“Сая дэлгэрч байгаа хавар цаг шиг сайхан, насан үүрдийн идэр залуу гэмээр үлгэрийн ертөнц хүүхэд, хөгшин хөвөө хэнийг ч болов адилхан эзэмдэн татаж өр нимгэн, цэцэн цэлмэг ухаантай үлгэрч нар бид бүгдийн чин үнэнч анд нөхөд болон хувирдаг авай.Зохиосон үлгэр нь түүнд даян дэлхийн алдар хүндийг авчраагүй боловч тэрний алдар суу хэдэн зууны турш алдаршсан түгсээр амой.” гэж номын оршил болгон эмхэтгэн хэвлүүлэгч А.Махова бичиж байсан юм.
1983 онд Москва хотын “Детская литература”\Хүүхдийн уран зохиол\ хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Леонардо да Винчигийн “Сургаалт үлгэрүүд” номын чимэг зургийг Светозара Острова гүйцэтгэсэн байдаг.
1970-аад оны сүүлээр алдарт зураачийн төрөлх хот Флоренцийн “Жунти” хэвлэлийн газраас эмхэтгэн гаргасан үлгэрүүд арваад жилийн дараа Зөвлөлтийн уншигчдад хүрсэн нь энэ ажээ.
Ном соёлыг эрхэмлэн дээдлэгч манай эрдэмтэн мэргэд ч төдийлэн удалгүй энэ сайхан номыг орос хэлнээс шамдан хөрвүүлсэн билээ.
Нэрт орчуулагч Цэвэгжавын Цэрэн гуайн орчуулгаар 1987 он гэхэд Монгол уншигчдын гар дээр хэдий нь очсон байлаа.Тэр үеийн олон дамжлага зөвшөөрөл, ном хэвлэсэн хугацааг тооцохоор манайд маш хурдан олны хүртээл болсон байна.
ОХУ-ын “АСТ” хэвлэлийн газраас эрхлэн Леонардо да Винчигийн “Сургаалт үлгэрүүд” ном шинэчлэн баяжуулсан найруулгаар худалдаанд гараад байна.
Италийн сэргэн мандалтын нэрт төлөөлөгч суут зураач, зохион бүтээгч ,нэрт эрдэмтэн түүнийг мэдэхгүй хүн үгүй ч үлгэрч байсаныг нь мэдэх нэгэн одоо ч ховор нь нууц бишээ.
Түүхийн мартагдахын их тоос , дайн тулааны хөлд Леонардо да Винчигийн булш оршил ул мөргүй дарагдсан ч азаар түүний хосгүй ховор гар бичмэлүүд үлдсэн байна.Хорвоогоор нэг тарсан түүний баялаг өв 7000 гаруй хуудас байдаг гэнэ.
Суу билэгт тэрбээр насан туршдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байжээ. Гэхдээ тэр нь бидний заншсан хувийн намтар сэлтээс огт өөр байсан байна.Товчхондоо тэрээр өөрийнхээ тухай огт бичдэггүй байжээ. Үзсэн харсан дуулсан бүхнээ байгаль дэлхий ан амьтан ,ургамал цэцэгсийн ертөнцтэй хүүрнэх мэт ёгтлон далдлаж өгүүлдэг ажээ. Ингээд л сургаалт үлгэрүүд нь төрсөн хэрэг.
Леонардо да Винчи нууцаар бичих онцгой сонин аргуудыг бодож олж нэг мөрийг нөгөөд орлуулах , далд утгатай билэгдлийн дүрс бичгүүдийг ихээр ашигладаг байсан юм.
Мөн баруун талаас зүүн тийш бичдэг байсан тул тэрхүү бичгийг зөвхөн толины тусгалын тусламжаар тайлах боломжтой гэнэ.
Хэдэн зууны турш эрдэмтэн шинжээчид түүний гар бичмэлийн нууц кодыг тайлахаар нягтлан судласаар ирсэн бөгөөд өнөөдөр ч шинэ баримтаар баяжсаар байна.
Леонардо да Винчигийн сургаалт үлгэрүүдэд тайлагдашгүй нууц их байгаадаа л урт настай байгаа билээ.
Леонардо да Винчигийн сургаалт үлгэрүүдэд зориулан шог зураач LUMO\ Л.Мөнхбатын \ хошин чимэглэлээр бүтсэн “Люмерпа ”нэртэй ном 2005 онд уншигчдын гар дээр очиж байсан юм.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 2 )
?
Misheel ih saihan medee oruuljee.lumogiin ter nomyg zarj bgaa gazar baiv** helj uguuch.