Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

 

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулахаар Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн ажлынхаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө.Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газрууд хийж байгаагүй, шинэлэг ажлууд хэрэгжүүлэхийг зорьж байгааг тэрбээр онцлоод, үүний нэг нь гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар Монголбанктай хамтран багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон явдал гэлээ. Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр инфляцид нөлөө үзүүлдэг гол нэрийн бараа, бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнийг дунд хугацаанд тогтвортой барьж, Засгийн газар инфляцийг зөв удирдах нөхцөл бүрдүүлнэ. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчмаар үнэ тогтоогддог ч иргэдийн нуруунд дарамт үүрүүлж байгаа мах, гурилын үнийг тогтвортой байлгахыг Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнэд голлох нөлөөтэй шатахууны үнэ, тээвэрлэлтийн зардлыг тогтвортой барих, барилгын салбарыг энэ бодлогоор дэмжсэнээр орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Энэ ажилд Монголбанкнаас гадна яамд тус тусын чиглэлээр ажиллана.Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг үндсэн шалтгаануудыг арилгах оновчтой тогтолцоо бий болгоход голлон чиглэсэн дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулж 248 тэрбум, үүнээс махны нөөц бүрдүүлэхэд 87 тэрбум, гурилын үнэ тогтворжуулахад 61 тэрбум, зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд 100 тэрбум төгрөгийн зээлийн шугам нээхээр Монголбанктай тохирсон.Харин “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун хадгалах сав барьж эхлэх, шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ба хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн 167 тэрбум төгрөг.  “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд ч хамтран ажиллахаа илэрхийлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газартай хамтарсан гэрээнүүд байгуулаад байна” гэж Ерөнхий сайд танилцууллаа.

Ажлыг нь эхлүүлээд буй өөр нэг хөтөлбөр бол “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр юм. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд зориулж явуулах вагоны тоог нэмж, ачаа тээвэрлэлтийн өртгийг бууруулах шат дараатай арга хэмжээг энэ хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. Ингэхдээ Тяньжин-Замын-Үүд чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг 20 зүтгүүр, 1000 вагоноор нэмэгдүүлэх, ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх таван зорилтыг хамруулсныг Ерөнхий сайд танилцууллаа. Хөтөлбөрийн үр дүнд импортын барааг тээвэрлэх, ачих, буулгах явцад цаг хугацаа алдаж, энэ нь барааны хангамжийг тасалдуулан үнэ өсөхөд хүргэдэг одоогийн байдлыг өөрчилнө. Хөтөлбөрийг 303 тэрбум хүртэл төгрөгөөр хэрэгжүүлнэ.

Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ойрын өдрүүдэд маргаан мэтгэлцээний бай болоод буй өөр нэгэн ажлыг эхлүүлснээ танилцууллаа. Энэ нь нийслэлийн гэр хорооллын иргэдийн нүүрсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах талаар хийсэн шийдвэртэй алхмууд юм. Засгийн газар иргэдээ өдөр бүр нээлттэй сонсохоор нээсэн “11 11 төв”–д нийслэлийнхнээс ирүүлсэн саналын дийлэнхийг гэр хорооллын өрхүүдийн өвлийн түлш нүүрсний үнэ хэрээс хэтэртэл өсч байгаад бухимдсан шүүмжлэлүүд байсан. Нэг тонн нүүрсний үнэ 225 мянга, жижиглэнгийн худалдаанд 6-7 кг-ын савлагаатай тор нүүрс 1500-2000 төгрөгт хүрээд байсан нь бодит үнэн юм.

Иргэдэд нүүрс хямд нийлүүлэх гарц хайж багагүй судалгаа хийж, яриа хэлэлцээ өрнүүлсний дүнд гэр хорооллын хэрэглээний нүүрсний хангамжийг нэмэхээр Багануурын уурхайд шинэ мөргөцөг нээсэн. Тээврийн зардлыг бууруулах, савлагааг томруулах, нүүрсний чанарыг сайжруулах талаар үйлдвэрлэгч, тээвэрлэгч, хэрэглэгч зэрэг тал талын төлөөлөлтэй тохиролцож, одоо айл өрхүүдэд 1 тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр хүргэх ажил зохион байгуулалтын шатандаа явж байна. Ирэх долоо хоногоос иргэдэд хямд үнээр нүүрс борлуулж эхэлнэ. Нүүрсийг хямдралтай үнээр борлуулах 6 сарын хугацаанд хотын гэр хорооллын нэг өрх дунджаар өвлийн түлшний зардлаасаа 320 мянган төгрөг хэмнэнэ. Манай улсад шуудайны стандарт байхгүй байсан тул шуудай нэртэй тороор нүүрс, мод худалддаг. Энэ байдлыг журамлаж, шуудайн стандарт тогтоолоо. Ингэснээр ахуйн хэрэглээний хатуу түлшний шуудайн хэмжээг 15, 25, 40 кг-ийн хэмжээтэй байхаар тогтоон мөрдөж эхэллээ.

Ерөнхий сайд “Засгийн газар гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, бодлогод өөрчлөлт оруулах шаардлага гарвал Улсын Их Хуралд тухай бүрт нь танилцуулна” гэлээ.

Түүнчлэн, газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хүрээнд автобензин, дизелийн түлшний хангамж, үнийг тогтвортой барихад хүндрэлтэй байгааг хэлээд улсын нийт хэрэглээний 90 хоногийн нөөц бүрдүүлэх үндсэн зорилго бүхий хуулийн төслийг шинээр санаачлан боловсруулж байгаагаа дуулгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top