Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

Ерөнхий сайд Хэнтий аймаг дахь томилолтоо эхлүүлэв

 Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зүүн гурван аймагт хийж буй томилолтынхоо сүүлийн өдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Хэнтий бол 18 сум, 88 багтай, 80,3 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 21,4 мянган өрх, 70,8 мянган хvн амтай, төвд ойрхон аймгийн нэг. Улаанбаатараас зүүн зүгт 330 км-т орших Өндөрхаан хот мянганы замд бүрэн холбогдсон. Аймгийн бүх сум төвлөрсөн эрчим хүчнээс эрчим хүчинд мөн холбогдсон. Эдгээр голлох үзүүлэлт болон 2009, 2010, 2011 оны ажлаараа Монгол Улсын “Шилдэг таван аймаг”-ийн нэгээр шалгарч, Засгийн газраас “Өргөмжлөл” гардаж байсан чамлахааргүй амжилттай ажиллаж буй аймаг юм.

 

Хэнтийд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчид ажлын байраар хангагдаж чаддаг

 

Ажлынхаа эхэнд Ерөнхий сайд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй танилцав. 1969 онд Хөдөө аж ахуйн төхник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсанаас хойш 43 дахь жилдээ сургалт үйлдвэрлэлийн явуулж байгаа тус төвд 2012-2013 оны хичээлийн жилд 18 мэргэжлээр 810 гаруй оюутан суралцаж байна. Мэргэжлийн үндсэн чиглэл нь хөдөе аж ахуй, барилга, ой мод, экологийн мэргэжил байдаг.

Тус төвийн одоо ашиглаж буй хичээлийн байр 1938 онд баригдсан учир 2009 оноос 3,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий хичээлийн байрны цогцолбор шинээр барьж эхэлжээ. Барилгын ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай, 2013 оны 8-р сард ашиглалтад орох аж. Барилгын ажил ийнхүү олон жил дамнан үргэлжлэх болсон шалтгааныг Засгийн газрын тэргүүн тодруулан асуусан юм. Сургуулийн захирал Л.Ганболдын тайлбарласнаар хөрөнгө оруулалтыг жилд ахиу тавьж өгвөл уг нь энэ цогцолборыг 2 жилд багтаан барьж дуусгах боломжтой байсан. Гэвч жил жилийн төсөвт бага мөнгө шийдвэрлэж өгдөг нь ийнхүү ажлыг удаашруулах шалтгаан болсон гэнэ. Шинээр баригдаж буй хичээлийн байр нь 5 блоктой, дадлагын байр, спорт заал, хурлын танхим гээд иж бүрэн цогцолбор босох юм байна.

Төгсөгчдөө ажлын байраар бүрэн хангахаар Улаанбаатар хот, орон нутгийн 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай түншлэлийн гэрээтэй хамтран ажилладаг. Үүний үр дүнд төгсөгчдийн 60-65% нь ажлын байраар хангагдаж байгаа гэж сургуулийн удирдлагууд танилцуулсан.

Үндсэн ангид суралцагчдаас гадна зарим томоохон байгууллагын захиалгаар мэргэжлийн богино хугацааны сургалтууд бас явуулдаг байна. "Оюу толгой" ХХК-ийн зардлаар өнгөрсөн 2 жилд 100 гаруй хүн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр жилд 120-оод хүнд түр сүргалт хийж мэргэжил олгосон байна. Мөн өнгөрсөн жил аймгийн үйлдвэр, ХАА-н газрын захиалгаар 50 хүнд малын асаргаа, санитари мэргэжлээр 1 жилийн сургалт хийж төгсгөсөн гэнэ. Ирэх 12 дугаар сараас "Оюу толгои” төслийн хүрээнд 3 мэргэжлээр 60 гаруй хүнд 1 жилийн мэргэжил олгох сургалт хийх аж.

Сүүлийн жилүүдэд сургалтын матөриаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын техник тоног төхөөрөмжөөр хангах талаар улсын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдээр багагүй хөрөнгө оруулалт хийгджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top