Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын явцыг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажил ямар шатанд явааг тайлагнах, анхаарал хандуулах ямар асуудал байгааг тодруулах, цаашид зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээг төлөвлөх чиглэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайдад өгсөн билээ. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаанд шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар байгуулагдсан юм.

Ажлын хэсэгт Хууль зүйн яам, ШШГЕГ, УМБГ, Эрүүгийн цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэх мэт хууль хяналтын бүх шатны байгууллагын болон Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны төлөөлөл оржээ. Өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хуралд Ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, хохирогчдын төлөөлөл оролцон, мэдээлэл өглөө.

Ажлын хэсгээс ХЗХ-дын хохирол барагдахгүй байгаа, зарим хоршооны эзэмшиж байсан ашиглалт, хайгуулын лиценз алга болсон шалтгаан, Мөрдөн байцаалтын шатанд эд хөрөнгө алга болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгүүдийг хямд үнээр борлуулсан, хураалгаж үнэгүйдүүлсэн гэх мэт асуудлыг нягталж шалгах шаардлагатай гэж үзээд дуудлага худалдаатай холбоотой материалуудыг шалгах, ХЗХ-ны ял эдэлж буй үүсгэн байгууллагчидтай хорих ангид биечлэн уулзах, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хууль болон “Хохирлын эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах журам”-ын хэрэгжилтийг шалгах зэрэг ажлыг нэн тэргүүнд зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.

Төлөвлөсөн дээрх ажлуудынхаа хүрээнд зарим үүсгэн байгуулагчтай хорих ангид биечлэн уулзахад, төрийн байгууллагуудын нэр бүхий өндөр албан тушаалтнууд уг асуудалд оролцсон ч хэрэг шалгагдах шатанд орхигдсоныг анхааралдаа авахыг хүсчээ. Банк санхүүгийн тодорхой бүлэглэл ХЗХ-дыг зохион байгуулалттайгаар дампууруулсан гэж үзэж буйгаа хохирогчдын зүгээс мөн илэрхийлсэн аж. Нийт 8301 иргэнд 72,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх энэ хэргийн улмаас одоогийн байдлаар 26 хоршооны 67 хүн хорих ангид ял эдэлж байгаа юм.

ХЗХ-ны хохирогчдын 72,4 тэрбум төгрөгийн хохирлын 50 хувийг буюу 36,2 тэрбумыг нь төр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон. Төрөөс гаргасан дээрх хөрөнгийг ХЗХ-доос хурааж авсан эд хөрөнгийг борлуулсны орлого болон 14 тэрбум төгрөгийн авлага зэргээс төр буцаан авах учиртай. Гэвч төрд дээрх мөнгийг буцаан төлөхөд багагүй бэрхшээл үүсээд байна. Долоон жилийн өмнө энэ ужиг хэрэг үүсэх үед нийт 66 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө хураагдсан ч өнөөдрийн ханшаар 17 тэрбум болтлоо буурах тооцоо гарчээ. Үнэлгээ нь төдийлөн унахааргүй үл хөдлөх хөрөнгүүдийг тухайн үед үнэ доошлуулан борлуулсан атлаа хугацаа өнгөрөх тутам өртөг нь буурах хөрөнгө үлдсэн нь энэ байдалд хүрэх гол шалтгаан болжээ. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар 15,4 тэрбумыг хураасан хөрөнгө борлуулсны орлогоос татан төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөний эргэн төлөлт 42,7 хувьтай явагдаж байна. Энэ мэтчилэн эргэн хянаж, тодорхой шийдвэр гаргах шаардлагатай олон асуудал байгааг Ажлын хэсэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тодруулснаа хэллээ. Мөн одоо мөрдөж буй эрх зүйн баримт бичгүүд хоорондоо зөрчилдөж байгааг эргэж харах шаардлагатайг онцлоод, тэр дундаа Засгийн газрын 2007 оны 242 дугаар тушаалаар баталсан “Хохирлын эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах журам”-ыг ойрын хугацаанд өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах шаардлага тулгарч байна гэж мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top