Улс төрийн санхүүжилтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31


 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй хамтран “Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт” сэдвээр төрийн ордонд өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга М.Бакей нээж, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа удирдан явуулав. Эхлээд улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн санхүүжилт ба намын хөгжлийн чиг хандлага”, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн зөвлөх Биярта Тора “Улс төрийн сангийн олон улсын туршлага”, тус хүрээлэнгийн Улс төрийн нам ба парламентын асуудал хариуцсан хөтөлбөрийн дарга Сайм Ван Дер Стаак “Улс төрийн намын санхүүжилтийн үндсэн хэсгүүд”, УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Улс төрийн сангийн санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжит хувилбар” гэсэн илтгэл тус тус тавьж, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулав.
 
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол авлигаас ангид төр, авлигаас ангид төрийн байгууллага, авлигаас ангид хууль хяналтын байгууллагыг хөгжүүлэх, төлөвшүүлэх явдал. Энэ хүрээнд авч үзвэл улс төрийн намын шинэчлэл ч өөрөө хариуцлагатай төрийн эх сурвалж болдог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй улс төрийн намын шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсны үндсэн дээр тус хүрээлэнгийн зөвлөх Биярта Тора манай үндэсний зөвлөхүүдтэй уулзан ярилцаж, улс төрийн нам, улс төрийн санхүүжилтийн үйл ажиллагааны талаар зөвлөмж боловсруулсан юм. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газар “Улс төрийн нам болон улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай хуулийн төслийг эхний хувилбараар ажлын хэсэг бэлтгээд байна. Өнөөдөр бидэнд улс төрийн намын эрх зүйн орчинг иж бүрнээр өөрчилж шинэчлэх хэрэгцээ тулгамдсан зорилт болоод байна. Тиймээс энэ хэлэлцүүлэг бол намуудын, тэр дундаа парламентад суудалтай улс төрийн намуудын дунд улс төрийн шинэчлэлийн зарчмын гол гол асуудлаар зөвшилцөл, цаашлаад иргэний нийгмийн байгууллага, судлаачид, сонгогчдын хүрээнд ойлголцлыг бий болгох үйл ажиллагааны эхлэл юм” гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ.
 
Илтгэгчид улс төрийн нам,  түүний санхүүжилтийн тухай одоогийн ойлголт, өөрчлөх хувилбар бөгөөд олон улсын туршлагын талаар ярилаа. Ингэхдээ нам, түүний үйл ажиллагааг шинээр ойлгомжтойгоор тодорхойлох, намын шинэчлэлийг хийж, төрөөс санхүүжүүлэх, сан байгуулж түүгээрээ дамжуулан иргэд, сонгогчдод улс төрийн боловсрол олгох, улс төрчдийг бэлтгэх, намуудыг төлөвшүүлэх хэрэгтэй. Монголд сангийн дундын хувилбар буюу нам бүр өөрийн сан, бас нийт намд үйлчлэх сан байгуулах нь зохимжтой гэж байв. Оролцогч намуудын төлөөлөл, судлаачид бас өөр өөрийн саналыг хэллээ. Тэд “Намын санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ эхлээд намын тухай хуулиа тодорхой болго. Дараа нь санхүүжилтийг шийдсэн нь дээр. Гадаадын туршлагыг хуулбарлан сан байгуулах нь зохимжгүй. Санхүүжилт, үйл ажиллагааны талаар тайлагнах, аудит хийлгэх асуудал манайд их дутагдаж байна. Сан байгуулах нь намуудыг төлөвшүүлэх, улс төрийн үйл ажиллагаагаа парламентад суудалтай нь ч, суудалгүй нь ч тэгш явуулахад нийцэж байна. Ийм хэлэлцүүлгийг олон удаа хийж байж эдгээр асуудлыг нухацтай шийдэх хэрэгтэй. Сан ажиллуулдаг гадны туршлагыг сайн судалж, өөрийн хөрсөнд тохирсон хувилбарыг сонгууштай байна” гэхчлэн олон янзын санал гаргаж байлаа. Хэлэлцүүлгийг удирдагч ийм уулзалт олон хийнэ, энэ бол эхлэл нь гэдгийг тэдэнд хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top