Хүмүүсийн дотор улс төрийн уур бухимдлын сав байдаг. Эрх баригчид алдаатай, амьдралд нь сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргах тоолонд энэ сав дүүрч байгаад хавар болохоор хальж асгардаг.
Харамсалтай нь “Шинэчлэлийн Засгийн газар” байгуулагдсанаас хойш энэ сав маш хурдацтай дүүрч байна.
Оюутолгойн гэрээг оролдох хэрэггүй
Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тов тодорхой орсон байсан “Оюутолгойн гэрээг өөрчлөх” амлалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орохдоо зүсээ хувиргачихав. Дараа нь гэрээг эргэж харах асуудлыг хэлэлцэх шаардлагатай эсэх дээр санал хураалгахад 26:27 буюу ганц саналын зөрүүгээр унасан юм. Б.Бат-Эрдэнэ гишүүний биеийг гэнэт муудахад хүргэсэн энэ үр дүнг гэхдээ дан АН-д нялзаах нь учир дутагдалтай. Учир нь, гэрээг эргэж харах хэрэггүй гэж үзсэн гишүүдийн дунд сөрөг хүчний олон гишүүн байсан юм. Гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж санал өгөн цөөнх болсон гишүүд үндэслэлээ “Манай тал нөөц ашигласны татварыг таван хувиар тогтоосон. Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй. Эцэст нь Монгол Улс 34 хувиа хүүтэйгээ буцаан худалдаж авна. Долоон төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаасан. 31 дэх жилээс Монголын тал Оюутолгойн 16 хувийг авна гэж байгаа. Оюутолгойн гэрээ бол хөрөнгө оруулагчдыг татах “өгөөш” байсан, энэ үүргээ ч сайн гүйцэтгэсэн. Одоо бол цаашид хийгдэх гэрээнүүдийн талаар л ярих ёстой гэсэн АН-ын байр суурь уг нь зөв. Гэвч ард түмэнд таалагдах тал дээр хасах үнэлгээ авлаа. Үгнээсээ буцсан хүнд монголчууд дургүй байдаг. Энэ утгаар нь хасах оноо авсан гэж дүгнэж байгаа юм. Оюутолгойн гэрээг өөрчлөх гээд байгаа гишүүд Ашигт малтмалын тухай хууль, тогтвортой байдлын гэрээний нөхцлийг өөрчлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх хугацааг богиносгох тал дээр анхаарч ажилласан нь илүү дээр болов уу. Хөрөнгө оруулалт цутган орж ирж, шинэ шинэ ордууд толгой дараалан нээгдэж байгаа цаг үед энэ л илүү онох байх.
“Уургын морь шиг” буцдаг засаг
Ер нь Шинэчлэлийн Засгийн газар анх гаргасан шийдвэрээ эргэж харах, зарчмаасаа ухрах явдал хэд хэд гарлаа. Байгуулагдаагүй байхдаа л нөхцөл байдлыг мэдрээгүй мэдэгдэл гаргаж байсан гэж хэлсэн ч болно. Жишээлбэл, намуудтай эвсэл бүрдүүлж амжаагүй шахуу байж “Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдын орон тоо байхгүй” гэж мэдэгдсэн. Гэвч дараа нь зарчмаасаа ухарсан. Асар их амбийцтай, үнэ цэнээ мэдэрсэн намуудтай хамтрахын зовлонг АН эхнээсээ ингэж амссан юм. Гэхдээ дотоодод нь ч гэсэн ийм хүсэлтэй хүмүүс байсныг үгүйсгэх аргагүй.
Иргэдийн дунд “Дэд сайдын хэрэгцээнд бид хэтэрхий их хөрөнгө зарцуулж байна” гэсэн нийтлэг шүүмжлэл байдаг. Цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд 11 сая, нийгмийн даатгалд сая 200 мянга, бичиг хэргийн зардалд 200 мянга, тээвэр, шатахуунд зургаан сая 600 мянга, гар утас, шуудан харилцаанд 780 мянга, ном хэвлэл авахад 259 мянган төгрөг гээд тоочоод байвал элбэг 20 гаруй сая төгрөг болох аж. Эрх мэдэлгүй мөртөө улсын төсвөөс дээрх хэмжээний мөнгө зулгаачихдаг энэ албан тушаалыг хэвээр үлдээснээрээ татвар төлөгчдийн халааснаас тэрбум 300 гаруй сая төгрөгийг “хумсалж” байгаагаа эрх баригчид мэдэж байсан нь лавтай. Үүнд мөнгөнөөс илүү гай тарьж мэдэх бас нэг таагүй үр дагавар байгаа нь өөрсдийгөө улс төрч гэж бодогчдын армийг тэлсэн явдал. Энэ гайтай албан тушаалд өндрөөс бууж байгаа гэхээсээ илүү өндөрлөг өөд өгсөж яваа хүмүүс ихэвчлэн суудаг. Намд ажиллаж гүйж байгаад дэд сайд болсон бол хэн ч улс төрч гэж харна, өөрөө ч тэгж бодно. Ингээд л улс орны хөгжилд хамгийн их саад болж байгаа “улстөржилт” хэмээх түймэрт нэгэн цучил нэмэгдэх нь тэр. Нэрийг нь хэлээд яах вэ, улстөрчид шинээр төрж гарч байна аа, байна. Улс төржилтөд том хувь нэмэр оруулж, жижиг намуудаас шинэ улстөрчдийг бэлтгэх бодлого барьсан АН-д талархлаа гэх үү.
Ам асуух бас нэг далим “Сайд нарын айлчлал”
Шинэ Засгийн газрын гол зорилго нь төсвийн үрэлгэн байдлыг хязгаарлах байсан ч дэд сайдын томилгоогоор энэ зорилгоосоо ухарсан гэдгээ харуулсан. Тэгвэл энэ зорилтыг хангах чиглэлд хийсэн бас нэг зарчмын шийдвэр нь агаарт замхрах төлөвтэй. Тэр нь Засгийн газрын сайдуудын гадаадад хийх айлчлалыг жилд хоёроос дээшгүй байхаар тогтоох тухай. Одоогийн байдлаар сайдууд дээд хязгаартаа аль хэдийнэ хүрээд байгаа. Ер нь салбарын сайд хүн бүтэн жилд хоёрхон удаа гадаадад айлчлах нь хангалттай хэмжээ биш. Тэгэхээр сайдыг хоёроос дээшгүй удаа айлчлал хийж байхаар зохицуулсан нь өөрөө алдаа, энэ талаар олонд ил зарласан нь бүр ч том алдаа болж байна.
Х.БАТСАЙХАН
www.mminfo.mn
Сэтгэгдэл ( 0 )