Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ” ёслолыг энэ жилдээ 10 дахь удаагаа уламжлал болгон зохион байгууллаа. Өмнөх жилүүдэд “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ” ёслолыг улс тунхагласны баярын өдөр буюу 11 сарын 26-ны өдөр хийдэг байсан. Энэ жилийн үйл ажиллагаа нь Их Эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулан “Монгол бахархалын өдөр”-өөр зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын “Иргэний үнэмлэх” гардан авч байгаа шилдэг тэргүүний сурагчдаараа дамжуулан иргэн хүн эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархах үзлийг залуучуудад төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Энэ өдөр Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа мянга мянган сурагчдыг төлөөлөн нийслэлийн тэргүүний 850 сурагч Төрийн ордондоо цугларч, Монгол Улсын иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Лобби бүлгийн дарга Р.Гончигдорж, Лондонгийн олимпийн хүрэл медальт, МУ-ын гавъяат тамирчин Батцэцэг, Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин Т.Санчир, Ц.Азбаяр, Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин Т.Бархүү, 2012 оны мисс Д.Долгион зэрэг манай урлаг спорт, улс төр, нийгэм соёлын олон алдартнууд хүрэлцэн ирсэн байлаа.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )