Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Б.Билэгтийн урилгаар манай улсад албан айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн Ерөнхий командлагч, хурандаа генерал Бекир Калёнжу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Х.Тэмүүжин Монгол Улс БНТУ-ын хооронд эрх зүйн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаа, тэр дундаа Монголын Дотоодын цэрэг, Туркийн жандармерийн хоорондын хамтын ажиллагаа 2004 оноос хойш эрчимтэй хөгжиж байна.
БНТУ-ын Жандармераас санаачлан бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, терроризмтай тэмцэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, зэвсэг техникээ сайжруулах, шинэчлэх, бусад орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор байгуулсан “Евроази” холбооны “БНТУ, БНКазУ, Азербайджан, Киргизстан, Монгол Улсын Дотоодын цэргийн штаб хоорондын тунхаглал гэрээ”-нд манай улсын Дотоодын цэрэг 2010 онд нэгдэн орсон. Цаашид тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэв. Мөн Шинэчлэлийн Засгийн газар Дотоодын цэргээ терроризм, нийгмийн аюулгүй байдлын чиглэлээр чадваржуулахыг хүсч байгаа. Туркээс сургагч багш урьж дотоодын цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүнд сургалт явуулах, мөн жандармерийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй танилцахыг төлөвлөж байгаа гэлээ.
Жандармерийн Ерөнхий командлагч, хурандаа генерал Бекир Калёнжу цаг зав гарган хүлээн авч уулзсанд нь баярлаж буйгаа илэрхийлээд, Туркээс сургагч багш авчрах, жандармерийн үйл ажиллагаатай танилцах асуудлыг шийдэхэд бэлэн байна. Турк улсын цагдаагийн академид Монголын 26 сонсогч сурдаг. Монгол руу ирэхдээ тэдний төлөөлөлтэй уулзсан гэв. Мөн жандармерийн сургалтанд Монголоос оюутан авах хүсэлтэй байгаагаа сайдад дуулгалаа.
Түүнчлэн Туркийн иргэд Монголд зочлох хүсэлтэй байдаг. Тиймээс хоёр улсын иргэдийн визний асуудлыг хөнгөвчлөхөд анхаарч үзэхийг хүслээ.
Хууль зүйн яам
Сэтгэгдэл ( 0 )