УИХ-ын дарга анхны томилолтоо анхдагчдын өлгий нутгаас эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Улсын Их Хурлын дарга З.Энхболд орон нутаг дахь анхны томилолтоо анхдагчдын өлгий нутаг гэгддэг Булган аймгаас эхэллээ. Түүнийг дагалдан УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна.

 Улсын Их Хурлын дарга эхлээд Булган аймгийн Баяннуур сумаас говийн аймгуудад хадлан бэлтгэдэг хадлангийн салаадын үйл ажиллагаатай танилцсан юм. Газар тариалангийн гол бүс нутагт багтдаг энэ суманд 15 салаа гарч хадлан тэжээлээ бэлтгэж байна. Салаадад нийтдээ 100 гаруй хүн ажиллаж, сумын хэмжээнд дунджаар 200-300 тонн өвс бэлтгэх зорилготой байгаа гэдгийг сумын Засаг дарга Ш.Энхтайван танилцуулсан. Ирэх өвөл цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэл авсан сумын иргэд өвсөө базаачихвал өвлийг өнөтэй давна гэсэн итгэлтэй байна. Энэ жил хур бороотой, зуншлага сайхан байснаар хаа сайгүй мал тарган, ургац арвин байгаа аж. Гэхдээ Баяннуур сумын хадланчдын хувьд хур ихтэй байлаа гээд хадлан арвин авч чадахгүйд хүрсэн гэнэ. Учир нь хадлан авдаг гол хөндийд Орхон гол савнаасаа хальснаар өвс бэлтгэх боломжгүй болсон юм байна.

 Гэхдээ жилийн жилд хадлан тэжээл бэлтгэх ажилд учирдаг гол хүндрэл нь трактор, техникийн асуудал гэдгийг хадланчид УИХ-ын даргад ярьж байлаа. Тухайлбал, цаг хугацаа хэмнэх, шатахуун бага зарцуулдаг тракторыг урт хугацаагаар, хөнгөлөлтэй нөхцөлөөр зээлээр авах хүсэлтэй байгаагаа уламжилж байв. Түүнчлэн Баяннуур сумын бэлчээрийн даац 4-5 дахин ихэссэн нь малчдад хүндрэлтэй байгаа аж. Тариаланчдад хамгийн их хэрэгтэй техник, технологийн асуудлын тухайд З.Энхболд дарга “Салбар хариуцсан яамны зүгээс тариаланчдад ажлын бүтээмж өндөртэй бага оврын трактор зээлээр олгох ажил хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, энэ жил хятад трактор оруулж ирж тариаланчдад зээлээр олгосноос тодорхой тооны трактор танай суманд тараагдсан байна. Хамгийн гол нь яг ямар хүчин чадалтай техник хэрэгтэй байгаагаа тариаланчид өөрсдөө тодорхойлоод холбогдох хүмүүстээ хандах хэрэгтэй. Түүнээс гадна царгас тарих хэрэгтэй юм байна. Жилдээ хоёр удаа хадлан авчихдаг, эдийн засагт ч хэмнэлттэй энэ ургамлыг тариалаад өвөл малаа тэжээх нь сайн үр дүнтэй байгааг Төв аймгийн Баянчандмана суманд байгаа үнээний фирм харуулж байгаа. Хүсвэл тариаланч та бүхнийг тэр фирмийн үйл ажиллагаатай танилцуулж болно” гэлээ.

 Баяннуур сумын иргэд төмс хүнсний ногоо тариалж хадлан хураахаас гадна цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцдог юм байна. Тухайлбал, Солонгос-Монголын хамтарсан “Аз жаргалын төгөл” төслийн хүрээнд цөлжилтөөс хамгаалах чацаргана тариалсан нь өдгөө өргөжиж нутгийн 20-оод өрх хувиараа чацаргана тариалж амьжиргаагаа залгуулдаг болжээ.  Иргэдийн энэ санаачлагыг З.Энхболд дарга дэмжиж  чацаргана тариалагчдын тоог өсгөх, дэмжих шаардлагатай гэдгийн аймаг, сумын удирдлагуудад хэлж байсан. Иргэн Л.Батсүрэнгийнх л гэхэд  3га-д жимс, ногоо, чацаргана тариалж жимсээ энэ жилээс хурааж эхэлсэн байлаа. Гэхдээ энэ өрхийн эзэгтэй мөн л трактортой болох хүсэлтэй байгаагаа уламжилж төрөөс дэмжлэг хүссэн юм. Эл асуудлыг УИХ-ын даргын орон нутаг дахь томилолтын бүрэлдэхүүнд багтсан Үйлдвэр, худалдааны яамны  Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ шийдэж өгөхөө амалсан юм.

Булган аймгийн ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнийн танилцуулснаар бол аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 5 мянган га-д тариалсан буудайгаа ангилж, 500 мянган га-г цайруулж үтрэмд оруулсан байна. Түүнчлэн 3000 га-д шууд хураалт хийгдсэн мэдээлэлтэй байна.

УИХ-ын даргын ажилласан дараагийн сумд нь Бүрэгхангай, Орхон. Бүрэгхангай сумын тариаланчдын буудай хураах үйл ажиллагаатай танилцахдаа тэрбээр “ УИХ-ын Ээлжит бус чуулганыг өндөрлүүлээд орон нутагт ажиллах эхний томилолтоо Булган аймгаас эхэлсэн нь учиртай. Энэ аймаг газар тариалангийн гол бүс нутаг учраас  юун түрүүнд тариаланчдын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах шаардлага байсан” хэмээн онцолж байв.  Бүрэгхангай сумын 10 жилийн сургуулийн багш ажилчдын төлөөлөл Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн 2012 оны 7 дугаар сард гаргасан тушаалтай холбоотой хүсэлт гаргасныг Засгийн газарт хүргүүлэхээ мөн мэдэгдсэн.

Орхон сумын хувьд  эсгий үйлдвэрлэл эрхэлж буй “Орхон-эсгий” хоршооны үйл ажиллагаатай З.Энхболд даргыг танилцуулсан. Тус хоршооны  дарга А.Лхагвасүрэн “Малчдаас түүхий эдээ авч урамшуулал өгдөг. Үйлдэрт сумын 14 иргэн хоср ээлжээр ажиллаж байна. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэхээс гадна малчид ноосоо хаана тушаах вэ гэдэг зовлон байдаггүй. Харин хоршооны хувьд ноос хадгалах агуулах байдаггүй бэрхшээлтэй” гэсэн мэдээлэл өгч байлаа. Сумын удирдлагууд тус хоршооны үйл ажиллагааг дэмжиж байгаа ч салбар хариуцсан яамны зүгээс зарим асуудлыг шийдэж өгөхгүй удаашруулдаг гэж байв. Түүнчлэн эсгийний үйлдвэр эрхлэхээс гадна ноосны чиглэлийн хангай үүлдрийн хонь сүрэгтэй болмоор байгаагаа З.Энхболд даргад хэлж байсан. Энэ суманд үйлдвэрлэл эрхэлдэг бас нэг өрх нь Г.Батсайхан гуайнх. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул иргэн хэмээн танилцуулсан энэ айлын эзэн Булган аймгийн  Орхон суманд өрсөлдөгчгүйгээр гэрийн мод, модон тавилга захиалгаар үйлдвэрлэх бизнес эрхэлж боломжийн орлоготой байгаагаа УИХ-ын даргад танилцуулсан.

Орон нутаг дах анхны томилолтоо шахуу хөтөлбөртэйгөөр эхлүүлсэн УИХ-ын дарга З.Энхболд Булган аймгийн төвийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарын Элевадорын үйл ажиллагаатай танилцсанаас гадна Улсын аварга ногоочин Г.Доржын ногоо хураалтыг сонирхосон юм. Хашаандаа төмс хүнсний ногоо тариалж бусдад үлгэр жишээ болсон аварга ногоочин Г.Дорж аймгийн 1 дүгээр арван жил цэцэрлэгийн хүнсний ногооны жилийн хэрэглээг хангадаг юм байна. 

Ийнхүү Булган аймгийн  иргэдийн газар тариалангийн үйл ажиллагаатай танилцах ажлаа өндөрлүүлсэн З.Энхболд дарга мөн өдрийн орой Эрдэнэт хотод хүрэлцэн ирээд байна. УИХ-ын дарга болсноосоо хойшхи анхны томилолтоороо ирж байгаа шинэ парламентын тэргүүнийг цэргийн хүндэт ёслолоор эрдэнэтчүүд тосч авлаа. Түүнчлэн аймгийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд УИХ-ын цаашдын үйл  ажиллагаа, ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг сонирхлоо. Мөн аймагт тулгарсан зарим бэрхшээлийг шийдэж өгөх хүсэлтийг уулзалтын үеэр уламжилж байсан. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны төслөөр гэр хорооллыг усжуулахаар орон нутгийн удирдлагуудаас худагны газар хүсээд шийдэж өгөхгүй байгааг хэлж байсан. Түүнчлэн Эрдэнэтэд үйлдвэрийн технологийн парк байгуулах асуудал хэзээ ажил хэрэг болохыг сонирхов. Үүнд УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү “2013 онд парк байгуулах асуудлын хөрөнгө мөнгийг төсөвт суулгана гэдэгт Сангийн сайд Н.Батбаяртай зарчмын хувьд тохирсон байгаа. Гэхдээ хамгийн гол нь энэ төсвийн асуудал УИХ дээр шийдэгдэнэ. Тиймээс эрдэнэтчүүд УИХ-д сонгосон гишүүдээ шахах хэрэгтэй” гэсэн хариулт өглөө. Түүнээс гадна Д.Одхүү зөвлөх УИХ-ын гишүүн байх үедээ Эрдэнэтийн утааг багасгах ажилд зарцуулах 500 сая төгрөгийг улсын төсөвт суутгуулж улмаар батлуулж байсан юм байна. Энэ мөнгө одоо орон нутгийн удирдлагуудын мэдэлд ирсэн байх ёстой. Тэр хөрөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулсан, хүүхдийн автобусны асуудлыг шийдэж өгсөн байхад өнөөг хүртэл яагаад явуулахгүй байгааг Засаг даргаас лавласан юм. Утаа багасгах ажилд зарцуулах хөрөнгийг утаагүй зуух авч 1300 иргэнд тараах хөрөнгийн эх үүсвэр болгосон гэж Засаг дарга мэдэгдсэн ч хүүхдийн автобусыг “зогсоол байхгүй” гэдгээр шийдээгүй гэдгээ хэлэв. Харин Д.Одхүү зөвлөх “Хүүхдийн автобусыг үйлчилгээнд гаргах ажлыг зогсоолын асуудлаар уяж болохгүй” гэлээ.

Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболдын орон нутаг дахь томилолт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр пүрэв гаригт Орхон аймгийн Баян-Өндөр сумын зарим аж ахуй, албан байгууллага, тариалан эрхэлдэг иргэдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сэлэнгэ аймгийн Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр орж ажил байдалтай нь танилцах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top