Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарлав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 15

Монгол Улсын Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар хуралдаанаараа Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгох тухай 101 дүгээр тогтоолыг баталсан. Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд уг тогтоолыг танилцуулж, Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарлах ёслолын ажиллагаа Бөхийн өргөөнд боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Монгол Улсын Үндэсний бахархалт Шонхор шувууг зарлах ёслолд зориулан “Хаан шонхор” сэдэвт шонхор шувууны гэрэл зургийн үзэсгэлэн болон Богд хааны ордон музейн ховор шувуудын үзэсгэлэн нээгдэж, олны хүртээл болсон юм. Монголын шувуу судлалын нийгэмлэгээс шонхор шувууны амьдралыг харуулсан 50 гэрэл зургийг дэлгэсэн бол Богд хааны ордон музейгээс Диваажингийн шувуу, Саарал дарваан, Отгот малиба, Шаргал дэл-согсоот, Ногоон эвэр хошуут зэрэг 20 гаруй ховор шувууны үзмэрийг нийтэд танилцуулсан.

Үндэсний бахархалт Шонхор шувууг зарлах ёслолын ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам хариуцан зохион байгуулсан бөгөөд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дэд захирал Н.Болд найруулжээ. Мөн энэ үеэр Шонхор дээд сургуулийн оюутнууд хүчит шонхорын дэвэлтээр дэвж, үзэгчдэд сонирхуулсан юм.

Дэлхийн улс орнууд өөрийн орны Үндэсний шувууг сонгож, түүнийг хамгаалах үйл ажиллагаа эрчимтэй явуулдаг. Одоогоор дэлхийн 87 орон Үндэсний шувууг сонгон зарлаад байгаа юм. Монголчуудын хувьд шонхор шувуу хишигт жигүүртэн бөгөөд хэдэн зууны турш түүнийг дээдэлж, отог омгийнхоо билгэдэл болгосоор ирсэн. Түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг Монголчууд  Үндэсний бахархалт шувуу хэмээн хүндэтгэн зарлалаа. Үүнээс хойш шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгож, шонхор шувууг зүй бусын хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид уриалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top