Хэлц үгийн өрсөлдөөн буюу сонгуулийн уриа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20


Улстөрийн сонгуульд ялалт байгуулахын тулд тоотой хэдэн нам мөрийн хөтөлбөрөөр өрсөлдсөөр 20 жилийн нүүр үзэж байна. Харин сүүлийн үед төгс төгөлдөр гэмээр уран гоё хэлц үгээр ард түмний тархийг угааж, хуурах арга нь өчигдөр хялмаалсан цасан ширхэг мэт олширсон. Тухайлбал, энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН “Түмнээ түшиж, төрийг хянана” гэж уриалсан.
 

Дөрөвхөн сарын өмнөх гашуун ялагдлаа санан байж ийм уриа сонгосон байх учиртай. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээнэ гэдэг МАН-ын хувьд жинхэнэ сүйрэл байсан нь тодорхой. Ингээд л ард түм­нээ түших нь зөв гэдгийг хатуу ойлгосон. Харин төрийг хянана гэдэг юу л бол.  

“Бүр олуулаа бүхлээр нь шинэчилье”. АН-ын амны уншлага болсон энэ дөрвөн үг сүүлийн үед иргэдийн дунд үнэ хүндээ алдаад бай­гаа. Олуулаа шинэчлэх нэ­рийн дор олон халаа сэлгээ хийж, овилгогүй нөхдийг хариуц­лагатай албанд залаад байгаагаас иргэдийн итгэл алдарч, эргэлзэх нь ч аргагүй. Тэд олуулаа шинэ­чилснээр орон улсаа дахин шинээр эхлэхгүй нь үнэн учир бүхлээр нь шинэч­лэх нь юу л бол.

За бас нэг сүрхий уриа нь Орон нутгийн сон­гууль+МАХН=хяналт.

Дарга нь эзгүй МАХН орон нутагт хяналт тавиад сүйд болох нь юу л бол. Тэд эхлээд эрх мэдэлд хүрэх гэсэн хязгааргүй хүсэлдээ жаахан ч гэсэн хамжаарга тавиад сурчихвал дараа нь хяналт, шалгалт хийж болох. Өнөөдөртөө гэнэт гийгүүлсэн азаа маргааш шороотой хутгачихгүй байвал МАХН-ын хувьд жинхэнэ ялалт болж магадгүй л юм.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top