Хаягжуулалтын тухай хуулийн төсөл өргөн барина

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хаягжилтын шинэчлэлийг хийхээр заасны дагуу гудамж талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр Хаягжуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Уг төсөлд хуулийн зорилт, гудамж, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим, хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдох үндсэн зохицуулалтыг тусгасан байна. Хаягжуулалтыг зөвхөн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө, гудамж, талбайд хийхээр тусгажээ.

Үнэн зөв, энгийн, ойлгомжтой, дахин давтагдашгүй байдлаар хаягжуулах нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин, нөхцөлийг боловсронгуй болгоход ач холбогдолтой. Түүнчлэн иргэдийн эзэмшилд байгаа бүртгэлд хамрагдаагүй хөрөнгийг бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, шуудангийн болон бусад төрлийн илгээмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх боломж, нөхцөлийг сайжруулахад хаягжилтын шинэчлэл чухал нөлөө үзүүлнэ.

Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.   


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top