З.Энхболд: Төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 06

Өнөөдөр 12 дугаар сарын 6-ны өдөр. Ардчиллын төлөөх намууд нэгдэж, Ардчилсан нам байгуулагдсаны 12 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Баялаг бүтээгчдэд талархъя" уулзалтанд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд хүргэлээ.

З.Энболд: Сүүлийн 22 жил эх орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдруулах хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлсэн баялаг бүтээгчид та бүхэн, одоо хийгдэх их бүтээн байгуулалтын эзэд билээ. Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, ил тод байдлыг тунхаглан зарлаж, зах зээлийн эдийн засгийн шинэ харилцааг  эхлүүлсэнээр ардчилсан хувьсгал зөвхөн улс төрийн системийг бүхэлд нь өөрчилсөн төдийгүй зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх суурь үндсийг тавьсан юм.

Бидний хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг рүү шилжих, хувийн хэвшлийг үүсгэн хөгжүүлэх нь шинэ зүйл байсан. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй байсан нийгмээс хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засагт шилжих явцад хүнд бэрхшээлтэй урт замыг туулж, алдаж оносон ч зүйл бий. Хөгжлийн зөв замаар улс орноо хөгжүүлсэн гэдгийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрсний илэрхийлэл нь энэ удаагийн бүх шатны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулснаар илэрхийлэгдэж байна. Малыг малчдад, орон сууц болон газрыг иргэдэд нь өмчлүүлж, өмчийг эзэнд нь хүргэж, Монгол хүн бүрт чөлөөтэй бизнес эрхлэх эрх зүй, эдийн засгийн боломжийг бүрдүүлж өгсөн. Өмчтэй хүн аливаа асуудалд шуурхай, хариуцлагатай, үнэнч шударга, зохион байгуулалттай ханддаг гэдгийг бид мэддэг болсон.

Монгол Улсын Их Хурал Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлж, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах, бүх талын түншлэлийг дэмжих замаар эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг сайжруулах замаар түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал юм. Монгол Улсаа сайн засаглалтай, дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлагад тохирсон, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн, эдийн засгийн чадамжтай улс болгон хөгжүүлэх нь төрийн бодлогын салшгүй хэсэг байх болно. Уул уурхай, дэд бүтэц, эдийн засгийн тэргүүлэх салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг эзэлж байна. Энэ бүгдэд та бүхний оруулсан хувь нэмэр, идэвх санаачилга, хичээл зүтгэл чухал үүрэг гүйцэтгэснийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна.

Та бидний эдийн засгийг хөгжүүлэхэд оруулж буй бодит хувь нэмрийн үр дүнд өнөөдөр 66.5 мянган хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид нийт 559.7 мянган ажиллагсад ажиллаж байна. Энэ нь нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 61.4 хувь нь хувийн хэвшлийн салбарт ажиллаж байна гэсэн үг. Өнөөдөр баялаг бүтээгч хувийн хэвшлийнхэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж  байна.

Энэ удаагийн Улсын Их Хурал, Засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж,  бизнест ээлтэй орчин бүрдүүлэх зорилтыг тавьж, Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой болгож, баялагийг бүтээгч хувийн хэвшлийн үйл ажиллагааг эрх зүй, татварын бодлогоор дэмжих, хүнд суртал, авлигалаас ангид байлгах болно. XXI зуунд Монгол Улсаа хүчирхэг, олон талт эдийн засагтай, баялагийг бүтээгч орон болгон хөгжүүлэхэд Та бүхний идэвхи санаачилга, хүчин зүтгэл, бидний хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

Баялаг бүтээгч Та бүхэнд талархал дэвшүүлж, та бидний цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье" гэв.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top