Ерөнхий сайд Н.Алтанхуяг бямба гарагт ЭМЯ дээр хоёр дахь удаагаа ажиллалаа. Хоёр долоо хоногийн өмнө тэрбээр тус яаманд зочилж ажил байдалтай нь танилцаад, салбарын хэмжээнд ойрын болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын саналаа гаргаж ирэхийг даалгасан юм.
Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн асуудлаар дараах чиглэлүүдэд дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай гэж ЭМЯ-ныхан үзжээ. Үүнд:
- Монголд хийхгүй, хийж чадахгүй байгаа эмчилгээ оношилгооны шинэ аргуудыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн технологийн инкубацийн төв байгуулах
- Алсын зайн оношилгооны үндэсний сүлжээүүсгэх, аймгуудын эмнэлгийгоношилгооны төв болгон шинэчлэх
- Анхан шатны тусламж үйлчилгээнд дэвшил гаргах, өрхийн эрүүл мэндийн төвийн зохион байгуулалтыг өөрчлөх
- Перинаталогийн төв байгуулж,төрөлхийн хөгжлийн гажгийн тохиолдлыг эрт илрүүлэх тогтолцоо бий болгох
- Эмийн чанар, аюулгүй байдлыг сонголт, хангамж, түгээлт, хэрэглээний бүх түвшинд бүртгэлжүүлэн хянах
- Эрүүл мэндийн санхүүжилтэд даатгалаас төлөххувь хэмжээг 60 хувьд хүргэх
- Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологи хөгжүүлэх.
Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын удирдлагууд тулгамдсан асуудлуудаа ийнхүү багцлан гаргасанд талархал илэрхийлээд дээрх асуудлуудтай холбогдуулан хэд хэдэн санал хэлсэн юм. “Ямар нэг бүтэц үүсгэх, эрх зүйн орчин бий болгох, судалгаа хийх, сургалт явуулах гэх мэт олон жил ярьсан санаанууд дахиад л энд давтагдаж байна.Бидэнд боломжийн хэмжээнд ажиллачих бааз суурь, сайн эмч мэргэжилтэн бий. Гагцхүү байгаагаа сайн ажиллуулж, ажлынхаа үр шимийг ард иргэддээ хүртээх сайн зохион байгуулалт дутаад байгаа юм” гэж Н.Алтанхуяг сайд онцоллоо. Иргэдийн нуруун дээр дарамт болж байсан нүүрсний үнийг бууруулахад төрөөс нэг ч төгрөг гаргаагүй, зөвхөн оновчтой зохион байгуулалт хийснийг жишээ болгон хэлж байв.
Зөв тогтолцоо, оновчтой механизмгүйгээс ажил хэсэг хугацаанд урагшлаад зогсдог байдлыг өөрчлөхөөр Засгийн газар аливаа шинэчлэлийг хоёр түвшинд хийхийг чухалчилж байгааг тайлбарлав. Эхнийх нь, аль ч салбарын гацанги байдалтай ажлыг оновчтой зохион байгуулах, дараань бодлогын түвшинд зайлшгүй хийх ёстой шинэчлэлүүдийг эхлүүлэх. Эрүүл мэндийн салбарт ч энэ хоёр түвшинд шинэчлэлхийхээр зорьж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.“Өвдөж зовсон иргэнд хамгийн түрүүн таньдаг эмчийн тухай бодол орж ирдэг. Тэд таньдаг эмчийг аврал гэж харж байна. Яагаад гэвэл хөдөө суманд байгаа иргэн хүн тусламж авахын тулд өөр хаашаа хандахаа мэдэхгүй байна. Үүнийг өөрчлөхөөс л эхлэх хэрэгтэй юм.Эрүүл мэндийн бүх төрлийн лавлагаа үйлчилгээ үзүүлж, асуултад нь хариулдаг,боломжит үйлчилгээг үзүүлдэг нэгдсэн тогтолцоо хэрэгтэй байна. Ингэвэлиргэдэд ойлгомжтой, төвөггүй, энгийн оновчтой тогтолцоо үүсч, тус тусдаа явдаг ажил чинь аяндаа нэгдсэн удирдлагад орно” гэж Ерөнхий сайд салбарынханд санал болгосон юм. Зөв зохион байгуулалт дутсан олон жишээг эрүүл мэндийн салбарт харж болохыг Засгийн газрын тэргүүн дурьдаад, тухайлбал, үхлийн аюултай бэртэл авсан хүн, гараа шалбалсан хүнГэмтлийн эмнэлэгт адилхан оочерлож байгааг өөрчлөхөөс ажлаа эхлээрэй гэлээ.
Ийнхүү гурван цаг ярилцсаны эцэст Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгдүгээрт, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай хүргэх зөв зохион байгуулалт бий болгох, удаад нь оношилгоо, эмчилгээ, эм, даатгал, санхүүжилт гэх мэт бодлого зохицуулалт шаардсан салбаруудад хийх шинэчлэлийн саналаа илүү тодорхой, үр ашигтай байхаар тооцоолон танилцуулахыг хүслээ. Иргэнд очих үр ашгийг дээшлүүлсэн оновчтой санал, бүтээлч ажлуудыг дэмжинэ гэдгээ Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн уулзалтын төгсгөлд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )