Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, С.Одонтуяа нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
УИХ иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийг анх 2002 онд баталж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч өнөөдөр хуулийн хэрэгжилт удаан, дийлэнх иргэн газраа өмчилж чадаагүй байна. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 7,6 хувь буюу 91830 иргэн газраа өмчилж авчээ. Мөн орон сууцанд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж хомс байгаа. Тиймээс цаашид иргэдийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх үйл явцыг идэвхитэй болгоход хуулийн шинэчилсэн найруулга хэрэгтэй гэж УИХ-ын гишүүд үзэж хуулийн төслийг санаачилсан байна.
Хууль батлагдвал иргэн бүрт газар өмчлөх эрхийг нь баталгаажуулсан сертификат олгоно. Түүнчлэн иргэн өөрөө газар өмчлөх шаардлагагүй гэж үзвэл сертификатаа арилжих хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг харилцааг зохицуулсан заалтууд хуулийн төсөлд тусгагдсан гэж УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ.
Засгийн газраас мөн “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай”, “Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүд, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.
Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбоотойгоор ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )