Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлөх хүртлээ тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын нэр бүхий 23 гишүүн Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгох үүднээс  Засгийн газарт  шаардлага хүргүүлсэн билээ. Тэдний шаардлагыг  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаасан ч  өчигдөр болсон эцсийн хэлэлцүүлгийн үеэр унагасан.  Энэ нь  Б.Бат-Эрдэнэ гишүүнд  хүндээр туссан бөгөөд ингэнэ чинээ санаагүй ажээ. Улмаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлав.  Тэрбээр энэ үеэр “Гарын үсэг зурсан  гишүүдийн тоо нэмэгдсэн.  Харин  өчигдөр чуулган дээр  АН-аас шаардлагад гарын үсэг зурсан  гишүүд  намынхаа хайрцаганд ороод, даргаа харж далдайгаад  эсрэг санал өглөө.  Харин Ж.Батзандан гишүүн намынхаа хайрцаганд баригдаагүй” гэдгийг хэлэв.  

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн хавсралтын “Ажил орлоготой Монгол хүн” гэсэн бүлгийн уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын 15-д “Гадаадын шууд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Оюутолгойн бүтээн байгуулалтын анхны хөрөнгө оруулалтын нөхцлийн дараа хоёр тал харилцан ашигтай байх зармыг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлна” гэсэн зарчмын заалтыг оруулсан байсан. Гэтэл үүнийг эвтэйхэн өөрчилдөг тэр бохир аргаараа “Гадаадын шууд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай  байх зарчмыг баримтлан ажиллана гэсний дараагийн өгүүлбэрийг дараах байдлаар өөрчлөн найруулах санал оруулж ирсэн. Энэ нь их сонин. Уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх гэсэн өгүүлбэр. Оюутолгой гэдэг нэрийг нь хасчихаад оруулж ирсэн нь энэ. УИХ-ын ээлжит бус чуулганаар уг асуудлыг тэд “Уул уурхайн салбарт өргөн утгаараа газрын тос, бусад тогтвортой байдлын гэрээнүүдийг авч үзэх шаардлагатай байна” гэж тайлбарласан. Гэтэл бодит байдал дээр өмнө нь УИХ-ын хэд хэдэн гишүүн санал гаргаад яг үүнтэй адилхан агуулга бүхий заалтыг Засгын газрын мөрийн хөтөлбөрт оруулья гэж санал гаргахад дэмжээгүй. Тэгсэн мөртлөө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хасахын тулд энэ заалтыг оруулж батлуулсан. Үнэнийг хэлэхэд тийм. Улстөрчид амлалт өгч, ярих дээрээ тулбал ам нэг мөртлөө ажил хэрэг болгох үедээ алд дэлэм байтугай зөрүүлдэг хүмүүс. Уул уурхайг түшиглэн байгуулах компаниудын харилцан ашигтай ажиллах гэрээнд Монголын тал 50-иас доошгүй хувийг авна гэж заасан байдаг. Гэтэл манай уул уурхайн компаниудын толгой дээр байгаа Оюутолгой өнөөдөр ямархуу байдалтай байгаа нь нууц биш. Газрын баялгаа бусдад үнэгүй өгч, дээрээс нь бас өр төлбөрт унаж байгаа энэ бохир гэрээг нэн даруй өөрчлөхгүй бол хэцүүдлээ.  Фрийдланд нэгэнтээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар “Бид хээрээс бяруу олсон юм. Түүнийгээ өсгөж, үнээ болгосон чинь энд тэндээс булаацалдаад байх юм” гэж Монголчуудын ахуй амьдралд дүйцүүлэн хэлсэн байдаг. Тэгж яривал “Үүнийг чинь би олсон юм” гээд эх орны минь газрын баялгаас цөлмөх ёсгүй биз дээ гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлэв  

Хуралд  О.Баасанхүү,  Х.Болорчулуун, С.Ганбаатар,  Д.Батцогт нарын гишүүд оролцсон бөгөөд тэд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал:

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Чуулганы үеэр Ч.Сайханбилэг гишүүнд юм мэддэггүйгээрээ дуудуулсан. Тэр хүн 1996 онд УИХ-д орж ирсэн байж болно. Гэхдээ өнөөдөр бусдаас илүүрхэж, “Ах” гэж томрох хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна. Бид адилхан л залуу улс. Үнэндээ олон улсын гэрээг хэрхэн байгуулах, ямар асуудал тавигдахыг би дэлхийд номер нэг компанид хуулийн зөвлөх хийж явсны хувьд хэнээс ч дутуугүй мэднэ. Олон улсын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал үндэслэл нь тодорхой байх ёстой. Асуудал үүсгээд байгаа энэ гэрээний хувьд, тэр Оюутолгой гэдэг нэрийг аваад хаячихвал цаашид ямар ч өөрчлөлт оруулах боломжгүй болно гэсэн үг. “Бороо гоулд” компанийн гэрээг манайхан ямархуу нөхцөлд, яаж байгуулсныг санах хэрэгтэй. Дэлхийн  зах зээл дээр алтны үнэ өдрөөс өдөрт өсч байхад манайх хамаг баялгаа харийнханд алдаад дуусч байна. Лондоны алтан медаль гээд л хөөрч догдлоод байдаг. Гэтэл тэр чинь Оюутолгойн алт шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:  Бид цаашид Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хянах ажлын хэсэг гаргаж ажиллана. Мөн энэ асуудлыг дэмжиж буй Иргэний хөдөлгөөнүүдийг ч эгнээндээ элсүүлэх болно. Оюутолгойн орд газрын тухай бид сая мэдэж байгаа юм биш шүү дээ. Хуучин тогтолцооны үед эрх бүхий гишүүд тус газарт хайгуул хийж, нөөц баялгын судалгаа хүртэл гаргасан байдаг. Гэтэл эх орны баялгаас хэн нэгэн нь дураараа авч ашиглачихаад “Би 66 хувь, та нар 34 хувийг нь ав” гэсэн дүргэм зохиож болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Оюутолгойн гэрээ үнэхээр муу болсон. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа. Даанч өөрчлөлт оруулж, сайжруулах гэхээр хэн нь ч дуугарахгүй юм. Юун 50-60 хувийн ашиг манатай. Тэндээс 30 хувийн ашиг ч авч чадахгүй шүү дээ, бид. Гэрээний дагуу явбал цаашид Оюутолгойг эзэмшиж байгаа компанид мөнгө төлөх хэрэгтэй болох нь. Өөрсдийнхөө юмыг өөрсдөө худалдаж авна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Баялгийн нөөц нь тодорхой ийм орд газрыг бусдад зүгээр шахам бэлэглэчихээд улс орноо ядууралд хүргэж буй улстөрчидтэй хатуухан тэмцэнэ. Хэрэв цаашид ийм муу гэрээ байгуулбал Монгол Улс мянган сайхан орд газартай байгаад яах билээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж чадвал бид заавал энд суух гээд байх шаардлага ч алга. УИХ-ын зөөлөн суудлаас илүү улс орны минь эрх ашиг дээгүүрт тавигдаж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би бараг хоёр чуулган дамнуулж энэ асуудлыг ярьж байгаа. Холбогдох нөхдүүд нь таг чиг, санал гаргахаар юу ч ярихгүй юм. Ямар сайндаа л халз мэтгэлцээнд дуудаж байхав дээ. Өнөөдөр манай улс 10 үнээтэй байлаа. Гэтэл нэг шар толгойтой нөхөр гаднаас орж ирээд арван үнээг минь сааж өгье гэв. Гэтэл тэр арван үнээнээс мань нөхөр 100 литр сүү саасан байна. Түүнийхээ 34 литрийг нь бидэнд зарж байгаа нь энэ Оюутолгойн гэрээтэй адил гээд бодоод үз дээ. Тиймээс ийм хуудуутай гэрээг нэн даруй өөрчилж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах цаг ирлээ. Монголчууд минь, гадны мөнгөөр бие биетэйгээ дайтахгүй юмсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэр хүнд унахгүй. Улстөрчид аль муугаараа дуудуулахгүй. Гэрээнд өөрчлөлт оруулж, өөрт оногдох мөнгийг ахиулснаар ганц ч гэсэн цэцэрлэг, сургууль барьж чадвал тэр бидний ололт. Шинэ Гвиней улсын нэгэн жишээг би ярья л даа. Уул уурхайн салбарт хийсэн гэрээ нь бусдад молигодуулах үндэс болсныг мэдээд тэд өөрчлөлт оруулахаар тууштай тэмцэж чадсан. Тэглээ гээд тус улсын нэр хүнд унаагүй. Харин ч бүр бусдын зарц барлаг мэт бодож явсан зарим улсын хувьд, бахадмаар үнэлэлтийг авсан шүү дээ.

 УИХ-ын дэгийн тухай хуулиар бол  өглөө ирцэнд бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй гишүүний саналыг  татгалзснаар авдаг.  Харин өчигдөр  дэгийн энэхүү хууль зөрчигдсөн бөгөөд гишүүд үүнд анхаарал хандуулан ажиллахаар болоод байгаагаа хэллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.59.45) 2013 оны 05 сарын 05

MAN-IINHAN Mongolchuudiin bukh shutdegeer n dalimduulj Bat-ERDENIG GARGAAD UURSDUU JINHENE UTSAN HVVHELDEIGEER NER TSEWER TOGLOH GEJ BAINA DAA.

0  |  0
Top