Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2012.12.11/  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг явуулахтай холбогдсон харилцааг илүү нарийвчилсан зохицуулалтаар зохион байгуулахаар тусгасан байна. Иргэний цахим үнэмлэхээр, автоматжуулсан системийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах бөгөөд гарч болзошгүй аливаа хэрэг маргааныг бодит баримтын дагуу шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагч гишүүд хэлж байна. Түүнчлэн Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн үзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь 13 бүлэг, 69 зүйлтэй. Төслийн үзэл баримтлалд заасан үндэслэл, шаардлагын дагуу дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулиар Монгол Улс анх удаа гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийнхээ саналыг авсан. Иймд 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн саналыг авах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр зохицуулсан байна.

Мөн төсөлд тусгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажилд УИХ-ын болон аймаг, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай адил төрийн албан хаагчид оролцох юм. Үүний зэрэгцээ сонгуулийн сурталчилгааг хуулийн нарийн зохицуулалтаар хянахаар тусгажээ.  

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн чанар сайжрахаас гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэгмөр хангах нөхцөл бүрдэх болно гэдгийг ч төсөл санаачлагч гишүүд УИХ-ын даргад танилцуулсан юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top