Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос дэмжлэг авсан саналын томъёоллуудаар санал хураалгаж буй юм. Тухайлбал, төв банкнаас төсөвт төвлөрүүлэх орлогыг таван тэрбумаар нэмэгдүүлэх боломжтой хэмээн Үндэсний аудитын газраас гаргасан зөвлөмжийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Мөн орон нутгийн багш нарт олгох тэтгэмжийн зардлыг 2 .5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудад цалин хөлсний нэмэгдэл мөнгөн урамшуулал олгоход 16.3 тэрбум төгрөгийг нэмж тусгах гэсэн заалтууд тус бүр дэмжлэг хүлээв.

Түүнчлэн Xовд аймгийн Жаргалант суманд цахилгаан дамжуулах агаарын дэд станц барихад нэг тэрбум 750 сая төгрөг төсөвлөхийг 46 гишүүн буюу 85,2 хувийн саналаар дэмжлээ. Харин орон нутгийн багш нарт олгох тэтгэмжийн зардлыг 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудад цалин хөлсний нэмэгдэл мөнгөн урамшуулал олгоход 16.3 тэрбум төгрөгийг нэмж тусгах гэсэн заалтууд тус бүр дэмжлэг хүлээв. Хөдөө аж ахуйн их сургуулийн хоёрдугаар байрыг засварлахад зориулж 900 сая төгрөг нэмэх, Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөг шинэчлэхэд зориулж 1.6 тэрбум төгрөг тусгах зэрэг заалтууд гишүүдийн дэмжлэг хүлээв. Харин авто замын компаниудад үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр зөрүүд нь 45 тэрбум төгрөг нэмж тусгахаар заасанд гишүүд нэлээд нухацтай хандлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар “Зураг төсөл нь хийгдээгүй шахам барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан жишээ олон бий. Одоо байтлаа ажлаа хийж дуусгалгүй хариуцлага алдсан авто замын компаниудад үнийн зөрүү нэрээр өчнөөн тэрбум төгрөгийг төсвөөс олгох нь буруу” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ажил нь дуусах шатандаа орсон боловч үнийн өсөлтөөс шалтгаалаад хүлээлгэж өгч чадахгүй байгаа компаниудад энэхүү мөнгө олгогдоно. Мөнгө олгохоос ч аргагүй байгаа, яагаад гэвэл нэг км авто зам тавихад 190 сая төгрөг зарцуулахаар тендерт орж ирсэн байдаг. Гэтэл нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бусад бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор алдагдал ихээр хүлээсэн зэрэг шалтгаанууд бий. Энэ жилийн тухайд замыг 360 сая төгрөгөөр барих тендэр зарлагдсан ч компаниуд орж ирэхгүй байгаа. Тиймээс олгохоос аргагүй гэж үзсэн. Цаашдаа авто замын компаниудад үнийн зөрүүнээс үүдэлтэйгээр ахиж мөнгө өгөхгүй” гэсэн юм. Үнийн зөрүүгээс авто замын ажил нь дуусахгүй байгаа Мөрөн-Хатгалыг холбосон авто зам, Арвайхээр, Баянхонгор аймаг руу барих авто зам, Улаанбаатар хотын Их тэнгэрийн авто зам, Говь-Алтайн нисэх онгоцны хөөрч буурах зурвас зэрэг нийт 10 гаруй авто замын ажил хийж байсан компаниуд хамаарагддаг аж. Ингээд авто замын компаниудад олгох 45 тэрбум төгрөгийг дэмжихээр боллоо.

Энэ удаагийн төсвийн төслөөр нийт 90 гаруй саналаар санал хураалгах ёстой, түүнээс 30 дахь саналыг хураалгаснаар хуралдааныг завсарлуулсан юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top