Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих асуудал байхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа болон Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.

“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон тухай Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд хэлсэн. Энэ хүрээнд махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр, гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр, хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь. Түүнчлэн “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний импортын өртгийг бууруулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг Засгийн газар Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр сонгож, Засгийн газар хөтөлбөрийн нийт санхүүжилттэй тэнцэх хэмжээний дунд хугацааны үнэт цаасыг 2013 оны эхний улиралд багтаан гаргах юм байна.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг үндсэн шалтгаан нь манай орны жилийн дөрвөн улиралд зохицуулан гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг удирдаж чадахгүй байгаа, бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, зоорь дутагдалтай, Засгийн газар, орон нутаг зарим бүтээгдэхүүнд урамшуулал өгч байсан нь оновчтой биш, хэтийн ямар нэгэн бодлого байхгүй зэргээс болжээ. Эдгээр дутагдлыг арилгахад Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд чиглэгдэж байгаа ажээ.

“Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Онцгой байдлын ерөнхий газраас махны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах зорилгоор тусгай шалгуур, үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулсан хуулийн этгээдэд хөтөлбөр хэрэгжүүлэгч банк зоорин дахь нөөц махыг нь барьцаанд тооцон хөнгөлөлттэй зээл авах боломжийг олгох нь “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын хүнсний улаанбуудай худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл олгох замаар гурилын хангамжийг нэмэгдүүлэх, улмаар жижиглэнгийн үнийг тогтворжуулах үйл ажиллагаа явуулах ажээ.

Хүнсний чиглэлийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулж 248 тэрбум (үүнээс махны нөөц бүрдүүлэхэд 87 тэрбум, гурилын үнэ тогтворжуулахад 61 тэрбум, зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд 100 тэрбум) төгрөгийн зээлийн шугам нээхээр Монголбанктай тохирчээ.

“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны биет нөөцийг хадгалах сав барих ажлыг эхлүүлэх, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэнэ.

Гэр хорооллын иргэдийн өвлийн бэлтгэлийг хангах, ченжүүдээр дамжин жижиглэн худалдаалдаг нүүрсний үнийн хөөрөгдлийг таслан зогсоох ажлыг Эрчим хүчний яам  Ажлын хэсэг гарган судалж, нүүрс нийлүүлэх компани, нүүрсийг бөөнөөр болон жижиглэнгээр нийлүүлэх арга зам, худалдаалах талаар санал боловсруулжээ.

Иргэдэд нүүрс нийлүүлэх зорилгоор Багануурын уурхайг сонгож авсан бөгөөд тус уурхайн өнөөгийн хүчин чадлын түвшинд нийслэлийн гэр хорооллын нүүрсийг нэмж олборлох боломжгүй тул дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсийг уурхай хооронд салбарын яам нь зохицуулах арга хэмжээг авч, урьдчилсан тооцоо, туршилтын дагуу нүүрсний тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэхээр тогтсон байна.  

Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглээг хангахын тулд Багануурын уурхайгаас өдөрт 28 вагон нүүрсийг иргэдийн хэрэглээнд зориулан гаргах бөгөөд нүүрсийг тээвэрлэх талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй тохиролцжээ. Төмөр замаар тээвэрлэж ирсэн нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр савлаж, хороодод хүргэх ажлыг хувийн компани гүйцэтгэх аж. Хорооноос цааших дамжлагыг борлуулагчид гүйцэтгэх ба хороо тус бүрт эхний ээлжинд хоёр борлуулалтын цэг байгуулж байна. Хамрах хүрээний хувьд баруун талд Эмээлт, зүүн талд Хужирбулан хүртэлх нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд байгаа юм байна.

Гэр хорооллын өрх бүрт хуваарилагдах 2.6 тонн нүүрсийг нэгэн зэрэг олгох боломжгүй учраас нэг өрхөд гурав хоног тутам 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авах боломжтой. Хямд үнээр нүүрс авах эсэх сонголт хэрэглэгчдэд үлдэх нь.  

Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих асуудал байхгүй гэдгийг онцлон хэлэв. Засгийн газар ямар нэг зүйлийг нууцаар хийхгүй. Цөмийн энергийн технологи судлахгүй. Нэгэнт хайгуул хийчихсэн газраас ураныг байгаль орчинд хоргүй байдлаар шар нунтаг хүртэлх технологийг ашиглах болно гэлээ.  

УИХ-ын гишүүн М.Зоригт, Атомын цахилгаан станц барихгүй гэж байгаа. Гэтэл манай улсын хилээс 100-гаад км-ын зайтай Оросын талд атомын цахилгаан станц байж л байдаг. Үүнд хяналт тавих талаар бодолцмоор байна. Урантай холбоотой асуудлыг дэвэргээд байгаа хэргийн цаана гадныхан л байж байдаг. Үүнийг тагнуулын шугамаар шалгах хэрэгтэй байх гэж хэлж байлаа. Гишүүд ураны хайгуул, олборлолтын лиценз, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниудын талаар мэдээлэл авахыг хүсч байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд өгч, ард иргэдэд ойлгомжтой мэдээллийг өгөх болно гэж хэлсэн.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухай Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”, Жардугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргад нэр дэвшигчийг эрж олох, нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй.

Гэтэл сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдах, үл ойлголцох маргаан олон тоогоор гарах боллоо. Ялангуяа хүн амын тоо багатай сумын түвшинд энэ асуудал олонтоо давтагдах болж, бүр зарим тохиолдолд бүтэн 4 жилээр сумын Засаг даргаа нэр дэвшүүлж, томилж чадахгүй өнгөрүүлсэн тохиолдол гарлаа.

Үүнтэй холбогдуулан зарим иргэд, нам, эвсэл, эрх бүхий албан тушаалтнуудаас сумын Засаг даргыг сумын сонгогчдоос шууд сонгох харилцааг хуульчлах асуудлыг тавьж байгаа хэмээн хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Дээрх асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Харин уг асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж хуульзүйн хувьд байна гэж тэд үзжээ.

Иймд сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийн оролцоотойгоор тодруулах нь ардчиллын нэг дэвшил болох юм. Энэ үндсэн дээр тухайн сумын нийт багуудын иргэдийн нийтийн Хуралд санал хураалт явуулах зарчмаар нэр дэвшигчийг тодруулан, тодорсон хүнийг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа юм гэж хуулийн төслийн танилцуулгад дурджээ. УИХ дахь МАН-ын гишүүд энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн байр суурьтай байсан бол хуулийн төсөл санаачлагчид хуулийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж тайлбарлаж байлаа. Гишүүд ихэд нухацтай хэлэлцсэн бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувийн саналаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хуулийн төсөл санаачлагчдад буцаалаа. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top