МАХН-ын дарга Н.Энхбаярт эрх мэдлээ урвуулан ашиглаж төрд их хэмжээний мөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон учир хоёр шатны шүүхээс дөрвөн жил хорих ял оноогоод байгаа. Түүнд өнгөрсөн наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноосноос хойш Цагдан хорих 461-р анги буюу "Ганц худаг"-т хоригдож байгаад биеийн байдал гэнэт муудсан гэх шалтгаанаар наймдугаар сарын 20-ноос өнөөг хүртэл Сайд нарын гэх тодотголтой Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа юм.
Түүний хэргийг хянах Дээд шүүхийн хурал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болох товтой байсан хэдий ч өмгөөлөгчдийн хүсэлтээр долоо хоногийн хугацаатайгаар хойшлогдсон билээ. Ийнхүү МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэргийг хянах Дээд шатны шүүх хурал өнөөдөр болох нь тодорхой юм.
Тус шүүх хуралд Н.Энхбаярын хамт До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар шүүгдэгчээр оролцоно. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагар бол хэрвээ хяналтын шүүх эсрэг шийдвэр гаргавал иргэн Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэнэ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )