Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг 2012 оны 09 дүгээр сарын 26-ны лхагва гаригт Монгол орныхоо баруун хязгаар Увс аймагт ажиллалаа. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдын орон нутагт хийх энэ удаагийн томилолт Ховд, Баян-Өлгий аймагт үргэлжилж, өчигдөр төрсөн нутаг Увс аймагтаа ажиллалаа. Ерөнхий сайдыг Улаангом хотын төв талбайд хүндэт харуул угтан авч, төр засгийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөснөөр түүний тус аймагт дахь анхны томилолт эхэллээ. Тэрбээр энэ өдөр шинэ, хуучин дулааны станц, дараа нь Улаангом хотын төв стадионы барилгын ажил, хүнс болоод барааны захын үйл ажиллагаатай танилцлаа. Хуучин дулааны станцыг 2003 онд Д.Сурмаажав захиралтай “Түлш дулааны нэгдэл” компани хувьчилж авсан бөгөөд 25 жилийн настай энэ станц 2008 онд Улаангом хотыг хөлдөөх шахсан тул тус аймаг шинэ станц барихаар тендер зарласан юм байна. 2011 оноос шинэ станц барьж эхэлсэн “Баян хайрхны чоно” компани 7,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барихаар тендерт ялж ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Энэ оны 11 дүгээр сард эхний зуухыг ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй гэж буй хэдий ч өнөөдрийн байдлаар 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 7,2 тэрбум төгрөгөөр станц барина гэж тендер авсан тус компани ашиглалтад оруулах графикт хугацаанаасаа хоцорч байгаагийн дээр дахин 2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тайлбар хийсэн нь Ерөнхий сайдыг нэлээд бухимдуулсан бөгөөд тэрбээр “Өөрсдийн санал хүсэлтээр ажил авчихаад дараа нь мөнгө хүрэлцэхгүй байна гээд тэрбум тэрбумаар нь мөнгө нэмдэг жишиг тогтсон байна. Төсөвт өртгийн үлдэгдэл 2 тэрбум төгрөгөө гүйцэтгэлээ хийж аваагүй хэрнээ яагаад нэмж мөнгө нэхээд байгаа юм. Та нарыг энэ тендэрт хэн оролц гэж шахсан юм” хэмээн хатуухан хэлээд ийм байдыг Шинэчлэлийн Засгийн газар таслан зогсооно гэж мэдэгдлээ. Ингэхдээ ажлаа хугацаандаа өгөөгүй, нэмж мөнгө шаардаж байгаа компаниудыг дахин тендерт оруулахгүй гэдгийг ч тэрбээр хатуу анхааруулаад 11 дүгээр сарын 1 гэхэд эхний зуухыг ашиглалтад оруулах үүрэг өглөө. Улсын ийм их хэмжээний хөрөнгө зарчихсан шинэ станцын талаар 2008 онд Улаангомыг хөлдөөх шахсан хуучин станц 2010 оноос хэвийн ажиллаж, тус хотын 90 хувийг дулаанаар хангадаг байсаар байхад хуучин станцтай хүчин чадал адил нэмэлт эх үүсвэр ойрын жилүүдэд шаардлагагүй байсан гэж тайлбарлах хүмүүс ч бас байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )