Хүн төрөлхтөний парламент гэгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дахь удаагийн чуулган өнөөдөр 193 орны төр засгийн тэргүүдийг нэгтгэн АНУ-ын Нью-Йорк хотноо нээлтээ хийж байна. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцож байна.
Чуулганы эхний өдөр (9 дүгээр сарын 24) бүхий л төр засгийн тэргүүдийн анхаарлаа хандуулсан сэдэв нь “Хуулийн засаглал”-ын тухай байв. “Үндэсний болон олон улсын түвшин дэх хуулийн засаглал”-ын асуудлаарх өндөр түвшний хуралдааныг нээж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Вүк Жеремик, НҮБ-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар үг хэлэв.
Чуулганы үдээс өмнөх хэсэгт Монгол, Австри, Иран, Болгар зэрэг нийт 35 улсын төр засгийн тэргүүд үг хэлсэн бөгөөд тэд бүгд Хуулийн засаглалыг бэхжүүлж, даяан дэлхийн улс үндэстнүүдийн дунд хэлбэрэлтгүй хэрэгжүүлснээр шударга ёс, энх тайван, ардчилал, хүний эрх тогтоно. Үүний тулд авлигатай эрс шийдэмгий тэмцэх ёстойг онцлож байв. Тухайлбал Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Хейнз Фишер хэлэхдээ, “Хуулийн засаглал бол олон улсын харилцааны үндсэн суурь юм. Энэ бол эдийн засгийн тогтвортой өсөлт, хүний эрхийн хамгаалалт хийгээд олон улсын энх тайван, аюулгүй байдлын тухай ойлголт бөгөөд хуулийн засаглалын хамгийн том дайсан, уршигт өвчин нь авлига гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нийлж байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “...
Хүний эрх, хууль дээдлэх ёс өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй билээ. Эдгээр нь хүн төрөлхтний түгээмэл, салшгүй үнэт зүйлс, баримтлах үндсэн зарчмууд юм. Хуулийн засаглал тогтоогүй байхад хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх боломжгүй. Иймээс ч хуулийн засаглал нь төр, иргэд хоорондын нийгмийн гэрээний үндэс суурь, амин судас нь юм.
Хуулийн эрхэм дээд чанар, хуулийн өмнө эрх тэгш байх, хуулийн өмнө хариуцлага хүлээх, түүнийг шударгаар хэрэглэх зарчмуудыг дагаж мөрдөхөд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хуулийн засаглал биднээс шаардана. Хуулийн засаглал, авлига хоёр зэрэгцэн орших боломжгүй. Эрх чөлөө, хүний эрх, хуулийн засаглалын талаар наймаалцаж хэлэлцэх ёсгүйн адил авлигатай тэмцэхэд ч буулт хийх ёсгүй. Хууль бүх хүмүүст тэгш үйлчлэх ёстой. Ардчиллын үндсэн зарчим бол хуулиас дээр хэн ч үгүй, хэн ч байх ёсгүй. Энэ зарчим төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл бүгдэд нь үйлчлэх учиртай.
Түүхийнхээ туршид монголчууд төрдөө хуулийн засаглал тогтоон улс орноо удирдаж ирсэн билээ. Авлигатай холбоотой хэнийг ч гэсэн хатуу цээрлүүлсээр ирсэн. Хөгжиж буй орнуудын хувьд авлига нь ардчиллын хамгийн аюулт дайсан нь юм. Авлига нь халдварт өвчний нян лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой бөгөөд энэ нь нэн тэргүүний зорилт байх учиртай юм. Авлига гээч гэмт хэргийг жирийн иргэн бус харин төрийн албан хаагчид л үйлддэг. Авлигатай тэмцэх явдал нь бүх удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчдын хувьд нэгэн төрлийн шалгуур юм. Авлига нь эрх мэдэл, эд баялгийг хууль бусаар бий болгодог ноцтой гэмт хэрэг тул түүнийг үйлдэгсэд нь хууль ёсны шүүхээс зайлсхийхийн тулд түүний эсрэг олон нийтийн үзэл санааг өөртөө ашигтайгаар ашиглахыг оролддог...” гэв.
Сэтгэгдэл ( 0 )