Сүүлийн үед нээрээ Чингис хаантай уулзсан хүмүүс яасан олон болоо вэ? Янз бүрийн аргаар л уулзаж. Зарим нэг нь зүүдэндээ, эсвэл номын хуудсан дээр уулзчихаад тэрийгээ цуураад явдаг хүмүүс байх бол бүр сэрүүн тунгалаг Чингис хаантай уулзаад хөөрөлдчихдөг нэгэн ч бас таарна. Чингис хаантай тоглож өссөн нэгэн хүн бөөгийн онгодоор дамжин телевизээр ярьж суух юм. Тэрхүү Чингис хааны “багын найз” нь сэтгүүлчийн “Тэмүүжин багадаа ямар хүүхэд байв?” гэсэн асуултад “Их сэргэлэн цовоо, хэлэх гэснээ хэлчихдэг хүү байсан” хэмээн хариулж байгааг хараад айх ч шиг, инээд ч хүрэх шиг... Үнэхээр ч хаан болох хувь тавилантай хүүхэд “багадаа хэлэх гэснээ хэлчихдэг хүү байсан” гэдэг үгэнд нь өнөө цагийн бидэнд итгэхээс өөр сонголт байна уу?
Чингис хааны “хүүхдүүд” ч мөн сүүлийн үед олон тодорлоо. Энд ч нэг олон хэл мэддэг өөртэй нь огт адилгүй хүү байхад тэнд ч нэг байн байн тахилга хийн аавынхаа сүнсийг дуудан амар заяаг нь үзүүлдэггүй ядаргаатай нэг хүү бас байна. Мөн нэг суу билэгтэй охин байгаа, өөр хэний охин байх вэ, Чингисийн л охин байж таарна. Уул нь зуугаад жилийн өмнө байсан Чингисийн угсааны олон тайж нарын удмынхан бүгд өөрсдийгөө Чингисийн удам гэдгээ зарлачихад манай хэдийн ах дүү нар бүүр хэдэн мянгаар ч тоологдох боломжтой юм билээ л дээ.
За энэ ч яахав, гол нь элдэв зүйл дээр бид Чингис хааныхаа нэрийг барин сайхан наргицгааж байгаа тухайд л хэдэн үг хэлэх гэсэн юм. Чингис хаан байсан бол тэгэх байсан, ингэх байсан, төрсөн өдөр нь тэдэн сарын тэдэн гээд л... Яахав төрсөн өдрийн хувьд ч мань хүн өөрөө хамгийн чухал баяр бол эхээс мэндэлсэн өдөр хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг шиг санагдана. “Чингис хаан хэрвээ өнөөдөр байсан бол...” гээд жаахан маазарвал нээрээ тэр ямархуу хүн байх байсан бол?
Чингисийн монгол бичиг, босоо монгол бичгээ төрийн бичиг болгохгүй бол Чингис өвөө гомдоно гээд л бид ярьдаг. Дэлхийд ганц босоо монгол бичгээ бид дээдлэлгүй яахав. Гэхдээ уучлаарай нөхөд өө, наад Чингис хаан чинь яг өнөөдөр өөрөө байсан бол монгол бичигтэй зууралдалгүй аль хэдийн латин бичигт шилжүүлчихсэн байж мэдэх л хүн шүү. Учир нь Чингис бол дэвшилтэт үзэл бодолтой, томоохон хэмжээний шинэчлэгч хүн юм. Энэ нь түүний бичиг үсэгт хандсан хандлагаас нь ч харагддаг. Монголчууд анх бичиг үсэгтэй болж байх тэр үед босоо бичиг маань тэр үеийнхээ л хамгийн дэвшилттэй бичиг байсан байж таарна. Дүрс тэмдэглэдэг хятад үсгээс авиа тэмдэглэдэг энэ бичиг нь хамаагүй илүү дэвшилтэй байлгүй яахав.
Чингис хаан бол дэвшилтэт зүйл л байвал дайсных энэ тэр гэж цэрвэдэггүй хүн байжээ. Монгол бичгийг зохиосон гэгддэг Тататунгаа хэмээх бичгийн хүн бол Чингисийн дайтсан Найман аймгийн хүн. Түүгээр зохиолгон авсан монгол бичиг нь ч уг гарлаараа бол Согд, Уйгараас гаралтай гадны л бичиг. Монголчуудын бичиг үсэгтэй болсон тухайд эрдэмтдийн олон санал байдаг ч дээрх домгоор бол тэрбээр ийнхүү гадны гэж цээрлэлгүй дэвшилттэй сайн бичиг үсгийг авч, дайсан хэмээн цэрвэлгүй Тататунгаагаар дамжуулан өөрсдийн бичиг үсэгт шинэчлэл хийсэн түүхтэй. Ингээд бодохоор өнөө цагийн компьютер, техник технологи өндөр хөгжсөн энэ үед цаад чинь байсан бол юун монгол бичиг, латин бичгийг л илүүд үзэх нь баараггүй.
Чингис хаан аливаа хүнийг гарал үүсэл, нөхөр дайснаар нь биш итгэлтэй эсэхээр нь л үнэлдэг байлаа. Иймдээ ч дайснууд дундаас нь л түүний хамгийн сайн үнэнч нөхөд нь тодорсон байдаг. Харийн өөр аймгийн Чуу мэргэнийг есөн өрлөгийнхөө нэгийг болгож, зарц Зэлмийг ноён болгосон жишээ бий. Одоогийнхоор бол танай манай нам ялгаагүй, хятадын эрлийз байна уу хурлийз байна уу гэдгийг үл тоон хэн мэргэн юм хэлний түүний үгийг сонсдог, хэн чадаж байна түүгээр хийлгэдэг хамгийн ардчилсан зарчимтай хүн л гэсэн үг шүү дээ. Магадгүй Чингис хаан одоогийн улс төрийн хэллэгээр бялууг маш сайн хуваадаг, энэ нь ч төрийг тогтвортой байлгадаг сайн арга байсан биз. Мөн эзнээсээ урвасан хүнд дургүй бөгөөд энгийн ардтай бол тооцоо хийдэггүй гээд л жинхэнэ ардчилсан удирдагч байсан. Ямартаа л өөрөө бөө шүтлэгтэй мөртөө тэр шашныхаа хамгийн том зүтгэлтэн Тэв тэнгэрийг буруу зүйл хийхэд нь алж цээрлүүлж байхав дээ, одоогоор бол манай хамгийн том хамбыг л шударга бус зүйл хийх юм бол юун Авилгалтай тэмцэх газар дуудах байтугай л юм болно гэсэн санаа л даа.
Бидний нэрийг нь бариад байгаа Чингис хаан маань байсан бол миний бодлоор илүү их прагматик, реформч ийм л хүн байх байсан. Юун элэрсэн баларсан өнгөрсөнтэйгээ зууралдах, урагшаа л харсан хүн байгаа. За нэг иймэрхүү. Юутай ч энэ жилээс Чингис хаан маань төрсөн өдөртэй болоод авлаа, юу нь муу байх вэ. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Е.Тэмүүжин!
Боролзой
Эх сурвалж: Baabar.mn
Сэтгэгдэл ( 0 )