Монголын ээлжит сорилт

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

 Монгол Улс ардчиллын замналыг амжилттай туулж байна, одоо авилгын эсрэг шаргуу тэмцэх хэрэгтэй.

 Ларри Даймонд, Фрэнcис Фукуяама, Стивен Краснер нар хамтран бэлтгэв.

Америкийн нийтлэлчид ардчиллыг шинээр болон сэргээн тогтоож буй орнууд, тэр дундаа урт хугацааны дарангуйллаас арай хийн өндийн гарч ирж буй орнуудыг идиалист байдлаар тайлбарладгаас үүдэн тэдгээр орнуудын талаар бодит бус төсөөлөл уншигчдад бий болгодог. Үүний нэгэн тод жишээ бол Монгол Улс юм.

Сүүлийн үед тус улсын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авилгын холбогдолтой асуудал олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа нь зарим хүмүүсийг ашигт малтмалаар баян Монгол Улс баялгийн хараалд аль хэдийн өртөж эхэлжээ хэмээн санаа зовиноход хүргэж байна. Гэвч энэхүү асуудлыг олон талаас нь харах хэрэгтэй. “Фрийдом хаус”-ын гаргасан судалгаанаас үзвэл Монгол Улс хуучин социалист орнуудын дотор 1991 оноос хойш “эрх чөлөөт орон” болж чадсан ганц орон хэмээн дүгнэжээ.

Энэ нь 1990 оны эхэн үе буюу шилжилтийн үед эдийн засаг нь нурж байсан, ардчиллын талаар төдийлөн арвин туршлага хуримтлуулж амжаагүй, ОХУ болон БНХАУ-аар хүрээлэгдсэн Монгол орны хувьд магтууштай үзүүлэлт яах аргагүй мөн.

Монгол Улс өрсөлдөөнт ардчиллыг эрх баригч намууд солигдож ирсэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хөгжүүлж, тогтоож чадсан. Өнөөдөр энэ орны гурав дахь засаглал нь хүчтэй, иргэний нийгэм нь бие даасан, иргэд нь эрх чөлөөгөөр амьсгалсан байхыг харахад Азийн цээжин дэх энэхүү орон бие жижигтэй ч бэлчээр томтой юм гэсэн бодлыг төрүүлж байна.

Сүүлийн 10 жилд тус улсад эрдэс баялгийн томоохон ордууд илэрсэн нь Монгол Улсад шинэ сорилтуудыг авч ирсэн. Ирэх 10 жилд иргэдийн дундаж орлого жил бүр 10 буюу түүнээс дээш хувиар өсөх тооцоолол байна. Үүнд зөв менежмент хийж чадвал гурав хүрэхгүй сая хүнтэй монголын иргэдэд өгөөжтэй, харин буруу ашиглавал энэ улсад хуулигүйдэл, үнийн өндөр өсөлт, популизм, хөгжлийн удаашрал, тэр бумаар тоологдох доллар хилийн чанад дахь “нууц” дансанд орж, баян хоосны ялгаа ихсэх эрсдлийг дагуулна.

Иймд Монгол Улс юуны өмнө авилгын асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Н.Энхбаярын шүүх хурал тус улсыг 2 хуваагаад байгаа. Түүний гол өрсөлдөгч болох одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар бид саяхан Монголд зочлох үеэрээ олон хүнтэй уулзаж ярилцсан ба тэд Н.Энхбаярын хэргийн талаар ялгаатай үзэл бодол, байр суурьтай байв.

Улс төр болон бусад салбарт ажиллаж амьдардаг олон хүнтэй бид ярилцсанаас Н.Энхбаярын намын гишүүдээс бусад ихэнх хүн түүнд авилгын асуудлаар хэрэг үүсгэснийг дэмжиж байлаа. Хамгийн сонирхолтой нь, баруунд сурч боловсрол эзэмшсэн бүлэг залуустай хийсэн уулзалтын үеэр тэд Н.Энхбаяр одоо үүсгээд байгаагаасаа илүү ноцтой авилгын хэрэг үйлдсэн гэсэн байр суурьтай байв. Төрийн өндөр албан тушаалтнуудын дунд төдийгүй улсын хэмжээнд авилгын асуудлыг газар авхуулах нь Монгол Улсын ирээдүйд заналхийлэх аюултай хэмээн тэд хэлж байлаа.

Үүний зэрэгцээгээр бидний уулзсан хүмүүс Н.Энхбаярын баривчилгааны үйл явц болхи, мэргэжлийн бус байсан, мөн түүнийг үйлдсэнээс нь илүү хөнгөн гэмт хэрэгт холбогдуулан баривчилсан хэмээн шүүмжилж байв. Монгол Улсын Үндсэн Хуулийн дагуу тус улсын Ерөнхийлөгч шүүгчид болон Улсын Ерөнхий прокуророо томилдог. Улсын Их Хурлын сонгууль болохоос 2 сар гаруйн өмнө болсон экс-ерөнхийлөгч Н.Энхбаярын баривчлах үйл ажиллагаа нь улс төрийн шинж чанартай байсан гэж хариулж байв.

Ноён Н.Энхбаярын шүүх хуралд АНУ-ын Калифорни мужийн сенатч Дайан Фэйнстэйн, Брүүкингсийн хүрээлэнгийн ТУЗ-ын дарга Жон Л. Торнтон зэрэг хүмүүс олон улсын хэмжээнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүд намын дарга болох Н.Энхбаярыг хэлмэгдуулсэн гэж үзэж байгаа хэдий ч энэ нь өнгөрөгч 8 дугаар сард тус намыг Парламентад Ардчилсан намтай эвсэн нэгдэхэд саад болсонгүй бололтой.

Бид болон барууны шүүмжлэгч нар Н.Энхбаярын хэргийн талаар дур мэдэн дүгнэлт гаргах эрх бүхий хүмүүс биш. Сүүлийн жилүүдэд монголын уул уурхайн салбарт Орос, Хятадын хөрөнгө оруулагчдаас тэрбумаар тоологдох хөрөнгө орж ирж байгаа ба тэдгээр компаниудын ажилтнууд “АНУ болон гадаадын авилгын практикийн тухай акт” болон түүнтэй дүйцэх бусад журамд хязгаарлагдалгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Н.Энхбаяр нь 1997 оноос эхлэн хуучин коммунист намын залгамж халаа болох МАХН-ыг удирдаж, 2000 - 2004 онд Ерөнхий Сайд, 2005 - 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашиж, тэр хугацаандаа төрийн өндөр албан тушаалтны адил авилгад автах боломж бүхий нөхцөлд ажиллаж байсан билээ. Бидэнтэй уулзсан хэд хэдэн нам бус монгол иргэд түүнийг монголын “Авилгын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэж байв.

Саяхан Брүүкингсийн хүрээлэнгийн нэгэн тайлбарлагч Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаал хашиж эхэлсэн цагаас эхлэн Монгол Улсад авилга өгөх, авах асуудал гаарсан хэмээн бичсэн байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 2005 онд гаргасан тайландаа “Бүх шатан дахь ашиг сонирхолын зөрчил төр болон хувийн хэвшлийн заагийг арилгаж, 21 дүгээр зууны эхний 10 жилд улс төрийг хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхэд ашиглах байдал нэмэгдсэн нь Монгол улсад авилга гаарах суурийг тавьжээ” гэсэн байдаг.

Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэвэл, Монгол Улсад улс төрийн намдын удирдагчдын холбогдол бүхий ашиг сонирхлын гэмт хэргийг сайтар хянаж, хууль ёсны дагуу шийтгэл хүлээлгэх нөхцөл, механизмыг бүрдүүлэх шаардлага тулгараад байна гэсэн үг. Шүүх эрх мэдлийн бие даасан байдал хурцаар тавигдаж буй энэ үед шүүх засаглалын бие даасан байдлыг Үндсэн хуулийн хүрээнд хангах нь зүйтэй.

Эцэст нь хэлэхэд, иргэний нийгэм тус улсад ардчилал зүй ёсоор хөгжиж байгаа эсэх тал дээр цогц хяналт тавих хэрэгтэй байна. Монголын гадны нөхөд ч мөн адил энэхүү чухал бүтцийн шинэчлэл, бодролын цаг үед нь тусламжийн гараа сунгах хэрэгтэй.

Ноён Даймонд нь улс төрийн шинжлэх ухааны профессор, харин ноён Фукуяама болон Краснер нь Стэнфордын их сургуулийн судлаач юм.

 

Эх сурвалж:

http://online.wsj.com/article/SB10000872396390444358804578015933209631870.html

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top