Ямар өнгөтэй дипломтой вэ гэж хардаг цаг ард хоцорсон. Юу хийж чаддаг, ямар чадамжтай мэргэжилтэн бэ гэдгийг үнэлдэг болсон. Тиймээс дипломтой болох биш чадамжтай болохын төлөө зүтгэх хэрэгтэй гэж “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Шинэчлэлийн Засгийн газраас сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 14 цагаас уламжлалт болгон зохион байгуулдаг иргэдээ сонсож, тэдний саналыг шийдвэртээ тусгах зорилго бүхий “Шинэчилж шийдье-222” дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг “Баялгийг бид бүтээнэ” гэсэн нэрийн дор Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш оюутнууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, ажил олгогч компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцсон юм.
Шинэчлэлийн Засгийн газар “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгох зорилт тавьж ажиллаж байгаа. 21 аймагт хөдөлмөр эрхлэхэд зуучлах төв байгуулсан, нийслэлийн 9 дүүргийн 150 хороонд электрон бирж байгуулсан, ирэх жилээс ийм биржийг хөдөө сумдад байгуулахар бэлтгэж байгаа талаар Хөдөлмөрийн сайд Санжмятав хэллээ. Хөдөлмөрийн насны залуучууд хөлсний ажил хийхээр гадаадыг зорьдог, мөн гаднаас хямд ажиллах хүч авдаг урсгалыг таслан зогсоохын төлөө Хөдөлмөрийн яамыг байгуулсан. Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой сайхан амьдрах учиртай гэж тэрбээр хэллээ.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 50, хувийн өмчийн 29 сургалтын төвд 50 мянга гаруй хүүхэд, залуус сурч байгаа. Төгсөгчдийг ажлын байраар хангах, аж ахуйн нэгж, компаниудаас ажлын байрны захиалга авч, энэ эрэлтийн дагуу элсэлтээ авдаг болоход ирэх жилээс анхаарна. Мэргэжлийн зэрэг, түвшнийг үнэлдэг тогтоолцоо бий болгохоор зорьж ажилаж байгаа талаар Хөдөлмөрийн яамны харъяа Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга М.Жадамбын илтгэлд дурдагдаж байлаа.
Хөнгөн үйлдвэрийн салбарт боловсон хүчин хангалтгүй байгаагийн дээр хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаггүй, ойрын 3-5 жилийн ажлын байрны эрэлтийн судалгааг гаргаж байж сургалт явуулах, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж чадах мэргэжилтэн цөөхөн байгаа, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн багш нарын нийгмийн асуудал тааруухан зэрэг олон санал гарлаа.
Хэлэлцүүлгийг хааж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэхдээ санал, зөвлөмж бүрийг нэг бүрчлэн судалж, тусгаж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Манай компани, аж ахуйн нэгжид ийм мэргэжилтэн хэрэгтэй байна гэсэн захиалгаа МСҮТ-д өгөх, оюутан залууст чухам юу сургавал шаардлагатай байгаа талаар багш нар ажил олгогчдоос асууж уялдаатай ажиллахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад зөвлөөд ирэх хавраас манай улсад бүтээн байгуулалтын олон ажлууд өрнөж эхэлнэ. Хэлэлцүүлгийн үр дүн үүнд чиглэгдэж байгааг тэмдэглэлээ. Ингэхдээ заавал 2,5 жил сургана гэсэн хатуу зарчим барихгүй, үйлдвэрлэлийн дадлага давамгайлсан аргаар сургаж, дадлагажуулна гэдгийг онцолж байлаа.
Шинэчлэлийн Засгийн газар 21 аймгаа нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбоно, шинэ төмөр зам, гүүрэн гарцууд барина, орон сууцны хөтөлбөрийг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ, нефть болоод дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтад мэргэжилтэй монгол залуусын оролцоо чухал гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.
Улс хөгжихөөр иргэн Доржийн амьдрал ахуй дээшилдэг биш, Доржийнх өөдөлж дэвжвэл улс орон хөгждөг. Тиймээс манай залуучууд өөрсдөө хичээж ирээдүйнхээ төлөө зүтгэх цаг нь ирсэн. Өөрийгөө чавдаржуулж, сургалтад хамрагдан мэргэжил эзэмшиж, хичээж ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )