Өнөөдөр Монгол бичгийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монгол улсын анхны Монгол бичиг дээрх вэб сайт албан ёсны нээлтээ хийлээ. Тодруулбал Монгол улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас болох www.president.mn сайт өнөөдрөөс эхлэн бүх мэдээ мэдээллээ Монгол бичгээр гаргах болж байна. Ерөнхийлөгчийн сайтын монгол бичиг дээрх цахим хувилбарыг www.president.mn\mng гэсэн хаягаар орж сонирхох боломжтой юм.
Цахим сайтын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэл бичгийн мэргэжилтэн Н.Нарангэрэлээс тодрууллаа.
- Монгол бичиг дээрх анхны цахим хуудасны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- Энэхүү цахим хуудсыг хийхийн тулд бид жилийн өмнөөс судалгаа хийж эхэлсэн. Бидний бичиг соёлдоо хайртай Монголчуудын дунд вэбийг Монгол бичгээр хийх оролдлогууд цөөнгүй гарч байсан. Тухайлбал Өвөрмонголд PDF болон зурган хэлбэрээр шийдэж байсан юм билээ. Энэ нь болхи, зурган файлыг ачааллах зэрэг сөрөг тал их байсан. Улмаар бид unicode-д Монгол бичгийг хөрвүүлж байж өнөөдрийн түвшинд хүрэх юм байна гэдгийг судлаад вэб хөтчүүд рүү сайтыг хийсэн компанитай хамтран хандсан. Монгол бичиг маань дэлхий дээрх цорын ганц босоо болохоор түүнд тохирсон unicode хийх шаардлага гарсан. Улмаар бид хамтран ажиллаж бэлэн болголоо.
- Ямар вэб хөтөч дээр Ерөнхийлөгчийн сайт руу орох боломжтой вэ?
- Mozilla-аас бусад вэб хөтөч дээр ажиллана. Үдээс хойш www.president.mn\mng цахим хуудас маань нээгдэх болно.
Уншигчид та бүхэн ямар нэгэн фонт суулгах шаардлагагүйгээр Windows болон Linux систем, Firebox, Opera, Chromium, IE болон бусад хөтөч дээр шууд босоогоор нь харагдуулан монгол бичгээр унших, бичих боломжтойгоор вэб хуудсыг стандарт байдлаар шийджээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )