Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагийн 11.00 цагт зохион байгуулдаг сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11 уулзалт өнөөдөр боллоо. Энэ удаагийн уулзалт Ардчиллын баярын өдөр буюу 12-р сарын 6-ны өдөр тохиож буйгаараа онцлог болж байна. 2000 оны 12-р сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх намууд нэгдэж байсан түүхтэй. Баярын өдрүүд энэ сарын 10-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг тус намын Ерөнхий нарын бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь болон нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Д.Анхбаяр нар хэвлэлийнхэнд танилцуулсан юм.
Энэ үеэр Ц.Оюундарь дарга Ардчилсан хувьсгал ялснаас хойш бидэнтэй хамт байж ардчилал цэцэглэх бүхий л мөчид биднийг дэмжиж өнгөрсөн 23 жилийн турш улс орноо нуруундаа үүрч ирсэн баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэх арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно. Үүнээс гадна нийгмийн зорилтот бүлэг буюу 17 настнуудад баярынхаа нэг өдрийг зориулахаар болсон байна. 17-тнууд маргааш 14.00 цагт Буянт-Ухаа дахь спорт цогцолборт цуглаж, эрүүл амьдрал, идэвхитэй хөдөлгөөн, ирээдүйн мэргэжил сонголт, их бүтээн байгуулалтын мэдээлэлтэй танилцаж, бүжиглэх юм байна. Өнөөдрийн 17 настнууд ирэх жил 18 хүрч, анх удаа Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх юм. Мөн сурагчдын дунд сонгох эрхийн мэдлэгийн талаар санал асуулга явагдах ажээ. Харин энэ мэдээллийн дараа сэтгүүлчид орон нутгийн сонгуулийн үр дүн болон Засаг дарга нарын томилгоо, МАХН засгаас гарах болсон талаарх асуултад хариулт авлаа.
МАХН хамтарсан Засгаас гарахаа мэдэгдсэн. Ийм тохиолдолд АН ямар арга хэмжээ авах вэ?
-МАХН-ын Гүйцэтгэх товчооноос тийм шийдвэр гаргасан. АН Засгийн газраа байгуулахдаа “Шударга ёс” эвсэлтэй гэрээ байгуулсан. “Шударга ёс” эвсэлд МАХН болон МҮАН гэсэн хоёр нам багтдаг. Тиймээс эвслээс шийдвэр гаргасны дараа Засгийн газрын цаашдын үйл ажиллагаа шийдэгдэнэ.
-“Шударга ёс” эвсэлтэй гэрээ байгуулахдаа ямар нэгэн нам Засгаас гарсан тохиолдолд хэрхэх талаар тусгасан уу?
-Таавар тааж байгаа шиг асуудалд хандаж болохгүй. Гэрээнд салбал ингэнэ, нийлбэл ингэнэ гэж гэрлэлтийн гэрээ шиг заагаагүй. Ямар үүрэг хариуцлагатай ажиллах вэ гэдгийг л заасан.
-Ер нь аль нэгэн нам Засгаас гарах тохиолдлыг тооцож үзсэн үү?
-Мэдээж тооцсон. Гэхдээ үүнийг хэлэх нь эрт байна. Сайд нарын тэн хагасаас илүү нь ажлаа өгөх санал гаргасан тохиолдолд Засгийн газар огцордог. МАХН-ын сайд нар Засгаас гарлаа ч нийт сайд нарын тэн хагаст хүрэхгүй учраас Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай.
-МАХН-ын зүгээс албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн үү?
-Ирүүлээгүй байгаа. Бид иргэдтэй ижилхэн хэвлэлээс л мэдээлэл авч байгаа.
-Зарим аймаг ирэх оны төсвөө батлаагүй байгаа гэсэн. УИХ ирэх оны төсвөө хугацаандаа батлахгүй бол тардаг. Харин аймгуудын хувьд үүнийг хэрхэн шийддэг юм бол?
-Орон нутгийн сонгууль оройтсонтой холбоотойгоор УИХ-аас тусгайлан хандаж байгаа. Гэхдээ ганц хоёрхон аймаг л оройтож байгаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )