Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Олон Улсын Олимпийн Хорооны “Тогтвортой хөгжил ба спорт” цомоор шагналаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Олон Улсын Олимпийн Хорооны жинхэнэ гишүүн Ш.Магван, Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар бараалхаж, Дэлхийн Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Жак Роггээс илгээсэн “ Тогтвортой хөгжил ба спорт” цом болон батламжийг гардуулан өглөө.

Дэлхийн Олимпийн Хорооны жинхэнэ гишүүн Ш.Магван хэлэхдээ “Олон Улсын Олимпийн Хороо спортод гарамгай хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэнд олгодог “Тогтвортой хөгжил ба спорт” гэсэн нэр хүндтэй цомыг өөрийн биеэр Монгол Улсын Ерөнхийлөгч таньд гардуулж өгөх хүндтэй үүргийг биелүүлж байгаадаа баяртай байна “ гэлээ.
 
Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэлсэн үгэндээ, “Монгол Улс нийгмийг тогтвортой байлгаж түүнийгээ даган спорт хөгжиж спортын амжилт өсөж байгаа нь хамгийн сүүлд болсон “Лондон-2012” зуны олимпийн 30 дугаар наадамд Монголын баг тамирчид түүхэндээ хамгийн олон буюу 5 медаль хүртснээр илэрч байгааг Олон Улсын Олимпийн Хороо онцолж байна. Мөн Эрхэм Ерөнхийлөгч Та Монгол улсын Ерөнхий сайд байхдаа анх удаа спортод амжилт гаргасан тамирчдад олгох мөнгөн шагналыг бий болгож байсныг Монголын ард түмэн, спортод элэгтэй хүн бүхэн тодоос тод санаж байгаа байхаа. Түүнчлэн Ерөнхийлөгч болсны дараахан тамирчидтай “Зангиагүй уулзалт” зохион байгуулж, улмаар 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 151 дүгээр зарлигаар   “Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр Олимпийн наадам болон Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн бүх үеийн тамирчдад сар тутам бүх насаар нь мөнгөн тэтгэлэг олгохоор болсон нь” Монголын спортын салбарт түүхэнд тодоор үлдэх эргэлт болохоор өөрчлөлт болсон гэж дүгнэж байгаа. Тус зарлигийг Монголын бүх аймаг, хот, дүүргүүдийн удирдлагад гардуулснаас гадна нийт ард түмэнд таниулах, түгээх аяныг Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Хэнтий, Дундговь аймгуудаар явуулсан нь Монголоос удахгүй Олимп болон Дэлхийн аваргууд олноор төрөн гарна гэдэгт итгэж байгаа бөгөөд эдгээр үйл явдалтай Монгол Улсын Ерөнхийлөгч таны хувь нэмэр салшгүй холбоотой, ач холбогдолтой байх болно” гэж хэлэв. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тогтвортой хөгжил ба спорт” цомыг батламжийн хамт талархан хүлээн авч, Олон Улсын Олимпийн Хороо болон Монголын Үндэсний Олимпийн Хороонд баярласнаа илэрхийлэв.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top