргаж буй нэвтрүүлэг нь чанаргүй байгаа нь хайран. Хувийн хэвшлийн нэг телевизэд дунджаар 30 орчим хүн ажилладаг юм билээ. Тэднээс илүү гарахуйц хэмжээнд ажиллаж чадахгүй бол улсын төв телевиз гэж байгаад яах юм бэ.
- Олон улсад төв телевиз гэж байдаг юм болов уу?
- ОХУ, БНХАУ-д байдаг. Ардчиллын өлгий болсон Америкт лав алга. Японд байгаа “NHK” телевиз бол жинхэнэ утгаараа улс төрөөс ангид, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж чаддаг.
- МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнийг Ерөнхийлөгч, ЗГ, УИХ-аас нэрийг нь оруулж ирдэг нь өөрөө зөв тогтолцоо юу?
- Үнэхээр үндэсний эрх ашгийг хамгаалсан телевиз байя гэж бодож байгаа олон нийтийн энэ зөвлөлд нь улс төрийн өнгө аястай томилгоо явагдах ёсгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-аас тус телевизийн Үндэсний зөвлөлд томилох хүмүүсийн нэрийг оруулж буй асуудал нь цаагуураа тэдний байр суурь, эрх ашгийг хамгаалах баг бэлдэж байгаагаас өөрцгүй зүйл. Засгийн газрын хэмжээнд бодлого боловсруулж, ард түмэнд хүргэе гэвэл хувийн хэвшлийн олон телевиз байгаа шүү дээ. Эдгээр телевизэд Засгийн газар, УИХ-ын талаарх мэдээллийг хүргэдэг нэвтрүүлэг байж болохгүй гэж үү. МҮОНРТ нь улсын нэрээр халхавчилж, татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг газар байх ёсгүй гэж бодож байна. Тэртээ тэргүй үүнээс гадна 20 гаруй телевиз байгаа учраас МҮОНРТ-ийг татан буулгах цаг нь болсон.
-Тус телевизийг татан буулгахгүйгээр хөрөнгө оруулалт хийж буй төсвийг нь бусад телевизэд тодорхой шалгуурын дагуу тарааж өгөх ёстой гэж ярьж байсан?
-Ер нь чөлөөт зах зээл, дөрөв дэх засаглал гэж ярьдаг шигээ бид хэлсэндээ хүрч чаддаг байх ёстой. МҮОНРТ-д тусад нь төсөвлөн өгч байгаа шиг хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад телевизэд ч гэсэн тодорхой хэмжээний шалгуур тавьж, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үнэхээр хүүхэд залууст хэрэгтэй шинжлэх ухаан, танин мэдэхүй, эрүүл мэндийн чиглэлээр нэвтрүүлэг явуулж байна уу. Аль нь архи, тамхи болон гэмт хэрэг, хүчирхийллийг сурталчилсан кино бага гаргаж байна вэ гэх маягаар олон шалгуур тавьж болно шүү дээ. Тэгж байж л бид шилдэг телевизүүдээ улсаас дэмждэг болно. МҮОНРТ-д зарцуулж байгаа тэр олон сая төгрөгнийхөө ядаж тал хувийг нь ч гэсэн дээрх жишгээр нийгэмд нь эргээд зарцуулмаар байна. Монголд битгий хэл, дэлхийд ч байхгүй том байр сууцанд тухалсан телевиз гэхэд буруудахгүй. Түрүүнд манай зарим гишүүд “Хоёр давхар байшинд үйл ажиллагаа явуулж байгаа” гэж шүүмжилсэн шүү дээ. Гэтэл хоёр давхар байшин биш, хоёр томоохон зааланд үйл ажиллагаа явуулж байгаа чанартай телевизүүд ч бий.
- Үндэсний телевизийг татан буулгах саналыг тань дэмжих хүн байгаа юм уу?
-Чуулганы дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр санал бодлоо солилцож, МҮОНРТ-ийг татан буулгах нь зүйтэй гэдэг дээр байр суурь нэгдлээ.
-УИХ-ын нэр нөлөө бүхий гишүүд өөрсдийн гэсэн хувийн телевизтэй гэдгийг бараг хүн бүр мэддэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Яахав, зарим телевизийн хөрөнгө оруулагч нь УИХ-ын гишүүд байдаг гэх яриа бий. УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр яг аль телевиз, ямар гишүүнийх болох тухай асуудлыг ярьж болно. Өмнөх хурал дээр зарим телевизийн эзэд сууж харагдсан. Тухайн үед телевизээр реклам сурталчилгаа явуулах хуулийн төслийг өөрсдөө санаачлан, кноп дараад сууж байсан нь яах аргагүй ашиг сонирхлын зөрчил илэрч байгаа нэг шинж. Энэ олон телевизийн өрсөлдөөн дундаас ард түмэн өөрсдөө ялгаж салган, ямар ч зүйлийг даваад гарчихна. Цагийн явцад зах зээлийнхээ хуулиар шүүгдэн, үнэхээр сайн нь ялгарч үлдэнэ шүү дээ. Тэгэхгүйгээр, ард түмний мөнгийг хий дэмий “шатаагаад” МҮОНРТ гэдэг газар байгаад байх нь зохистой үйлдэл биш. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон бусад хүмүүсээс томилгооны асуудал дээр янз бүрийн л нэрс оруулж ирлээ. Миний хувьд, нийгэмд танигдсан тэдгээр хүмүүсийг сайн мэднэ. Гэхдээ тэднийг Ерөнхийлөгч, УИХ-аас үүрэгт ажилд нь томилж байна гэдэг чинь улс төрөөс цэвэр ангид байж чадахгүй гэдгийг л би хэлээд байгаа юм.
- Цаг гарган тодруулга өгсөн танд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )