Засгийн өөдөөс сөрвөлзвөл хариу өрвөлзөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Манайхан номхон тэмээг ноолоход амар гэдэг дээ. Гэтэл цаг үе нийгмээ дагаад зөвхөн номхон тэмээг ноолох биш доод шатныхаа нөхдүүдийг ноолдог, шоглодог гажиг тогтолцоо жирийн үзэгдэл болсон. Ялангуяа улстөржилт газар авч энэ өвчнөөр хүнд өвдөж “хорт хавдар”-ын шатандаа шилжиж байгаа нөхдүүд бусдыгаа илүү ноолдог. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар номхон тэмээг биш сөрөг хүчнээ, эвслээ ноолж эхлээд чамгүй хугацааг үдэж байна. Ардчилагчид нийгмээ өөрчлөх, шинэчлэл хийхийн тулд дээд доод шатны удирдах албан тушаалтыг бүгдийг нь хоморголон халж сольж, өөрийн гар хөлийн үзүүрээ уртасгаж байна.

Үүнээс гадна шинэчлэлийн Засгийн газарт багтсан эвслийн хэдэн нөхдүүдийнхээ амыг нь үдэхийн тулд элдэв арга хэрэглэж бүр сүүлдээ албан тушаалын наймаа хийсний нэг нь Монголын төмөр зам ТӨХК-ийн даргын суудал байсан билээ. Эл томоохон айлын эзнээр АН-аас угшилтай М.Энхсайханыг чимээ анир багатайхан томилсон боловч хэдхэн хоногийн дараа ийнхүү гэнэтхэн үдсэн нь төмөр зам барих асуудалтай холбоотой. Гэхдээ дарга цэргийн суудал, эзний эрх ашгийн тухай бус албан ажлынхаа талаар санал зөрөлдөх бүр муудалцах тохиолдол мэдээж гарна. Харин засгийн газрын эрхийг барьж буй намын таалалд нийцүүлээгүй гэх шалтгаанаар ийм цөөхөн хоног даргын суудалд тухалсан албан тушаалтан түүхэнд цөөн биз.

Энэ удаагийн халаа сэлгээний асуудал ийм хурдацтайгаар өрнөсөн нь Шинэчлэлийн Засгийн газрын өөдөөс сөрвөлзвөл хариу өрвөлзөж хатуухан шийтгэл хүлээлгэх болно гэдгээ АН-ынхан дохиоллоо. Өөрөөр хэлбэл угийн харшилтай болсон М.Энхсайханаар ийн тоглож байгаа нь ач холбогдол өгч байгаадаа ч биш зөвхөн сор залах, бусдад нь дохио өгөх гэснийх ч байж мэднэ. Бас хэрүүлийн алим болсон царигийн асуудалтай ч холбоотой.

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл өргөн төмөр зам тавих ёстой. Энэ талаар УИХ-аас төмөр замын бодлогыг тодорхойлчихсон гэсэн байр суурь илэрхийлсэн бол М.Энхсайхан “Урд хил рүү тодруулж хэлбэл, Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нарийн төмөр зам тавих ёстой” гэсэн байр суурь барьснаас үүдэн асуудал болжээ.

Үүнээс гадна “Эрдэнэс тавантолгой” компанийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлэл хийжээ. Энэ үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Уул уурхайн сайд руу хатуу үгээр “чулуу” шидсэн гэх зэргээр асуудал ар араасаа хөвөрсөн учраас үүрэгт ажлаас нь халахаас өөр гарцгүй болсон гэх “бор шувуу” төрийн ордонд байна.

А.Одон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top