Уул уурхайн сайд Европын холбооны Элчин сайд нартай уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад  суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтанд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид болон Уул уурхайн яамны газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:

Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болоход Европын холбооноос дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар Элчин сайдуудад танилцууллаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “2012-2016 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр тодорхой болсон гэж бодож байна. Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж байгаа харин Таван толгойн төслийн хувьд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан ийм үед эхлээд дэд бүтэц, төмөр замын асуудлаа шийдэхээр гэрээ хэлэлцээр хийж байна. Сайншандын аж үйлдвэрийн паркийн тухайд зөвлөх компаниа сонгох ажлаа хийж эхлээд байгаа.  Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах болно” гэдгийг  онцоллоо.

Мөн тэрбээр Элчин сайдуудын сонирхсон асуултуудад тодорхой хариулт өглөө. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд М.Эдерер Оюутолгойн төсөл хөтөлбөрийн талаар сонирхож байлаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцож ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар  хууль, дүрэм гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах гэсэн зарчмыг баримталдаг. Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд санал нэгдсэн зүйлээ олон нийтэд мэдээллэх, санал нэгдээгүй асуудлаа хойшлуулна гэж тохирсон” гэлээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top