Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2013 оны мөнгөний бодлого болон Иргэний нисэхийг хөгжүүлэх талаар төрийн зүгээс авч хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: “Мөнгөний бодлогын талаар улирал бүр иргэдэд төдийгүй УИХ-д өргөн мэдүүлдэг байх хэрэгтэй гэсэн санал гаргасан. Ингэж хяналтын системийг сайжруулах нь дараа дараагийн төлөвлөлтийг алдаагүй хийгдэх боломжийг нэмнэ. Ингэж мэдээлснээр санхүүгийн сектор тогтворгүй болох зүйл байхгүй” гэхэд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: “Бид иргэдэд мэдээлдэг байж болно. Гэхдээ УИХ-д нээлттэй мэдээлнэ гэдэг нь эргээд УИХ-ын гишүүдийн зүгээс шүүмжлэлд өртөнө. Ингэснээр тогтвортой болгох гэж хичээж байгаа ажил үр дүнгүй болно” гэв.
Улмаар байнгын хорооны гишүүдийн санал хураалтаар энэ саналыг чуулганд танилцуулах хэрэггүй гэж үзлээ.
Үүний дараагаар Иргэний нисэх буюу МИАТ-ийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Гишүүд агаарын тээвэр нь үндэсний аюулгүй байдлыг хангах нөгөө талаас манайх шиг далайд гарцгүй оронд стратегийн чухал ач холбогдолтойг онцолж байлаа. Тиймээс иргэний нисэхийг хөгжүүлэх талаарх хөтөлбөр яагаад ийм хожуу орж ирж байгааг гайхаж байлаа. Харин энэ асуултанд хөтөлбөрийг анх 2010 онд боловсруулсан боловч өмнөх Засгийн газар дэмжээгүй учир энэ удаагийн Засгийн газарт хүсэлт гарган оруулж ирж байгаагаа хэллээ.
Монгол улс нь газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 17-д ордог томоохон орон. Тиймээс Ази, Европ, Америкийг холбох агаарын томоохон зангилаа болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Эдгээр шат дараалсан хөтөлбөрийг хэрэгжүүлж зах зээлийг нээлттэй болгосноор 2016 оноос олон улсад өрсөлдөх чадвартай, агаарын зангилаа том хэмжээний нисэх буудалтай, мөн иргэдийн зорчих тасалбарын үнэ буурах боломжтой гэдгийг онцоллоо.
Харин шинээр баригдах нисэх буудлын тухайд, урьд нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болсон. Дараагийн тендерийг тун удахгүй зарлана. Гэхдээ Японоос 29 тэрбум иенийн зээл авч байгаа. Гэтэл одоогийн тооцоогоор үүнээс нэг дахин их хөрөнгө шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс үлдсэн хөрөнгийг хаанаас гаргах тал дээр бэрхшээл тулгарч байгаа. Иймд Засгийн газраас тусламж хүсэхээр шийдээд байгаа гэнэ. Гэтэл шинээр баригдах нисэх буудал нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хүчин чадлын хувьд нэг их ялгаагүй гэнэ. Тиймээс гишүүдийн зүгээс хөрөнгө мөнгө төсөвлөж байгаа юм чинь нэг мөсөн олон улсын стандартад нийцсэн томоохон нисэх буудал бариулах хэрэгтэй гэсэн санал гаргалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )