Тэртээх 23 жилийн өмнөх цагаан морин жил гараагаа эхэлсэн Монголын ардчиллын түүхийн тэмдэглэлт хоёр үйл явдал болох 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Залуучуудын соёлын төвийн үүдэнд МОАХолбооны анхны цуглааныг Ц.Элбэгдорж нээн МОАХолбоо байгуулагдсныг мэдэгдэн, дараа нь ардчиллын анхны “алтан хараацайнуудын” нэг болох сэтгүүлч С.Амарсанаа улс төрийн 13 шаардлага бүхий өргөн барих бичгээ уншиж Монгол оронд Ардчилсан хувьсгал эхлүүлж байгаагаа тунхаглан зарлаж байсан, мөн 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд тэр үеийн МҮАН, МСДН, Шашинтны ардчилсан нам, Сэргэн мандалын нам, Монголын ардчилсан нам гэсэн таван нам нэгдэж АН гэдэг намыг байгуулж байсан өдрүүдийг дурсан, энэ жил арванхоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Ардчиллын баярыг тэмдэглэхээр боллоо. Үнэхээр ч эдгээр үйл явдлууд нь ардчиллыг дээдэлдэг, үнэ цэнийг нь ойлгодог хүмүүсийн хувьд байнга дурсан санаж, баярлан тэмдэглэж байхаас аргагүй, тийм чухал өдрүүд!
Харин энэ дашрамд, баярлан тэмдэглэхээс гадна талархан дурсууштай зарим нэгэн хүчин зүйлс, хүмүүс байсныг эргэн санахад илүүдэхгүй болов уу.
Тухайн үед хойд хөрш Зөвлөлт оронд эхлээд байсан “перестройка”-ын их давалгаа манайд ардчиллын уур амьсгал бүрэлдэхэд ихээхэн нөлөөлж, зөвөөр сэтгэдэг шинэлэг залуусын үзэл суртлын гол зэвсэг болж байсан гэхэд хилсдэхгүй байх. Мөн тэр үед төр засгийн эрх мэдлийг атгаж байсан Жамбын Батмөнх тэргүүтэй “хуучин” МАХН-ын Улс Төрийн Товчооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ухаалаг шийдвэрийг гаргаснаар манай оронд ардчилсан хувьсгал энхийн замаар ялсан билээ. Энэ өнцгөөс харахад, эдгээр соц. нийгмийн сүүлчийн дарга нараа дурсан талархах нь зүйн хэрэг гэлтэй. Хэрэв тэд эрх мэдэл, албан тушаалаа дээдлэн үзэж, Хятад, Хойд Солонгос шиг нухчин дарах бодлого баримталсан бол юу болох байсныг төсөөлөхийн аргагүй...
Өнгөрсөн түүхээсээ сайн зүйлийг нь авч, саар зүйлсийг гээх замаар ирээдүйгээ чиглэн замнавал бидний алдаа, оноо харьцангуй эерэг талдаа байх болов уу. Тэр үеийн “том дарга нарт” хаа очиж, идэж уух их хүсэл, эх орноо зарж худалдах илт шунал байсангүй. Бидний ярьдагаар бол “их коммун” хүмүүс байж дээ!
Төр засгийг олон жил удирдсан Жамбын Батмөнх агсан гэхэд маш даруухнаар амьдарсаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Бүх байр сав, бэлэг дурсгалын зүйлсээ улсдаа тушаан, 13-р хороололд энгийн жижиг байранд амьдралын сүүлийн жилүүдээ өнгөрүүлсэн. Хуучин орос драпан пальтотойгоо, даавуун тор барин, Монголын нэгэн үеийн лидер, намуухан бор өвгөн Баянзүрх хүнсний захын лангуунуудаар махны үнэ асуугаад явж байсныг тэр хавийнхан андахгүй.
Ийм л хүмүүсээ бид Ардчиллын өдрүүдийн баяр хөөрөөр бялхаж байх үедээ ч марталгүй дурсан санаж, сэтгэлдээ ч болов сүслэн талархаж байвал буян болох буй заа!
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 1 )
Арай ч дээ 351 тарвага алсан этгээдийг ял өг тарвагыг нь шинжлээд борлуулж улсын орлого болго энэ бол сүлжээний анчин цаана нь авдаг этгээд байгаа даа