Т.Аюурсайхан: Улс төрд шинэлэг гэхээсээ илүү хүнлэг, шударга байхыг л хүсч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга Т.Аюурсайханы ярилцлагыг хүргэж байна. Саяхан түүнийг дүүргийнх нь ИТХ-аас Засаг даргаар ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

-Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллуулах ИТХ-ын шийдвэр гараад хэд хонож байна. Энэ мэдээлэд сонин хэвлэлд гарахтай зэрэгцээд Аюурсайхан гэж хэн бэ гэсэн асуулт бас дагалдаж байна...?

-Би хотын хүн. Чингэлтэй дүүрэгт амьдарч, бусдын адил л их хотын жаргал зовлонг мэдэрч яваа иргэн. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Амьдралынхаа нэг хэсгийг сурч боловсроход зарцуулсан, одоо ч суралцаж байна. Турк, Япон, Солонгост суралцаж байгаад саяхан ХААИС-ийн докторантурыг дүүргэсэн. Одоо эдийн засгийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалахаар бэлтгэж байна. Нэг хэсэг хувийн хэвшилд ажиллаж байгаад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт ажилласан. 2008 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-д сонгогдсон. Одоо дүүргийнхээ ИТХ-ын тэргүүлэгч, асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байна. Дүүргийн ИТХ-ын есдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар намайг Засаг даргад дэвшүүлэх шийдвэр гаргасан. Би өөрийгөө хангапттай боловсруулж, ямар ч ажлыг хийхэд бэлтгэсэн гэж боддог. Энэ байдлыг маань дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, намын нөхөд харгалзан үзээд Засаг даргаар ажиллаж чадна гэж үзсэн болов уу.

-Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах явсан хүн дүүргийн Засаг даргад өрсөлдөж байна. Магадгүй ард нь хэн нэгэн байгаа болоод л гэнэт дүүргийн Засаг даргад нэр дэвшлээ гэсэн хардлага байх шиг. Ингэхэд өөрөө Н.Багабанди Ерөнхийлөгчтэй анх яаж танилцаж байв?

-Юуны өмнө би хэн нэгний хүн биш, би өөрийнхөөрөө л ажиллаж, амьдарч ирсэн гэдгээ зориуд хэлмээр байна. Мэдээж улсын Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллана гэдэг хэн хүнд тохиохгүй ховор хувь тавилан.

Нэг өдөр Н.Багабанди дарга дээр ороод өөрийгөө танилцуулсан. Тэгээд л ажилд орж байсан. Даргатай хамтарч ажиллаж байхдаа улс төр энэ тэр хөөцөлдөж яваагүй ээ. Өөрт ногдсон ажлаа эзний ёсоор хийж, энэ хүний нэр төрийг сэвтээхгүй ажиллах нь миний ажил байсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн удирдлага дор бүхэл бүтэн аппарат ажиллаж байв. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед түүний нийгэм, эдийн засгийн харилцаа, гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн харилцаа, протокол гэсэн үйл ажиллагааны тодорхой ажил үргэлжилсэн. Энэ ажлыг гардан гүйцэтгэсэн. Тиймээс энэ хугацаа бол миний хувьд туршлагажих, өөртөө ажлын хариуцлага, хөдөлмөрч, хичээнгүй чанарыг төлөвшүүлэх, олон төрлийн ур чадварыг эзэмших, гадаад хэлээ төрийн дээд хэмжээний харилцаанд хэрэглэгдэхүйц болтол сайжруулах зэргээр өөртөө хөрөнгө оруулалт хийсэн үнэлж баршгүй он жилүүд байлаа.

-Ингэхэд Чингэлтэйнхэн яагаад Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан юм бол...?

-Чингэлтэй дүүргийн Засаг даргыг огцруулах санаачлагыг ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасан юм. Манай намын л хүн гэвэл заавал албан тушаалтайгаа зууралдах ёстой гэсэн зүйл байхгүй шүү дээ. Ажлаа хийж чадахгүй бол ямар намынх нь сонин биш. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хоёр сар үлдсэн байна уу, хоёр хоног үлдсэн байна уу хамаагүй, хариуцлага алдсан хүндээ төр өөрөө хариуцлага хүлээлгэдэг байж төрийн цаана асар олон иргэдийн амьдрал, хувь заяа байдгийг мартаж болохгүй. Дүүргийн Засаг даргын хувьд “ Тэнгис” кино театрын орчимд болон бусад газарт замбараагүй газар олгоход хяналт тавьж чадаагүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг олон асуудал огцруулах үндэслэл болсон. ИТХ-аас гарсан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг огцруулах нь зүйтэй гэж шийдсэн.

-Тэгвэл Таны томилгооны асуудал юу болж байна вэ?

-Дүүргийн ИТХ-ын есдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар намайг Засаг даргад дэвшүүлэх шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэрийг Засаг дарга Д.Ганболдыг огцруулах тухай өмнөх шийдвэртэй хамт дээд шатныхаа Засаг даргад өргөн барьсан юм билээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өмнөх Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг шийдэж байж дараагийн хүнийг дэвшүүлэх асуудлыг шийдэх ёстой гэсэн үндэслэлээр ИТХ-ын шийдвэрийг буцаасан. Миний хувьд дээд шатныхаа Засаг даргын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хуулийн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэрийг есдүгээр сарын 14-ний өдөр гаргасан учраас дүүргийн ИТХ дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр есдүгээр сарын 17-ны өдөр ээлжит бус чуулганаа хуралдуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга гадаадад явах гэж байсан учраас өмнө нь өргөн барихын тулд хурлаа цаг алдалгүй хийх учиртай байсан. Харамсалтай нь тэр өдөр “Тэнгис” кино театрын дэргэдэх барилгаас төмөр унаж хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Миний хувьд гудамжны нэг талд аймшигт осол гарч, хүний алтан амь үрэгдээд байхад нөгөө талд нь суучихаад албан тушаалд томилогдъё гэсэн хүсэл сонирхол байгаагүй. Төлөөлөгчдийн ирц хүрч хуралдах боломж байсан ч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хурлаа хойшлуулах нь зөв гэж үзсэн. Тиймээс маргааш нь ИТХ-ын чуулган хуралдаж, намайг дүүргийн Засаг даргад дэвшүүлэх шийдвэр гарсан.

-Анкарагийн гудамжийг тохижуулахад Таныг Турк Улсаас тусламж гуйсан гэдэг юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Чингэлтэй дүүрэг Анкарагийн гудамжийг тохижуулахад Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ТИКА-гаас санхүүгийн дэмжлэг хүссэн юм билээ. ТИКА-гийн зүгээс тухайн үед манай улсад хуваарилагдсан 400 мянган ам.долларын хөрөнгийг Анкарагийн гудамжинд зориулах тал дээр Турк Улсад боловсрол эзэмшсэн, тус улсын апбаны хүмүүстэй харилцаатай байдаг хүний хувьд анхаарч ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга надаас хүссэн юм. Тухайн үед дээрх хөрөнгийг Сүхбаатар дүүрэг дэх Турк Монголын найрамдлын цэцэрлэгийг тохижуулахад зарцуулахаар шийдвэрлэсэн байсан юм билээ. Харин манай дүүргийн Засаг даргыг төлөөлж ТИКА-гийн суурин төлөөлөгчтэй уулзсан Засаг даргын тамгын газрын ажилтан энэ хариултыг сонсоод манай дүүрэгт Анкарагийн гудамж байх хэрэгтэй ч юм уу, Ататуркийн хөшөө байх хэрэгтэй ч юм уу гэж уурлаад гараад явсан юм билээ.

-Дипломат ёс зөрчигдсөн гэсэн үг үү. Их хариуцлагагүй ажил болжээ?

-Дипломат ёсонд жижигхэн мэт асуудлаас болж алдаа амархан гардаг боловч түүнийг засч залруулахад асар их хүчин чармайлт шаарддаг. Үүний дараа бид Туркийн Элчин сайдтай хэд хэдэн удаа уулзалт хийсний үр дүнд Анкарагийн гудамжны тохижилтод хөрөнгө оруулах асуудалд санал нийлсэн. 2009 онд Анкарагийн гудамжны тохижилтод тусламж олж ирэх зорилгоор Турк Улсыг зорьж, ТИКА-гийн эрх бүхий хүмүүстэй уулзаж дэмжлэг хүссэн. Тухайн үед ТИКА гадаад туспамжаа Африкийн орнууд уруу чиглүүлэхээр шийдвэрлэсэн байсан учраас бид хөрөнгийг өөр эх үүсвэрээс хайх хэрэгтэй болсон. Ингээд эртний танил маань Туркийн Ерөнхий сайдын орон нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн ахлах зөвлөхөөр томилогдсон байсан нь бидэнд маш том дэмжлэг болсон. 2009 оны зун Улаанбаатарын соёлын өдрүүдээр Анкара хотын орлогч дарга Али Гөкшин манай улсад ирж бид уулзаж гудамжны тохижилт дээр дэмжлэг хүссэн юм. Ингээд намар нь Анкара хотынхон бидэнд тусламж үзүүлэх боломжтойгоо мэдэгдэж, албан ёсоор хандахыг хүссэн. Ингээд Анкарагийн гудамжны төслийг эхлүү- лэхээр Туркийн талын холбогдох хүмүүс ирж төсвийн тооцоог хийсний үндсэн дээр тусламжийн мөнгийг 2.1 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн юм.

-Таны хувьд улстөрийн нэг завин дээр суучихлаа. Өмнө нь хийсэн ажилтай гэдгээ ч хэлж байна. Өндөр боловсролтой залуучууд яагаад заавал улстөрийн ажлыг сонирхоод байдаг юм бэ?

-Нэгэнт завин дээр суусан юм чинь голынхоо эрэг дээр гарах ёстой биз дээ. Эрэг хүртэл явах саад тотгор бэрхшээлийг тухайн хүн л өөрөө давж гарах ёстой гэж үздэг. Түүнээс биш хэн нэгэн миний өмнөөс шийдвэр гаргаад хүний толгойгоор амьдарна гэж байхгүй шүү дээ. Тиймээс улстөрд шинэлэг гэхээсээ илүү хүнлэг, шударга, эмх цэгцтэй байхыг л хүсч байна.

Н.Намуун

 эх сурвалж: Монголын үнэн 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top