Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо 2012 оны 11 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохиогдож байгаа НАТО-гийн Парламентын Ассамблейн 58 дугаар хуралд Монгол Улсын Их Хурал анх удаа ажиглагчаар оролцож байна. Ассамблейн хурлын хүрээнд зохиогддог байнгын хороодын хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцож байгаа Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг НАТО-гийн Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Др.Карл Ламмерстай уулзав.
Ерөнхийлөгч Др.Карл Ламмерс 2010 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж байснаа хэлж, түүнийг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд мөн Гадаад харилцааны сайд Л.Болдод тус тус баяр хүргэн мэндчилгээ дамжуулав.
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Монгол Улс 2012 оны 3 дугаар сараас НАТО-гийн түнш орон болсон, Улсын Их Хуралд Монгол-НАТО-гийн Парламентын Ассамблейтэй харилцах бүлэг байгуулагдсан талаар хэлж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хариу мэндчилгээг НАТО-гийн Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчид уламжлан, чуулганд оролцохыг урьсанд талархал илэрхийлэв.
Др.Ламмерс Улсын Их Хуралд Монгол-НАТО-гийн Парламентын Ассамблейтэй харилцах бүлэг байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, олон улсын терроризмтэй тэмцэх, Афганистан Улсын сэргээн босголт, хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, тус улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд оролцож ирснийг өндрөөр үнэлэв.
Талууд Монгол-НАТО-гийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.
Умард Атлантын эвслийн орнуудын парламент хоорондын зөвлөлдөх механизм болох НАТО-гийн Парламентын Ассамблей 1955 онд байгуулагдсан бөгөөд Парламентын Ассамблей НАТО-гийн гишүүн орнууд, түншлэгч орнуудын хууль тогтоогчдын харилцан яриа, зөвшилцлийн индэр болж, НАТО-гийн бодлого, хувьсан өөрчлөгдөж буй аюулгүй байдлын ойлголтыг гишүүн орнуудын парламент болон дэлхий нийтэд танилцуулах, дэмжлэг авахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
НАТО-гийн 28 гишүүн орон /Албани, Бельги, Болгар, Канад, Хорват, Чех, Дани, Эстони, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Румын, Словени, Словак, Испани, Турк, ИБУИНВУ, АНУ / тус байгууллагын бүрэн эрхт гишүүн нь бөгөөд Ассамблей нийт 257 парламентын гишүүнтэй юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )