Орон нутгийн сонгууль амжилттай сайхан болж өнгөрлөө. Гэхдээ зөвхөн Ардчилсан намын хувьд. МАН ч муугүй байсан. Угийн тоглолт сайтай намын угшлын бодлого байсан нь мэдээж. Хачин нь энэ сонгуульд хамгийн өрөвдөлтэй оролцсон хүмүүс бол МАХН-ынхан. 1990 онд ардчиллынхан гарч ирэхдээ тоглосон тоглолтоор тэд дахиад оролдлоо. Цаг хугацаа, хөгжил дэвшил минут секундээр давшиж байгааг тэд мэдсэнгүй юу, эсвэл энэ тактик тэдэнд тохирч, ард түмэнд таалагдана гэж тооцоолоо юу. Мэдэх юм алга. Ямартай ч эхэлсэн ажлаа, нэр хүндээ хөлийнхөө уланд хийгээд гишгэлж гишгэлчихлээ гэж хэлэхэд яг ононо.
2012 оны зургадугаар сар. Намын дарга, Монголын лидер улстөрч Н.Энхбаяр ганц өөрийн толгойгоор намдаа 11 суудал авчирсан. Үүнд нөлөөтэй хэсэг хүмүүс ч бий. Гол нь тэд нэг ч төгрөг зарцуулахгүйгээр хэвлэлийн PR-ийг хийсэн гэх юм билээ. Ялалтаа ч авч чадсан. Ингэлээ гээд ард түмний сэтгэлийг хааш нь ч жолоодож дийлэх дөрөв дэх засаглалынхан тэдэнд үгүй гэлгүй хамтран ажиллаж байлаа.
2012 оны арваннэгдүгээр сар. Намын дарга нь хоригдсон ч цоо шинэ PR баг орон нутгийн сонгууль руу залан давхилаа. Давхих ч юу байхав дээ толгойгүй морьтон, жолоогоо алдсан эмнэг шиг л хадуурсан. МАН, АН-ыг дуурайж хөрөнгө баахан цацав. Хэдэн арван саяар нь гэрээ хэлцэл хийсний зорилго нь хүн харыг муулж хэвлэлийн хуудас, цэнхэр дэлгэцээр булайгаа дэлгэн жүжиглэх байв.
Бүр өрөвдөлтэй нь МАХН гэдэг нэр олон арван жилийн настай байж болох ч нэр дэвшигчдээ тэтгэврийнхнээр бүрдүүлдэг нь юу вэ. Яаж бодохоороо 40-50 жил хөдөлмөрлөчихөөд амьдрал нь тогтоогүй тэдгээр дэвшигчдийг дөрвөн жилийн дотор дүүргээ хөгжүүлнэ ээ гээд ард түмэн итгэж саналаа өгнө гэж бодов оо. Үхширсэн намын бодлого оо гэж.
Одоо харин сонгуулийн дараах албан ёсны мэдэллээ МАХН хийхгүй байгааг нь бодоход гэнэтхэн гэмээ ухаарч, ичсэн нэрэндээ үг ч цухуйлгаж чадахгүйд хүрсэн юм даг уу даа.
Ийм л байна МАХН. Тийм ч болохоор яалт ч үгүй энэ удаагийн сонгуульд хамгийн инээдтэй бүр хөөрхийлөлтэй хүмүүсээр тодрох нь гарцаагүй. Эзэнгүй айл шиг болсон МАХН-ынханд их удирдагчийг нь эргүүлэн өгөх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )