”Чингис бонд”-ын мөнгийг халамж болон төсвийн алдагдалд ашиглахгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 06

 

Монгол улсын Засгийн газраас 1.5 тэрбумын Чингис бондыг гаргасан нь амжилттай арилжаалагдсан билээ.  Тэгвэл бондын мөнгө манай улсын данс руу шилжиж орж ирсэнтэй холбоотойгоор  Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ, Засгийн газарт хандан зөвлөмж гаргасан байна.

 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая энэхүү зөвлөмжөө Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар,  Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал зэрэг  холбогдох албаны хүмүүсийн хамт сэтгүүлчдийн дэргэд тайлбарлалаа.  Тодруулбал: Өнөөдрөөс эхлээд бид жилд 70 гаруй сая ам.долларыг төлсөөр  арван жилийн дараа гэхэд нэг тэрбумыг эргүүлэн төлөх болно. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн  Монгол улс  иргэнээсээ эхлээд Ерөнхийлөгч хүртлээ бүгд хариуцлагатай улс байх ёстой.  Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл чинь үр дагавартай шүү” гэдгийг онцлов.  Мөн тэрбээр УИХ-д хандан  "Үнэт цаасны зарцуулалт, эргэн төлөлтөт тавих хяналтад шаардагдах нэмэлт хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх. Мөн  ЗГ-ын үнэт цаасны зарцуулалт, төсвийн сонголт хэрэгжүүлэлтэд тавих хяналтыг  УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хариуцах,  үнэт цаасны үйлчилгээ, үндсэн төлбөрийг барагдуулах, төсвийн эх үүсвэртэй  уялдахад тавих хяналтыг  Төсвийн байнгын хороонд хариуцуулсан юм.

Монгол улсын  Засгийн газарт  бондын мөнгөөр санхүүжигдэж байгаа төсөл хөтөлбөрөө УИХ-д танилцуулж байхыг зөвлөмжид тусгасан байна.  Монгол усын эдийн засаг, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үр ашиг, эргэн төлөгдөх баталгаа бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд санхүүжүүлэх хэрэгтэй гэлээ.  Харин нийгмийн халамж болон төсвийн алдагдалд энэхүү мөнгийг ашиглахгүй байхыг анхаарууллаа.  

Дээрх бондоор санхүүжигдэж байгаа бүхий л үйл ажиллагаа бүх нийтэд ил тод байх ёстой бөгөөд ҮАБЗ мөн энэ ажилд тодорхой хэмжээгээр хяналт тавих болно гэдгийг  Монгол улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top